Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өхөөрдөм бяцхан үрсээ үхэл рүү нь “түлхсээр” байх уу

-2010-2016 оны хооронд 250 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ-

Ж.ЖАМУХА


“Өглөө бүр аавынхаа зурагны өмнөх хүрдийг эргүүлэнгээ “Тэр жолооч эргэх дохиогоо өгсөн бол, хурдаа тохируулж явсан бол” хэмээн харамсан харамсан боддог. Хайран сайхан аав минь”.

Энэ бол өнгөрсөн долоо хоногт зам тээврийн ослын улмаас зургаан хүний амь эрсэдсэн тухай мэдээн дор үлдээсэн уншигчийн сэтгэгдэл. Цаг бусаар, тэр дундаа хэн нэгэн ойворгон жолоочийн буруутай үйлдлээс болж амиа алдагсдын ар гэрийнхэн өдөр бүр ийн харамсан боддог нь лавтай. Гэвч хэчнээн харамсан халаглаад эргэж ирэхгүйгээр явж одсон дотны хүмүүс нь хэн нэгний дохио өгөөгүй гэх мэт өчүүхэн гэнэ алдсан үйлдлээр амь амьдралаа шийдүүлсэн гэж бодоход аймшигтай.

Дэлхий даяар жил бүр 1.4 сая хүн зам тээврийн ослын хохирогч болдог гэх статистик бий. Энэ нь өдөр бүр 3400 хүн, 25 секунд тутам нэг хүн амиа алддаг гэсэн үг. Нас барагсдын тоог онгоцны сүйрэлтэй харьцуулбал өдөр бүр 350 хүний суудалтай 10 онгоц осолддог гэж болно. Манай улс сүүлийн 20 хүрэхгүй жилийн дотор зам тээврийн ослын тохиолдол, нас баралтын тоогоор дэлхийд дээгүүрт бичигдэх болж, НҮБ-аас хүртэл анхаарал хандуулж эхэлсэн. Судалганаас үзэхэд 2000-2015 оны хооронд давтагдсан тоогоор 71 мянган хүн зам тээврийн осолд орж, 6500 орчим нь харамсалтайгаар амиа алджээ. Энэ нь жилд дунджаар 430 гаруй хүн зам дээр амиа алддаг гэсэн үг. Үүнээс үзэхэд зам тээврийн осол нь хүн амын нас баралтын шалтгааны эхний тавд багтаж байгаа бөгөөд гамшгийн хэмжээнд хүрсэн гэж болно.


Дээр өгүүлснээр жилд дунджаар 430 гаруй хүн зам тээврийн ослоор амиа алддагийн багагүй хувийг хүүхэд эзэлдэг. Угаас зам тээврийн осолд өртөх магадлал хамгийн өндөр, эрсдэлт бүлгийн эхэнд дунд сургуулийн сурагчид зүй ёсоор багтдаг. Эцэг эхчүүд бага ангийн хүүхдээ нэг, хоёрдугаар ангид нь сургуульд нь хүргэж өгч, авдагаас “Гурав, дөрөвдүгээр ангиасаа биеэ даачихна” гэх байдлаар ханддаг. Тэр ч бүү хэл нэгдүгээр ангиасаа биеэ дааж, ганцаар хөдөлгөөнд оролцож сурсан нь цөөнгүй. Угтаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7 дахь хэсэгт “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй” хэмээн заасан байдаг. Холбогдох байгууллагаас бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан сургууль, цэцэрлэгийн багш, эцэг эхчүүдийн үйлдэлд шалгалт хийхээс хэтэрдэггүй. Энэ нь ч хугацааны хувьд тогтмолжоогүйн дээр тооцох хариуцлага нь ч торгууль төдийгөөс хэтэрдэггүй.
Сүүлийн зургаан жилийн байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 6063 бүртгэгдэж 6295 хүүхэд осолд оржээ. Зам тээврийн ослын улмаас 250 хүүхэд амь насаа алдаж, 6045 хүүхэд гэмтэл авснаас 1131 нь хүнд, хүндэвтэр гэмтжээ. Энэ оны эхний есөн сарын байдлаар зам тээврийн осол, хэргийн улмаас 45 хүүхдийн амь нас хохирч, 959 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэн байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд гурван хүүхдийн амь нас хохирч, 785 хүүхэд гэмтэж бэртжээ. Нийслэлд зам тээврийн ослын улмаас гэмтэж, бэртсэн хүүхдийг насны байдлаар авч үзвэл 14 хүртэлх насны хүүхэд хамгийн их буюу 85.7 хувийг нь эзэлж байгаа юм. Хүүхэд өртсөн зам тээврийн ослын тоон мэдээнээс үзэхэд нийслэлд явган зорчигч хэлбэрээр, орон нутгийн замд тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ буюу эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байхдаа осолд орж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна. Энэ нь эцэг эхчүүдийн хайхрамжгүй, хэнэггүй байдал, буруу дадлаас үүдэлтэй бөгөөд хүүхдэдээ тавих хараа хяналт сул, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулдаг, тээврийн хэрэгсэлд хүүхдийг буруу тээвэрлэдэг зэрэг шалтгаанууд дийлэнх хувийг эзэлж байна.

Ер нь, хичээлийн жил эхэлмэгц зам тээврийн осолд орох хүүхдийн тоо харьцангуй өсдөгийг жишээ, судалгаанаас харж болно. Энэ хичээлийн жилийн эхний өдөр буюу есдүгээр сарын 1-ний өдөр зам тээврийн осолд өртсөн найман хүүхдээс гурав нь хичээлээ тараад асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцож байх үедээ бэртэж гэмтсэн юм. Түүнчлэн, манай орны хувьд тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 70 гаруй хувь нь зориулалтын суудалд сууж зорчоогүйгээс хохирсон байдаг. Хүүхдэд зориулсан хамгаалалтын суудлыг анх 1963 онд Швейцарьт зохион бүтээжээ. Тэр цагаас хойш эл суудал тоолж барамгүй олон хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аварсан нь мэдээж. Хүүхдийн суудлыг тогтмол хэрэглэж хэвшсэнээс ослын улмаас хүүхэд эндэх тохиолдлыг 3.5 хувиар бууруулж, гэмтэл бэртэл авах магадлалыг 46 хувиар бууруулдагийг олон улсын жишиг, статистик нотлоно. Гадаадын улс орнуудад бага насны хүүхдийг автомашинд тээвэрлэхдээ зориулалтын хамгаалалтын суудалд суулгахыг хуульчилсан байдаг. Харин манайд Замын хөдөлгөөний дүрмийн 21.8-ын “е” хэсэгт гурав хүртэлх насны хүүхдийг (харгалзах хүнгүй тохиолдолд) зориулалтын нэмэгдэл суудал, бэхэлгээ хийлгүйгээр тээвэрлэхийг хориглосон байдаг. Гэтэл дээрх заалт нь төдийлэн хэрэгждэггүй. Зориулалтын бус суудалд хүүхэд тээвэрлэсэн тохиолдолд торгох төдийхнөөр сануулга өгөхөөс хэтрэхгүй байгаа нь ч үнэн.

Өнгөрсөн онд хийсэн судалгаагаар өөр дүүргээс нийтийн тээврээр зорчин сургуульдаа ирдэг 19 мянга гаруй хүүхэд байдгийн 9000 гаруй нь буюу 50 орчим хувь нь тав ба түүнээс дээш буудал газар зорчдог аж. Түүнчлэн, нийтийн тээврээр зорчдог сурагчдын дийлэнх нь хотын төвийн хэсэг буюу хөдөлгөөний ачаалал хамгийн их байдаг Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт амьдардаг аж. Мөн бусад дүүргээс хувийн унаагаар сургуульдаа ирдэг 7000 гаруй хүүхэд байдгаас тав ба түүнээс дээш буудал газар зорчдог 3900 хүүхэд байдаг аж. Дээр дурдсанчлан, сургууль руугаа нийтийн тээврээр зорчдог 19 мянга гаруй хүүхэд байхад хүүхдийн автобусаар буюу зориулалтын тээврийн хэрэгслээр зорчдог хүүхэд 2000 хүрдэггүй байх жишээтэй. Товчхондоо, дээр өгүүлсэн 19 мянга гаруй сурагч байнгын эрсдэлд байдаг гэж ойлгох ёстой бөгөөд хэд нь эцэг эхийн хараа хяналтад хөдөлгөөнд оролцдогийг хэлэхэд бэрх гэдэг нь мэдээж. Ямартай ч, зам тээврийн ослын хохирогч болж буй сурагчдын тоо дүн мэдээг авч үзвэл бид бяцхан үрсээ үхэл рүү нь түлхсэнээс өөрцгүй ч юм шиг...

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан