Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ МОНГОЛЫН АНХНЫ СУРГАЛТЫН ЭМНЭЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО

Монгол Улсад анх удаа Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд АШУҮИС-ийн дэргэдэх Япон-Монголын Сургалтын эмнэлгийн барилга өнөөдөр ашиглалтад орлоо. Монгол Улсын Засгийн Газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд ЖАЙKA олон улсын байгууллагаас 85 сая ам.долларын буцалтгүй тусламжаар тус эмнэлэгийг барьж ашиглалтанд өгч буй юм.

Энэхүү эмнэлэг ашиглалтад орсноор АШУҮИС-ийн багш, оюутнууд сургалт хийхээс гадна амбулатори, хэвтэн эмчлүүлэх тасаг бүхий 104 орны хүчин чадалтайгаар эмнэлэгийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх юм. Түүнчлэн MRI, CT, ангиографи гэсэн шинэ дэвшилт технологийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлээд зогсохгүй “өвчтөн төвтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ”, “эмнэлгийн тусламж үйлчилгээг багаар үзүүлэх” зэрэг япон эмнэлгийн менежментийг хэрэгжүүлэх аж. “Өвчтөн төвтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ” нь өвчтөнд ойр, өвчтөнд таатай байх тусламж үйлчилгээг үзүүлж, өвчтөнд дэмжлэг үзүүлэх төвийг байгуулж, эмнэлэгт хэвтэх, эмнэлгээс гарахад өвчтөн болон тэдний ар гэрт учрах ачааллыг бууруулах үйлчилгээ аж.

2016 оны гуравдугаар сард эхлүүлсэн эмнэлгийн барилгын ажил дууссан бөгөөд ирэх зургадугаар сараас үйл ажиллагаагаа бүрэн эхлүүлэхээр төлөвлөсөн байна. 

 

Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөх Ж.Амарсанаа, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаока, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Б.Наранчулуун, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон болон албаны бусад хүмүүс, оюутан сурагчид, эрдэмтэн багш нарын төлөөлөл оролцлоо.

 

1 Сэтгэгдэл
Сайхан эмнэлэг байна Одоо Сургуулийн барилгыг хурдан бариад нүүлгэх хэрэгтэй дээ Тэгээд Анагаахын одоогийн байрыг нураагаад нийтийн эзэмшлийн талбай нэгдүгээр эмнэлгийн машины зогсоол болговол үнэхээр үр дүнтэй бага ч болов хэрэгтэй зүйл болно доо
Хамгийн их уншсан