Улсын Их Хурлын гишүүдийн төлөөлөл Монгол Улс, Япон Улсын худалдааны эргэлт, түүнд гол нөлөө үзүүлэх тээвэр логистикийн боломжийг ахиулах, бодлогын оновчтой шийдэл боловсруулахад туршлага солилцох зорилгоор Япон Улсын Токио хотод ажиллалаа.
Хөтөлбөрийг Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Г.Уянгахишиг, Б.Батбаатар, Г.Хосбаяр, Н.Батсүмбэрэл нар оролцон ажиллав.
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Японы “Ниппон сан”-гаас хамтран санаачилж зохион байгуулсан тус хөтөлбөрийн хүрээнд Япон Улсын парламент болон засгийн газрын холбогдох яамны бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчидтай ажил хэргийн уулзалтууд хийв. Мөн тээвэр логистик, боомтын тэргүүлэх технологийн чиглэлээр дэлхийд өрсөлдөгч томоохон байгууллагуудаар зочлон, туршлага судлав.