Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй албаныхан Монгол-Британийн Дугуй ширээний 15 дугаар уулзалтад оролцохоор Лондон хотод айлчилж байна.
Монгол-Британийн Дугуй ширээний 15 дугаар уулзалт 2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотноо болно. Уулзалтыг Монголын талаас Шадар сайд С.Амарсайхан, Британийн талаас Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Энэтхэг, Номхон далайн асуудал эрхэлсэн сайд Кэтрин Уэст нар тэргүүлнэ.
Энэ удаагийн Дугуй ширээний уулзалтын үеэр талууд Монгол улс, ИБУИНХУ-ын харилцаа, цаашдын хамтын ажиллагаа болон томоохон бүтээн байгуулалтад хэрхэн хамтран ажиллах зэрэг өргөн хүрээнд, олон талын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Мөн хоёр улсын хооронд байгуулахаар хэлэлцэж буй “Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг эцэслэн байгуулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Шадар сайд С.Амарсайхан айлчлалын хүрээнд Бизнес, худалдааны яамны Үйлчилгээ, жижиг бизнес, экспорт хариуцсан сайд Гарет Томастай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцох юм.
Монгол Улс Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай 1963 онд дипломат харилцаа тогтоож байсан. Хоёр улс 62 жилийн турш худалдаа, хөрөнгө оруулалт, боловсролын асуудал зэрэг бүхий л салбарт хамтран ажиллаж, хоёр улсын найрамдалт харилцаа өргөжин тэлж ирсэн билээ.
Айлчлалын бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаны хүмүүс багтаж байна гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.