“Хааны эрэлд 2018” Энхийг дэмжих ажиллагааны Олон Улсын цэргийн хамтарсан сургууль Таван толгой цэргийн сургуулилтын баазад 14 хоног болж өнгөрлөө.Энэ удаагын цэргийн хээрийн сургуульд 26 улсын 1400 орчим цэргийн албан хаагч оролцов. Монгол Улс, АНУ-ын Зэвсэгт хүчин хамтран зохион байгуулдаг энэ сургуулилт 2003 оноос хоёр орны хамтарсан сургуулилтаар эхэлж, 2006 оноос өргөжин олон улсын сургуулилт болсон юм. Уг хээрийн сургуулиар команд штабын сургууль, рот, салааны хээрийн сургууль, тусгай хүчний болон усны сургуулийг тус тус зохион байгуулжээ.
Энэ жилийн хээрийн сургуулилтад Бутаны Вант улсаас цэргийн ажиглагч, Катар Улсаас салааны бүрэлдэхүүн анх удаа оролцожээ. Мөн АНУ, Авсрали, Беларусь, БНХАУ, БНСУ, БНЭУ, Итали, Франц, ХБНГУ, Япон, ОХУ, ИБУИНВУ, Канад, Индонез, Казахстан, Камбож, Катар гээд таван тивийг төлөөлсөн дайчид цугларан туршлага, дадлага хуваалцлаа.
Сургуулилтын хүрээнд иргэдэд чиглэсэн хүмүүнлэгийн ажиллагааг Сонгино Хайрхан дүүрэгт зохион байгуулж, олон улсын цэргийн эмч нарын хамтарсан баг тус дүүргийн 4, 7, 24 ,26 дугаар хорооны иргэдэд эрүүл мэндийн үзлэг, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.