Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор “мөнгөний” эрэлд галаа


Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын мастер төлөв­лөгөөг боловсруулсан АНУ-ын “Бектел” компанийнхан хөрөнгө оруулагчдад тайлангаа тавилаа. Урьдчилсан байдлаар Сайншандад есөн хүнд үйлдвэр барих төсөөлөлтэй бай­сан бол “Бектел” ком­па­нийнхны судалгаагаар зур­гааг барих боломжтой гэсэн дүгнэлт гарчээ. Энэ нь, хар төмөрлөг, нүүрс хийжүүлэх, зэс хайлуулах, цемент, кокс, газрын тос боловсруулах үйлдвэр гэнэ. Энэ талаар тус компанийн Азийн ерөнхийлөгч Стивин Катзман хэлэхдээ “Сайншанд аж үйлдвэрийн цогцолборт корпорац, сангийн гээд ямар ч төрлийн хөрөнгө оруулалт хийж болно. Хамгийн түрүүнд цементийн үйлдвэр  барих боломжтой. Бүх үйлдвэрийг барьж дуусгахад 6-7 жилийн хугацаа шаардлагатай. Нэмж усны хайгуул хийх хэрэгтэй” хэмээв.
Эдгээр үйлдвэрийг бари­хад 9.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруу­лалт шаардла­гатай аж. Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны Сал­ба­рын хөгжил, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын дарга Б.Ганбаатар ”Нийт хөрөнгө оруулалтын 5.5 тэрбум ам.долларыг ху­вийн хэвшил, үлдсэн 3.7 тэрбумыг нь төр, хувийн хэвш­лийн түншлэлийн гэрээгээр санхүүжүүлэх боломжтой. Мас­тер төлөвлөгөөг боловс­руулсан “Бектел” компанийнхан ч хувийн хэвшлийнхэнд тай­лан­гаа тавьж байгаа нь учиртай. Эл цогцолбор хувийн хэвшлийнхэнд тулгуурлан босч, Сайншанд хот төдийгүй Монгол Улсад дотооддоо нэмүү өртөг шингэсэн, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын эрэлт хэрэгцээг хангах, экспортлох, ДНБ-ий хэмжээг өсгөх юм. ЗТБХБЯ-ны урьдчилсан тоо­цоогоор Сайншанд аж үйлд­вэрийн цогцолборыг ашиг­лалтад оруулснаар 2010-2021 онд ДНБ-ий өсөлт 45 хувь буюу 41,000.0 сая ам.долларт хүрч, шууд ажлын байр 76 мянга, шууд бус ажлын байр 152 мянган хүн ажилтай болно гэж гаргаж байсан юм” хэмээв. Харин эл үйлдвэрийг ашиглалтад орууллаа гэхэд боловсон хүчний хомсдолд орох эрсдэлтэй байгаа. Үүнийг хэрхэн шийдвэрлэж буйг түүнээс тодруулахад “Засгийн газарт санал хүргүүлсэн. Одооноос МСҮТ, гадаад, дотоодын их сур­гуульд боловсон хүчнээ сургах, шаардлагатай нарийн мэргэжлийн анги шинээр нээх зэргээр анхаарч ажиллах байх” хэмээв.
Ямартай ч “Бектел” ком­панийнхны зөвлөснөөр дээрх зургаан үйлдвэрийг Сайншандад эхний ээлжинд 2300 хүний ажлын бий болох аж. Үйлдвэрийг дагасан ханган нийлүүлэлт, нийгмийн дэд бүтцийг нь оруулбал 20 мянган хүн амтай аж үйлдвэрийн хот сүндэрлэнэ гэсэн үг. Гол нь, эл бүгдийг байгуулахад хөрөнгө оруулалт хамгийн чухал.

Тэгвэл  хөрөнгө оруулалтыг нь саадгүй шийдэх өгөх үүргийг Хөгжлийн банк хүлээлгэжээ.
Энэ талаар тус банкны Зээлийн газрын мэргэжилтэн О.Очоос тодрууллаа.


-Цогцолборын мастер тө­лөвлөгөөний санхүүгийн зөв­лөхөөр ажиллахаар бол­с­­он. Эхний ээлжинд ямар ажил хийх вэ?
-Бид эл мастер төлөв­лөгөөтэй танилцсаны дараа хөрөнгө оруулалтаа хаа­наас босгох боломжтой та­лаархи судалгаа хийнэ. Нийт хөрөнгө оруулалтын 5.5 тэрбум ам.долларыг хувийн хэвшил, үлдсэн 3.7 тэрбумыг нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр сан­хүү­жүүлэх боломжтой гэд­гийг ч мастер төлөвлөгөө боловс­руулсан АНУ-ын “Бектел” компанийнхан ч хэллээ. Шаард­­лагатай бол эхний ээл­жийн хөрөнгө оруулалтыг ма­най банк өгч болох юм.

-Эхний ээлжинд гэхээр хэ­дэн төгрөг өгнө гэсэн үг вэ?
-Манай зүгээс шаард­ла­га­тай тохиолдолд өгнө бай­гаа юм. Төслийн нарийн зураг­лал гарсны дараа хэд гэдэг нь тодорхой болно. Монголын эдийн засагт нөлөөлөх том төсөл учраас манай банк санхүүгийн зөвлөхөөр ажиллах гэж байна.

-Мастер төлөвлөгөө гар­чихлаа. Хөрөнгө оруулалтаа хаанаас олох вэ. Стратегийн томоохон үйлдвэр учраас гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаа тэнцвэртэй оруулах байх?
-Одоогоор, хаанаас хөрөн­гө оруулах талаар нарийн мэ­дээлэх боломжгүй.
Ийнхүү Засгийн газраас эхний ээлжинд Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын захиргааг байгуулах шийдвэр гаргажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан