Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөлдүү газар хүрз гишгэхийн учир...


Ж.ЖАМУХА


Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл олны хөлд дарагдан байдаг “100 айл” худалдааны төв рүү чиглэсэн зам дагуу ар араасаа эгнэн зогссон автомашинууд хоёр эгнээ нарийхан замдаа багтаж ядан багширна.

Нэгэн зэрэг хэдэн зуун автомашины яндангаас завсаргүй олгойдох өтгөн цагаан утаа хамар цоргион өндөрт хөөрч, хүйтэн агаарт уусан замхрах бөгөөд хаа нэг хоёр машины голоор хамраа хатган зогссон машины араас элдэв дуут дохио хангинах нь хэнгэрэг хагалчих вий гэмээр түгшүүртэй санагдана. Багшран түгжирсэн замын хоёр талаар хаалга, цонх тэргүүтэй элдэв барилгын материал эгнүүлэн өрснийг сурмаг гэгч нь сүлжин явах олны дунд сургуулийн хүүхэд цөөнгүй таарна. Гэрлэн дохион дээр хамт зогссон хоёр жаал хуруу гараа хөдөлгөн дохио зангаагаар ойлголцох нь 29 дүгээр тусгай сургуулийг зорьж яваа надтай зүг нийлэхийг илтгэх аж.

Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн хашаанд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн барилгыг барих зөвшөөрөл олгосны дагуу гүйцэтгэгч компанийн ажилчид хашаа хатгахаар ирсэн нь багш ажилчид, эцэг эхчүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан нь энэ аж. Өнгөрсөн сарын эхээр өрнөсөн “тэмцэл” өчигдрөөс хурцдаж, газраа хамгаалсан эцэг эхчүүд хэвлэлийнхэнд хандсан учир эл үйл явдлыг сурвалжлахаар “100 айл”-ыг зүглэсэн хэрэг. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр сургууль хэмээн нэр төдий сонсч байснаас өөрийн биеэр очиж байгаагүй билээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурдаг хойно чимээ шуугиан бага, олны хөлөөс зайдуу газар байдаг болов уу хэмээн санаж явсны хувьд түм түжигнэсэн их хөлийн газар тусгай сургууль байна чинээ яахан мэдэх билээ.

Хоёр жаал дуу шуугүй инээлдэн, хуруу гараа хөдөлгөн юуг ч юм ярилцан явсаар ганц эгнээ бүхий нарийхан зам руу хөтлөв. Замыг нь өргөтгөе гээд зай завсаргүй барилга байшингаар тагласан нарийн гудам хальтиргаа гулгаа ихтэйн дээр явган хүний зорчих хэсэггүй аж. Жаалуудыг дагасаар зорьсон газраа ирлээ. Шавар, шохой нь ховхорсон хуучны хоёр давхар цагаан байшингийн ханан дээр эрэгтэй, эмэгтэй хүүхэд, элдэв ан амьтан дүрсэлсэн нь цэцэрлэг болохыг илтгэх аж. Хаалган дээр нь “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 186 дугаар цэцэрлэг” хэмээн бичсэн хоёр давхар цагаан байшингийн чанх өөдөөс гурван давхар саарал барилга аниргүй дүнхийнэ. Ханан дээр нь “С116” гэсэн жижигхэн самбар өлгөсөн нь Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургууль болохыг илтгэх бөгөөд хойно нь 29 дүгээр сургууль байрлана. Би ч шуудхан л барилгын суурь ухаж буй талбайд очье гээд сургуулийн урдуур гарч хашааны зүүн талыг барин алхав. 116 сургуулийн зүүн талаар тойрвол энд тэнд ухаж сэндийчсэн нүх, овоолсон шороо, хураалгаатай хашаа, ганц нэг гадас зоосон нь нүднээ тусав. Шинэхэн цасан дээр үлдсэн хүнд техникийн хуучраагүй мөр болж өнгөрсөн үйл явлыг нэгд нэгэнгүй өгүүлэх шиг. Ямартай ч, манай сурвалжлах багийг очих үеэр барилгын талбайд өрнөсөн “тэмцэл” намжиж, цугласан олон цувж одсон байв. Улмаар сургуулийн удирдлагуудтай уулзахаар 29 дүгээр сургууль руу орсон юм.

Сургуулийн газраа хамгаалахаар 140 гаруй төгсөгч нэгджээ

Сохорсон биш завшив гэгчээр төр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ ил цагаан дээрэмдэж буй хэрэг 29 дүгээр тусгай сургуулийн хашаанд өрнөж байна. Өнгөрсөн сарын эхээр “Портер” машины тэвш хотойтол хүнд төмөр хашаа ачаалж, хүрз зээтүү агссан хэсэг хүн 29 дүгээр сургуулийн хашаанд хүч түрэн нэвтэрчээ. Үнэмлэх бичиг баримт, нэр усаа ч хэлэхээс татгалзсан ажилчид “Зөвшөөрөл нь бий, бид ажлаа л хийж байна” хэмээн 29 дүгээр сургуулийн дотуур байрны хойно хашаа барихаар газар ухаж эхэлжээ. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр сургууль, Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 186 дугаар цэцэрлэг болон хоёр сургуулийн дотуур байр байрладаг 756 ам.метр газрын гэрчилгээ 29 дүгээр сургуулийн нэр дээр байдаг аж. Гэтэл сургуулийн эзэмшлийн газарт Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байрыг Нийгмийн хамгааллын төв нэрээр бариулах зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/937 дугаар захирамжаар шийдвэрлэсэн байна. Улмаар нийслэлийн газрын албанаас зөвшөөрөл олгож, тендер зарласан бөгөөд уг тендерт ялсан гэх “Кий пропертиз энд” компани сургуулийн хашаанд суурь ухаж, ажлаа эхлүүлэхийг завджээ. Барилга барих тухай асуудлаар 2015 оны нэгдүгээр сард 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханд Сүхбаатар дүүргийн нийгмийн халамжийн хэлтсээс ханджээ. Ингэхдээ “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залууст үйлчлэх үйлчилгээний төв бариулахад татгалзах зүйлгүй” гэх утга бүхий албан бичгийг захирлаар цохуулж авсан байна. Гэтэл өнөөдөр байдал эсрэгээр эргэж Б.Батсайхан захирлын албан бичгийг гуйвуулан сургуулийн хашаанд дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн барилга барихаар болсон хэмээн зүтгэх болсон аж. Тэрээр энэ тухайд “Анх халамжийн төв гэж бичиг хийлгэж авчихаад газраа ухахаар ирэхдээ Нийгмийн даатгалын хэлтэс болчихсонд гайхаад сууж байна. Яахав, тендерээр шалгарсан компанид буруу байхгүй нь мэдээж, гагцхүү дээд албан тушаалтнуудад нэг но байна” хэмээж байв. Үнэхээр ч халамжийн хэлтэс байсан нь даатгалын хэлтэс болон хувирсныг бодоход ийн хардах үндэстэй. Энэ тухайд газраа хамгаалан тэмцэж буй Сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооныхон ч ижил байр суурьтай байгаа юм. 90 гаруй гишүүдтэй эл холбооны дийлэнх гишүүний хүүхэд 29 дүгээр сургуульд суралцдаг аж. Тэдний хэлж буйгаар асуудал зөвхөн дүүргийн даатгалын хэлтэс, хотын хэмжээнд бус УИХ-тай ч холбоотой гэнэ. Учир нь, сургуулийн газрын асуудлаар Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга төдийгүй Нийслэлийн Засаг дарга ч ам нээхгүй байгааг хэлж байв.

Угтаа, төрийн нэр барьж олон нийтийн эзэмшлийн талбайд тэр дундаа улсдаа цор ганц гэгдэх тусгай сургуулийн хажууд хашаа хатгаж, барилга барихаар улайрч буй явдалд хэн хүнээс өмнө анхаарал хандуулах учиртай хүн бол хотын дарга С.Батболд. Харамсалтай нь, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, ая тухай амьдрах орчин бүрдүүлэхэд санаа тавих учиртай хотын мээр маань хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүйтэн сэтгэлээр хандаж байна гэв. Сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооны гишүүд сургуулийн газрын асуудлаар хотын даргад удаа дараа хандаж, нэр дээр нь хүртэл захиа занаа хүргүүлсэн ч өдий хүртэл хариу өгөхгүй байгаа тухай холбооны тэргүүн Ж.Шугаржав хэлж байна. Хэдхэн хоногийн өмнө хотын дарга С.Батболд нийтийн эзэмшлийн талбайд шинээр газар олгохыг хориглосон захирамж гаргасан. Тодруулбал, нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэрийн газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохгүй, энэ нь оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой хэмээж байв.
Тэрээр “Нийслэлийн удирдлагуудад иргэдийн зүгээс эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байгаа талаар гомдол их ирдэг. Нэг өглөө босоход хорооллын дунд газар ухаад, бизнесийн зориулалттай барилга барьдаг, нэг өглөө сэрэхэд цэцэрлэг, сургуулийн хашаан дотор газар ухдаг байдлыг зогсоож өгөөч гэсэн хүсэлт ирж байна. Бид НИТХ-аар “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөр батлуулсан. Иргэдийн аз жаргалтай амьдралын үндэс нь эрүүл, аюулгүй, амгалан тайван орчинд амьдрах явдал. Энэ эрхийг баталгаажуулах үүднээс Нийслэлийн Засаг даргын хувьд шийдвэр гаргалаа” хэмээж байв. Гэвч гээндээ ч тэр үү гоондоо ч тэр үү 29 дүгээр сургуулийн газрын маргаантай асуудлаас илт бултан зайлахын учир юу вэ. Бидний очих үеэр сургуулийнхаа газрыг хамгаалахаар 29 дүгээр сургуулийн үе үеийн төгсөгчид цугларсан төдийгүй цаашид хэрхэх тухайгаа хэлэлцэж ярилцсан юм. 140 гаруй төгсөгч эцсээ хүртэл сургуулийнхаа газрыг хамгаална гээд шаардлагатай гэж үзвэл тэмцлийн өөр хэлбэрт шилжихээ ч хэлж байсан.

29, 116 дугаар сургуулийн 300 орчим хүүхэд дотуур байргүй байна

Өдгөө 29, 116 дугаар сургууль 186 дугаар цэцэрлэгт нийт 540 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байна. 29 дүгээр сургууль 320 хүүхэдтэй бол 116 сургууль 96 хүүхэдтэй бөгөөд эдгээрээс 100 гаруй нь л дотуур байранд хамрагддаг аж. Хоёр сургуулийн хувьд дотуур байрны хүрэлцээ муу учир өдгөө барилга барихаар ухсан талбайд дотуур байраа өргөтгөхийн зэрэгцээ спорт заал барихаар төлөвлөөд байсан аж. 21 аймаг, есөн дүүргээс хүүхэд хүлээн авдаг 29, 116 дугаар сургуулиас өөр сонсгол, харааны бэрхшээлтэй хүүхэд хүлээн авдаг сургууль гэж үгүй. Угтаа, улсын хэмжээнд цор ганц гэгддэг дээрх сургууль сургалтын орчин нөхцөл талаасаа дээд зэргийн шалгуур шаардлагад нийцэж байх нь зүйтэй ч хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй хэсэгт, давчуухан зайд оршиж байна. Дээр дурдсанчлан сургуулийн хашаа руу орох ганцхан замтайн дээр уг зам нь хоёр машин багтан зөрөх аргагүй нарийн, явган хүний замгүй байх аж. 29 дүгээр сургуулийн хашааг тойруулан элдэв барилга байшин, барилгын дэлгүүрийн зөвшөөрөл олгосоор ийнхүү ганцхан гарцтай болсон аж. Дээр нь өдөр бүр хамгийн өндөр хөдөлгөөний эрчимтэй байдаг зам дагуу оршдог нь тэр хэрээр эрсдэл дагуулдаг нь мэдээж. Элдэв барилгын материал ачсан машин өдөр шөнөгүй холхино, замынх нь хоёр талаар том том төмөр хаалга, шил цонх өрөөтэй. Дээр нь хальтиргаа гулгаа нь хэрээс хэтэрсэн газар. “100 айл”-аас хойш 32-ын тойрог хүрдэг эл зам дагуу Иргэний бүртгэл мэдээллийн төв байдаг болохоор тэр хэрээр хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. 540 гаруй хүүхдийн 100 гаруй нь дотуур байранд хамрагддаг гэхээр үлдсэн 300 хүүхэд гэр гэрээсээ ирдэг болж таарав. Мэдээж хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхэд эрүүл биднийг бодоход ийм орчинд сурч боловсрох нь эрсдэл ихтэй нь ойлгомжтой. Наад зах нь зам хөндлөн гарах, автобус унаанд суухаас аваад өглөө хичээлдээ ирэх, орой гэртээ харихдаа байнгын эрсдэл дунд байдаг. Ийм байтал хашаанд нь Нийгмийн даатгалын хэлтэс барьчихвал энэ эрсдэл илүү өсөх нь ойлгомжтой. Бүхэл бүтэн дүүргийн даатгалын хэлтэс гэдэг нийгмийн томоохон байгууллагын нэг. Тиймдээ ч “100 айл”-ын их хөл хөдөлгөөнийг бүр ч нэмэх нь гарцаагүй. Дээр хэлсэнчлэн сургуулийн хашаа руу орох ганцхан гарцтай, тэр замаар нь сурагчид байнга зорчдог гээд бодохоор сургуулийн хашаанд барилга барих зөвшөөрөл олгосон нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ хөсөр хаяснаас өөрцгүй мэт.

Ийнхүү цас унасан хойно, хөлдүү газар хүрз гишгэж барилга барихаар улайрч буйн учир юу вэ. Эцэг, эхчүүдийн хэлсэнчлэн ард нь хэн нэгний эрх ашиг нуугдаж байгааг ч үгүйсгэхгүй. Тиймгүй бол хотын дарга нь ч болтугай ганц үг ган хиймээрсэн.

0 Сэтгэгдэл
29-Р СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ ХОВДЫН БАТСАХЙАНЫ Л БИЗНЕС ШҮҮ ДЭЭ. БАГШ АЖИЛЧИДДАА ХЭН Ч ЭНЭ ТАЛААР ЯРЬЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ХУРАЛ ДЭЭР ХЭЛЭЭД ТАРААСАН ГЭЖ БАЙГАА. НИЙГМИЙН АЖИЛТАН НЬ ЯАХАА Ч МЭДЭХГҮЙ ЯВЖ БАЙНА. БАГШ НАРТАА ҮҮРЭГ ӨГӨӨД НАМ ТАГ. УЛААН НАЙМААЧИН ЮМ АА.
Хамгийн их уншсан