Ховор элемент үнэд орох цагт...
2010 оны есдүгээр сард болж өнгөрсөн Хятад, Японы усан хилийн маргаан ашигт малтмалын нэн ховор төрлүүдийн нөөц хэр зэрэг чухал болохыг дэлхий нийтэд ойлгуулж өгсөн юм. Газрын ховор 17 төрлийн элементэд серий, диспрозий, лантаний зэрэг химийн үелэх системийн хамгийн доор жагсах, хамгийн энгийн цахилгаан хэрэгслээс авахуулаад “iPhone” утас, зайгаар ажилладаг автомашин хүртэл хийхэд хэрэглэгддэг нэн ховор элемент байв. Өнөөдөр дэлхийн газрын ховор элементийн нийт нөөцийн 30 хувь Хятадад байгаа бол үлдсэн нөөцийг бусад орон, үүнээс АНУ 13 хувь, Австрали таван хувийн нөөцийг эзэмшдэг аж. Харин Хятад дангаараа дэлхийн нийт ховор металлын нийлүүлэлтийн 90 гаруй хувийг гаргаж байгаа. Үүнтэй зэрэгцэн 1990-ээд онд Хятад улс ховор элементийн гол нийлүүлэгчээр явж ирсэн ба шалтгааныг нь тус орныг эдийн засгийн шинэчлэлийн замд хөтөлсөн Дэн Сяопины хэлсэн үгтэй холбон тайлбарладаг. “Дэн өвөө” хэлэхдээ: “Ойрхи Дорнод газрын тосыг хянадаг, гэхдээ Хятад орон газрын ховор элементтэй юм шүү” гэжээ. Ингээд эхний жилүүдэд нийтээрээ Хятадыг найдвартай хямд ховор элемент нийлүүлэгч гэж үзэж түншлэлийг эрчимтэй өргөжүүлж байлаа.
Хятадын шинэ хөзөр
Хятадад энэ төрлийн олборлолтыг олон мянган жижиг уурхайнуудад гар аргаар хийдэг учраас өртөг хямдаар гардаг байж. Эхэн үедээ тэнд байгаль орчны асуудал, нөөцийн ашиглалтын менежментийн тухай бараг яридаггүй, ярьсан ч гэсэн Засгийн газар нь тэдгээр бичил уурхай, уурхайчдыг хянаж чаддаггүй байв. Улсаас нь ч гэсэн олборлолтыг нь дэмжиж байсны үр дүнд 1990-2000 оны хооронд олборлолтын хэмжээ нь 16000-73000 тоннд хүртлээ өсчээ. Ингэсээр оргил үедээ буюу 2009 оны байдлаар дэлхийн хэмжээнд 132 мянган тонн ховор элемент олборлосноос 129 мянган тонныг нь буюу 97 хувийг нь Хятад дангаараа нийлүүлж, энэ салбарын цорын ганц монополь болсноо тунхагласан юм. Гэхдээ Хятад энэ олборлолтынхоо 40-50 хувийг нь л экспортод гаргаж, үлдсэнийг нь дотоодын өсөн нэмэгдэж буй аж үйлдвэртээ хэрэглэдэг байна. Жил бүр ховор элементийн эрэлт нэмэгдэж байгаатай уялдуулан хятадууд нэгэн зүйр үгэндээ хэлдэгчлэн “Алтаа адилаар Газрын Ховор Элемент Олборлогч Орнуудын Байгууллага гэгчийг санаачлах нь зүйтэй гэж ярьж байна.
Цаашлаад, гадаадын хөгжингүй орнууд ховор элементийн нөөцийг нь ашиглан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн хийгээд эргүүлэн Хятадад зарж тэндээсээ зарлагаа нөхдөг гэж үздэг нь хятадын төрийн бодлогод тусгалаа олжээ. Хэдхэн жилийн өмнө батлан гаргасан 12 дугаар удаагийн Улсаа Хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөнд инноваци, өндөр Технологийн хөгжил тэргүүний зорилт болон тавигдсан юм. Хятад улс ирээдүйд дэлхийн хямд үйлдвэрийн газар бус улс орноо дараагийн Герман, Япон, АНУ болгохыг зорьж эхэлж байгаа нь энэ. Бээжингийн бодлого бол экспортод гаргаж буй бүтээгдэхүүн бүртээ нэмүү өртөг аль болох илүү нэмж шингээх явдал гэнэ. “iPhone”-оор жишээ авъя л даа. Нэг ширхэг “iPhone”-ыг Хятадад угсрахад 6,50 ам.долларын зардал гардаг нь тухайн бүтээгдэхүүний нийт үнийн ердөө 3,6 хувь болж байгаа юм. Үүний ачаар “Apple”-компанийн олох ашиг 64 хувь болдог аж. “iPhone”-ыг хийхэд газрын ховор элементийн нэлээд төрөл зайлшгүй хэрэглэгддэг. Харин хятадууд угсрах ажилдаа нэмүү өртөг шингээлгүй үлдээгээд суурь түүхий эд болох ховор элементийн үнийг нэмэх замаар нэг “iPhone” тутмаас авах нэмүү өртгөө олж авах бодлого явуулж байна. Учир нь, хэрвээ хятадууд ажилчдын цалинг нэмэх буюу бусад аргаар угсралтын явцад нэмүү өртөг шингээхийг оролдвол “Apple”-ын угсрах үйлдвэрүүдийг өөрөөсөө үргээчих эрсдэлтэй юм. Яагаад гэвэл, хямд ажиллах хүч, гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй орчин зөвхөн Хятадад байгаа юм биш. Яг түүнтэй залгаа Индонези, Филиппин, Вьетнам, цаашлаад Энэтхэгт хэдэн зуун сая ажилчин Хятадад хийдэгтэй адил өртгөөр буюу түүнээс ч хямд зардлаар “iPhone”-г дуртайяа угсрахад бэлэн байна.
Бээжингийн аварга төлөвлөгөө
Хятад улс ховор элементийн монополь байдлаа технологийн салбарт стратегийн баттай давуу тал олж авахад ашиглахаар хэдийнэ ажилдаа ороод байна. 2011 онд Хятадын Засгийн Газар ховор элементийн салбараа Аж үйлдвэр, Технологийн яамныхаа харьяалалд албан ёсоор шилжүүлээд байгаа юм. Тус яам нь Хятадын аж үйлдвэрийн бодлогыг тодорхойлогч бөгөөд бодлого нь зөвхөн улс дотроо зах зээлд суурилсан эдийн засаг бий болгох бус дэлхийн хэмжээнд Хятадын эдийн засгийн хөгжлийг тулган хүлээлгэх, аядуу нэрээр халхавчилсан эдийн засгийн түрэмгийлэл үйлддэг гол уураг тархи нь аж. Аль 2009 онд тус яам “2015 он гэхэд Хятадын ховор элементийн олборлолтыг 120-150 мянган тонны хооронд хадгалж, экспортын хэмжээгээ 35 мянган тоннд барих” ёстой гэсэн төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байгаа. Олборлолтоо нэмэгдүүлэлгүй, экспортоо багасгах нь бүх талаар үнийг хөөрөгдөж дотоодын аж үйлдвэрээ дэмжих давхар ашиг өгөх аж. Жилд 100 мянган тонн ховор элементийг зөвхөн дотоодын үйлдвэрлэлд хэрэглэх шийдвэр нь шинэ тутам өсөн нэмэгдэж буй цахилгаан бараа, компьютер, цахилгаан авто машин гээд өндөр технологийн үйлдвэрлэлийн дэлхийн нийт зах зээлийн 70-хувийг өөрийн нутаг дээр суурьшуулж авах гэсэн далайцтай далд бодлого юм. Эдгээр салбар нь ирээдүйн дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөшүүрэг болох ба мөнөөх 12 дугаар таван жилийн төлөвлөгөөнд заасан гол зорилтууд гэгдэхийн хамтаар ховор металлын эрэлтийг нэмж, үнийг өсгөх давхар мэх болно. Бээжин ховор металлын зах зээлд тоглох ажлаа хэдийнэ ажил хэрэг болгоод эхэлчихэж. Хятад улс одоо ховор металлын орц шаардагддаг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гадаадын фирмүүдийг Хятадын нутагт үйлдвэрээ барихыг бүх аргаар шахаж байна. Тухайлбал, Япон, Америкийн байгальд ээлтэй гэхдээ ховор элементийн орцтой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг фирмүүдийг Хятадын компаниудтай хамтран ажиллахыг хөхиүлэн дэмжиж байна. Хятадын ховор элементийн үйлдвэрлэлийн тал хувийг гаргадаг манай хөрш Өвөр Монголын нутаг дахь Бугат хот нь энэ бодлогыг хэрэгжүүлэх төв болжээ. Шалтгаан нь зэргэлдээх Ордос аймагт Хятадад хамгийн томд тооцогдох салхины эрчим хүч үйлдвэрлэх аварга цогцолбор байгуулагдаж байгаа ба Бугат хот салхин сэнс хийхэд ордог ховор элементийн орцтой соронзон эд ангиудыг шууд нийлүүлэх гэнэ. 2015 он гэхэд Хятад улс нэмэлт 60-гватт гаргах салхины, 10-гватт гаргах нарны, 40-гватт гаргах цөмийн эрчим хүчний байгууламжуудыг ашиглалтад оруулах зорилттой ба үүнийг бий болгоход 40000 орчим тонн газрын ховор элемент ашиглагдана гэж тус улсын албан ёсны мэдээлэлд дурджээ.
Хятадын дотоод бэрхшээл
Ховор элементийн хөзрөөр дэлхийн төвшинд томоохон хожил авах гэсэн Хятадын Засгийн газрын бодлого зөвхөн гадаадад төдийгүй дотооддоо ч томоохон бэрхшээлтэй тулгарч байгаа. Учир нь, олборлолтыг цөөн том уурхайгаас хийдэггүй харин олон жижиг уурхайд гар аргаар хийдгээс орон нутгийн төвшинд бодлогын чанартай эсэргүүцэл гарч байна. Төрөөс нь олборлолтыг хянаж нэг төвшинд барихыг хичээж байгаа бол уурхайчид нь аль болох их хэмжээгээр хурдан хугацаанд ухаж гарган, зарж мөнгө олохыг хүсэж байна. Үй түмэн уурхайчны энэ нөхцөл байдлаас болж орон нутгийн засаг захиргаа нь төвөөсөө өгсөн олборлолтыг хянах зааврыг бодит байдал дээр биелүүлэхгүй явдал газар авчээ. Уурхайчдын амьжиргаа, нийгмийн байдалд харшилсан энэ зааврын улмаас нийгмийн эмх замбараагүй байдал үүсэхээс орон нутгийн эрх баригчид нь болгоомжилж байна. Мөн ихээхэн татварын орлого оруулдаг энэ эх үүсвэрээсээ хагацахыг орон нутгийн эрх баригчид хүсэхгүй нь ойлгомжтой. Төрийн бодлого нь бичил уурхайн ажилчдын хүсэлттэй нийцэхгүй байгаагаас албан бус тоогоор Хятадад нийт олборлосон ховор элементийн гуравны нэг нь хууль бусаар хил даван зарагддаг юм байна. Ихэвчлэн Зүүн Өмнөд Азийн орнуудаар дамжин гардаг энэхүү хууль бус дамын наймааны үр дүнд их хэмжээний ховор элемент хар зах дээр борлогддог ба зонхилох худалдан авагчид нь Японы пүүсүүд, тэдний төлөөлөгчид байдаг аж. Дотоодын үйлдвэрлэлийн салбар нь ч мөн үнийн өсөлтийн золиос болж байгаа тухай зарим илтгэл эхнээсээ ирж байна. Гэвч Бээжин хатуу чанга төрийн бодлогоо дотоодын хямралаас шалтгаалан сулруулдаг жижиг гарын тоглогч биш. Тэд төрийн төмөр нударгыг хэрэгтэй цагт нь үзүүлэн ирээдүйн зорилгоо баттай баримтлан урагш алхах нь тодорхой биз ээ.
Хувь заяагаа сонгохуй
Хятад улс өөрийн асар өргөн хүрээтэй, далайцтай том зорилтуудаа биелүүлэхийн тулд газрын ховор элементийг гол хэрэглүүр болгон ашиглаж байна. Бээжингийн энэ асар том амбиц, дотоодын бэрхшээлээ үл хайхран гадагшаа чиглэсэн түрэмгий эдийн засгийн бодлого болж илрэн гарах болно. Ховор элемент стратегийн чухал түүхий эд болсон энэ цаг үед Монгол Улс өөрийн ховор элементийн дэлхийд дээгүүр орох ашиглагдаагүй байгаа нөөцөө /албан бус тоогоор дэлхийн нийт нөөцийн 16-орчим хувь/ эргэлтэд оруулах сайтар боловсруулсан төрийн бодлоготой болох нэн чухал шаардлага урган гараад байна. Тухайлбал, өөрт байгаа нөөцөө ашиглан Монгол Улс нэмүү өртөг шингэсэн, өндөр технологид тулгуурласан эцсийн бүтээгдэхүүн хийдэг болох нь стратегийн нэн тэргүүний зорилт болох ёстой нь эндээс тод харагдана. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Шинэ төмөр зам, олон Толгойнуудаа ашиглан урагшаа цойлон гарах бүрэн боломж бидэнд бий. Дэн өвөөгийн хэлсэнчлэн “Бусад нь газрын тостой байж болно. Харин бидэнд газрын ховор элемент нь байна” гэсэн үг тун удахгүй үнэд орох нь дамжиггүй.