Mонголд цөмийн хаягдал булшлах гэрээ аль хэдийнэ хийгдсэн гэж мэдээлэх болсон. Үүнд, “Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо”-ноос хариу мэдэгдэл хийж, няцаасан. Гэхдээ энэ тухай хариуцсан байгууллага болох “Цөмийн энергийн газар” өнөөг хүртэл ямар ч мэдээлэл хийгээгүй нь сонирхол татна. Нарийн учрыг тодруулахаар Цөмийн энергийн газрын дэд дарга Ц.Дамдинсүрэнгээс тодрууллаа.
-Монголд цөмийн хаягдал булшлах гэрээ хийгдсэн гэсэн мэдээ гарсан. Энэ асуудалд “Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо”-ноос няцаалт хийсэн. Гэтэл танай байгууллага яагаад ямар нэгэн мэдэгдэл хийхгүй байна вэ?
-Ямар ч гэрээ, хэлэлцээрийн баримт бичиг байхгүй атал хэвлэлүүд аль хэдийнэ гэрээ хийчихсэн мэтээр ярьж, бичээд байна. Ингэж худал мэдээлж болохгүй. “Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо”-той манай байгууллага ярилцсан. Энэ талаар мэдээлэл хийх тухай таны саналыг дарга, мэргэжилтнүүдтэйгээ ярилцаж шийдвэрлэе.
-Иргэний хөдөлгөөнийхөнд “Цөмийн хаягдал булшлах гэрээ” хийсэн баримт нь бий гэж мэдээлсэн шүү дээ?
-Иргэний хөдөлгөөнүүдтэй бид уулзаж ярилцсан. Уулзалт үр дүнтэй болсон. Энэ талаар мэдээлэх боломжгүй.
-Цөмийн цахилгаан станц баригдана гэсэн яриа ч гарсан. Энэ бодитой мэдээ юу?
-Би сэтгүүлчид болон иргэний хөдөлгөөнүүдийн төлөөлөлтэй тусгайлан уулзаж, нэг мөр мэдээлэл өгье гэж бодож байгаа. Цөмийн энергийн комисс байгуулагдсаны 50 жилийн ой энэ жил болж байна. Би ойг зохион байгуулах ажлыг хариуцаж буй болохоор зав муутай, сэтгүүлчидтэй нэг бүрчлэн уулзаж чадахгүй. Ер нь, сэтгүүлчид Засгийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг олоод үзчих хэрэгтэй. Цахим хуудсуудаар байгаа шүү дээ.