Улаанбаатар хотноо Монголын уул уурхайд хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт энэ сарын 30-31-нд болж зүүн хойд Азийн түүхий эдийн асуудлаар санал солилцоно гэж Zabinfo.ru сайт мэдээллээ. «Discover Mongolia» чуулга уулзалтад бизнесийн салбарын 2000 орчим төлөөлөгч оролцох юм байна. Энэ уулзалтын анхаарлын төвд парламентын сонгуулийн дараа Монголын улс төр тогтвортой байх эсэх, Хятадын эдийн засгийн өсөлт буурч байгаа тухай, Монголд гадаадын хөрөнгө оруулалтыг татахад эрх зүйн болон дэд бүтцийн хөгжил хэр нөлөөлж буй талаарх асуудлууд багтаж байна. «Discover Mongolia» чуулга уулзалт зохион байгуулах хорооны гишүүн Д.Жаргалсайханы хэлж байгаагаар бол энэ уулзалтаар Монголын уул уурхайн салбарт хамтран ажиллах, Зүүн хойд Азид түүхий эд, байгалийн баялгийн зах зээлд өрсөлдөх тухай ярилцах юм байна.