Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Жилд нэг сая тонн ган боловсруулах цогцолборын ажлыг эхлүүлнэ

Засгийн газрын 14 мега төслийн нэг нь  “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр”-ийг түшиглэсэн гангийн үйлдвэр юм. Тус үйлдвэрийг барьж байгуулах тухай тогтоолыг Засгийн газар өнгөрсөн сард баталсан.

Энэ хүрээнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт болон холбогдох албаныхан өнөөдөр (2025.02.23) “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д ажиллаж, тулгамдаж буй асуудлын талаар үйлдвэрийнхэнтэй санал солилцлоо.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр”-ийн Ган үйлдвэрлэлийн цогцолбор нь Монгол Улсын хувьд стратегийн ач холбогдолтой чухал төсөл.  Үйлдвэр ашиглалтад орсноор гангийн дотоодын хэрэгцээг хангах, ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих ач холбогдолтой. Түүнчлэн орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлого 10 дахин нэмэгдэнэ. Үндэсний баялгийн санд жилд 250 тэрбум төгрөг төвлөрүүлж, гангийн үйлдвэрлэлийн хөгжлийг шинэ түвшинд хүргэх боломж бүрдэнэ. Тиймээс цогцолборын ажлыг эрчимжүүлж, шийдлээ хүлээсэн ажлуудыг урагшлуулах чиглэлээр холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.

“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр”-ийн төслийн нэгжийн ахлах инженер Ж.Өлзийбадрах: Ган хайлуулах цогцолбор үйлдвэр нь нойтон баяжмалын үйлдвэр, хорголжийн үйлдвэр,
аргалжийн үйлдвэр, гангийн үйлдвэр болон бусад дагалдах үйлдвэрүүдийн хамт
байгуулагдахаар тооцоолсон. Цогцолбор ашиглалтад орсноор жилд нэг саяас дээш тонн хэмжээний ган үйлдвэрлэж, дотоодынхоо гангийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой. Түүнчлэн 1200 орчим шинэ ажлын байр бий болно.

“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийг 2022 оны 4-р сард Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр төр буцаан авч, удирдлага менежментийг шинэчилсэн. Төр буцаан авснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ 43,969  тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 40 орчим мянган тонныг борлуулан 106,3 тэрбум  төгрөгийн орлоготой ажиллажээ.

Тус үйлдвэр нь жилдээ 30 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүн, 2.5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэн, дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлдэг.  2024 онд 292.2 тэрбум төгрөгийн орлого олж, 49.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Үүнээс улсын төсөвт 54.7 тэрбум төгрөг, Дархан-Уул аймгийн төсөвт 31.5 тэрбум төгрөг, Үндэсний баялгийн санд 13.6 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан