Манай улсын экспорт сүүлийн хоёр жилд огцом өссөн. Тэр дундаа нүүрс, зэс, төмрийн хүдэр, жонш толгой цохиж ирэв. Харин он гарснаас хойш экспорт анх удаа 2.8 хувиар буурсан статистик гарчээ. Үүнд, дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал нөлөөлсөн аж. Мөн манай экспортын гол түнш урд хөршийн эдийн засгийн өсөлтийн хурд саарч, уул уурхайн түүхий эдийн худалдан авалт багассантай холбоотой гэсэн дүгнэлт хийж болох юм. Гэвч уул уурхайн түүхий эдийн экспорт өссөн учир улсын гадаад валютын сан хөмрөг арвижсаар байгаа. Монголбанкны мэдээллээр оны эхний хагас жилийн байдлаар гадаад валютын нөөц хоёр тэрбум 627 сая ам.долларт хүрчээ. Хэрэв ашигт малтмалын үнэ буурвал манай эдийн засагт хямралын дөл сүүмэлзэнэ хэмээж буй. Ингээд зарим ашигт малтмалын үнийн хагас жилийн байдал, цаашид ямар байх талаар гаргасан судлаачдын дүгнэлтээс хүргэе.
Нүүрсний экспорт төдийлөн өсөхгүй нь
Өнгөрсөн онд нүүрсний олборлолт 51 хувиар өсч, экспортын гол түүхий эд болсон. Харин он гарснаас хойш долоон хувийн өсөлттэй байна. Иймд манай нүүрсний экспортын хэмжээ өнгөрсөн жилийнхээс өсөхгүй гэсэн таамаглалыг Дэлхийн банкны эдийн засагчид гаргажээ. Ашигт малтмалын газрын Нүүрс судалгааны хэлтсийн хийсэн судалгаагаар Монгол Улс өнгөрсөн онд 32.9 сая тонн нүүрс олборлож, 22.5 сая тонныг нь экспортолсон гэдэг. Тус газрын таамаглалаар энэ онд олборлолт мөн л огцом нэмэгдэж, 30 сая тонн нүүрс экспортлох юм. Гэвч дэлхийн эдийн засгийн байдал, урд хөршийн худалдан авалт, тээвэр зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж нүүрсний экспорт төдийлөн өсөхгүй бололтой. Хамгийн сүүлийн үеийн экспортын статистик мэдээнээс үзвэл 7.3 сая тонн нүүрс урд хөрш рүү гаргажээ. Долдугаар сарын жишиг үнэд түүхий нүүрсийг чанараас нь шалтгаалж, нэг тонн нь 69-95, баяжуулбал 126, эрчим хүчнийх 59 ам.доллар хэмээн тогтоосон байна. Урд хөршийн зах зээлд эдүгээ нүүрсний үнэ 0.97-4.38 хувиар унажээ.
Зэсийн үнэ 1400 ам.доллараар хямдарчээ
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр жилд 650 орчим мянган тонн зэсийн баяжмал экспортолдог. Одоогоор 339 мянган тонныг экспортолжээ. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ буурах хандлага ажиглагдаж буйг металлын шинжээчид хэлж буй. Жишээлбэл, хагас жилийн байдлаар нэг тонн зэсийн дундаж үнэ 8092 ам.доллар болов. Үүнийг өнгөрсөн оныхтой харьцуулахад 1400 орчим ам.доллараар хямдарчээ. Оны эхэнд үнэ нь өсч байсан нь Лондонгийн металлын биржийн нөөц буурсантай холбоотой гэнэ. Тухайн үед тус биржид 315 мянган тонн зэсийн нөөц байжээ. Одоогоор нэг тонн зэсийн хагас жилийн дундаж үнэ дөнгөж л долоон мянган ам.доллар давж буй. Шинжээчид зэсийн үнэ ойрын хугацаанд өсөхгүй хэмээж буй. Учир нь, дэлхийн томоохон металлын биржүүд дээр нөөц нэмэгдсэн, Евро бүс болон АНУ-ын эдийн засгийн байдал төдийлөн сэргэхгүй байгаатай холбоотой гэж дүгнэжээ.
Молибденийн эрэлт буурав
Манай улс эдүгээ 1.6 мянган тонн молибденийн баяжмал экпортлоод буй. Уг ашигт малтмал гангийн үйлдвэрийн чухал түүхий эд. Хятад, Энэтхэгийн гангийн хэрэглээ сүүлийн жилүүдэд огцом өссөн. Үүний нөлөөгөөр үнэ нь нэлээд өндөрт тогтож байв. Ингээд уг ашигт малтмалын үйлдвэрлэл нэмэгдэж зах зээлд илүүдэлтэй болжээ. Мөн урд хөрш молибдени асар их хэмжээгээр нөөцөлж. Иймээс үнийн өсөлт тогтворжиж буурах хандлага ажиглагдаж буй гэнэ. Одоогоор нэг тонн нь 31165 ам.долларын үнэтэй байна. Энэ нь 16 хувиар буурсан үзүүлэлт. Үнэ өсөх, буурах нь уг ашигт малтмалын үйлдвэрлэл, зах зээлийн эрэлт ямар байхаас шалтгаалах болжээ.
Манай төмрийн хүдрийн жишиг үнэ тонн нь 115-118 ам.доллар
Монгол Улсын төмрийн хүдрийн олборлолт сүүлийн жилүүдэд өссөн судалгаа гарсан байдаг. Он гарснаас хойш 2.4 сая тонн төмрийн хүдэр олборложээ. Одоогоор нэг тонн төмрийн хүдэр 115-118 ам.доллар байхаар тооцож, жишиг үнэ тогтоосон байна. Уг нь, үнийг нь тогтоохдоо Австрали болон ган үйлдвэрлэгчдийн хоорондох гэрээ хэлцлийг ашиглажээ. Сүүлийн гурван жилд гангийн үйлдвэрлэл өсч байсан тул төмрийн хүдрийн эрэлт дагаад нэмэгдсэн. Үнэ нь ч өсөх график зааж байв. Өнгөрсөн онд нэг тонн төмрийн хүдэр 177 ам.долларт хүрсэн нь хамгийн өндөр үнэ байлаа. Нөгөө талаар, дэлхийн төмрийн хүдрийн гурав дахь том экспортлогч Энэтхэг улс өөрийн хэрэглээг хангахын тулд хориг тавьсан нь үнийн өсөлтөд нөлөөлжээ. Манай урд хөрш өнгөрсөн онд 665 сая тонн төмрийн хүдэр импортолсон мэдээ бий. Харин энэ онд 700 гаруй сая тонныг худалдан авах таамаглал бий. Шинжээчид дэлхийд төмрийн хүдрийн олборлолтоор тэргүүлдэг “Vale”, “BHP”, “Rio Tinto” компани урд хөршийн хэрэглээг гүйцэхгүй байна хэмээдэг. Гэвч он гарснаас хойш хэрэглээ нь буурчээ. Иймд бас л зах зээлийн жамаар үнэ нь хямдарч, нэг тонн нь 163 ам.доллар болсон аж.
Алтны үнэ өсөх, буурахын зааг дээр байна
Хямралын үед үнэ нь өсч, эрэлт нэмэгдэж буй ашигт малтмал бол алт, мөнгө. Оны эхний хагас жилийн байдлаар унци алтны дундаж үнэ 1650 ам.доллар гарав. Үүнийг өмнөх жилүүдтэй харьцуулахад 14 хувиар өссөн үзүүлэлт. Өнгөрсөн сард нэг унци алт 1444 ам.доллар болсон. Харин долдугаар сар гарснаас хойш 1579 ам.долларт хүрчээ. Ер нь уг металлын үнэ савалгаа ихтэй байх дүр зураг бий аж. Тухайлбал, зарим шинжээч үнэ нь өсөх дүгнэлт хийж буй. Яагаад гэвэл, эдийн засгийн хямралаас болж хөрөнгө оруулагчид уг металлыг валютаас илүүд болов. Мөн улс орны төв банкууд инфляцаас эмээж, алтыг сонгож байна. Шинжээчид 2014 он хүртэл уг металл хамгийн их эрэлттэй, үнэ нь өндөр байх таамаг дэвшүүлж буй юм. Гэвч хэсэг хугацаанд алтны үнэ өсөхгүй байх төсөөлөл ч бий. Учир нь, Европын эдийн засгийн хямралаас гарах бодлогоос шалтгаалах нь. Үүнээс гадна сүүлийн үед ам.доллар еврогийн эсрэг чангарч буй явдал уг металлын үнийг нэг хэсэгтээ барих болно гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Монгол Улсын хувьд энэ жил алт олборлолт 26 хувиар буурчээ. Одоогоор 1.5 тонн алт олборлосон мэдээлэл бий.