Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хороо хуралдаж морь уралдах хуваарь, зайг шийдвэрлэжээ. Хүй долоон худагт хурдан морины уралдаан 7-дугаар сарын 10-нд эхэлнэ. Энэ өдөр хязаалан, шүдлэн, 11-нд азарга, их нас, 12-нд соёолон, дааганы уралдаан болно. Харин 7-дугаар сарын 13-нд болох Уяачдын наадмаар гурван насны эрлийз морины уралдаан зохион байгуулна.
Засгийн газрын 2005 оны 119 дүгээр тогтоолын дагуу хурдан морь уралдах зайг тухайн жилд нь тогтоодог. Энэ дагуу морь уралдах зайг тогтоолоо. Тухайлбал, азарга, соёолон насны морьд 23, их нас 25, хязаалан 17, шүдлэн 14, даага 12 км газраас тус тус уралдах болжээ.
Үүнээс гадна морь уралдах хамгийн хол зай болох 25 км газраас бариа хүртэл камержуулж, хяналтын бичлэг хийнэ. Энэ хүүхдийг санаатай, санаагүй унагах байдлыг баримтжуулах зорилготой аж. Мөн энэ жил хурдан морины уралдааныг олон машин дагахыг хориглов. Эмнэлгийн машиныг морь дагуулахгүй. Гараанаас барианы зурхай хүртэл өртөөчилж зогсооно. Харин хурдан морины салбар комиссын дарга, тухайн насны морины даамал, дэд даамал дээр нь хэвлэл мэдээллийн байгууллагын машиныг дагуулах болсон байна.