Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК дээр ажиллаж, энэ өвлийн цахилгаан болон дулаан хангамжийн нөхцөл байдалтай танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэв.
Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээг 2016 оны зуны засварын батлагдсан графикаар урсгал болон их засвар, шинэчлэлийн ажлыг өнгөрсөн саруудад 100 хувь хийж гүйцэтгэжээ. Мөн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн санхүүгийн үйл ажиллагаа хэвийн байгааг гүйцэтгэх захирал Д.Бямба-Очир нь хотын даргад танилцуулсан юм. Гол нь Зайсан орчмын хэрэглэгчдийн дулааны асуудлыг нэн яаралтай шийдэх шаардлагатай байгаа аж. Бурхан багшийн хөшөө орчимд 1990-ээд онд ашиглалтанд орсон ганц дулаан зохицуулалтын дэд станцаас бүгд дулаанаа авдаг ч хүрэлцдэггүй. Тэгэхээр аль аль талдаа анхаарал хандуулж энэ асуудлыг нэн яаралтай шийдэх шаардлагатай байгааг хотын дарга С.Батболдод “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн зүгээс албан ёсоор сануулав. Мөн Баянхошуу дэд төвийг төвлөрсөн хангамжинд холбох нь зөв гэдгийг хоёр талаар ярилцаж шийдвэрлэсэн юм. Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Нэг үеэ бодвол нийслэлийн дулаан хангамжид ахиц гарсан. Энэ нь Амгалан дулааны станц ашиглалтад орсон, улс, нийслэлийн төсөв хөрөнгөөр ДЦС-иуд өргөтгөл болоод дулааны шугамын шинэчлэлтийн ажлыг эрчимтэй хийсэн, барилгын компаниуд дулааны норм стандартыг хангаж байгаа зэрэг асуудлуудтай холбоотой гэж харж байна. Гэхдээ өнөөдөр дулаан хангамж хэвийн байгаа ч нийслэл хот өдрөөс өдөрт өргөжин, тэлж байгаа учраас миний хувьд дулааны 5-р цахилгаан станцыг барих хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа” гэлээ.
Тэрээр “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцаад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК дээр очсон юм.
Тус компанийн хувьд нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумыг цахилгаан эрчим хүчээр хангадаг. 2016 оны аравдугаар сарын байдлаар 345 мянга гаруй хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Цаашид нийслэлийн усан хангамжийг сайжруулах төслөөр гүйцэтгэсэн Булаг дэд станц руу нэвтрэхэд Туул голын дээгүүр гүүр барих, Улаанбаатар хотын гэр хорооллын хэрэгцээг хангах цахилгаан хангамжийн асуудлыг нийслэлийн төсөвт суулгах шаардлагатай байгааг хотын даргад уламжлав.
Хотын дарга “ Улаанбаатар хотод жилд 30 мянга орчим хүн шилжиж ирдэг. Нэг өрх дунджаар 3-5 хүнтэй гэж үзвэл төдий тооны өрх шинээр нэмэгдэж байна. Ингээд хотын цахилгаан хангамжийг хэвийн байлгах, айл өрхүүдийг цахилгаанаар хэвийн хангахад хүндрэл учирдаг. Тиймээс Улаанбаатар хотын суурьшлын бүсийг шинээр тогтоох шаардлагатай” гэж үзэж байгаагаа хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.