Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Солонго: лекцийн танхим налуу шатлалтай байхаас л жендерийн тухай ярьж эхэлнэ


Ж.ЖАМУХА

Жендерийн асуудал гэхээр л зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай, тэднийг ялгаварлан гадуурхсан мэтээр ойлгох хандлага түгээмэл байдаг. Нэг үеэ бодоход энэ байдал өөрчлөгдөж, нийгэмд жендерийн тухай ойлголт мэдэгдэхүүн төлөвшиж, албан байгууллагаас аваад энгийн иргэдэд жендерийн мэдрэмжтэй байдлын хандлага бий болж байгаа нь сайшаалтай ч нийгмийн зарим бүлэгт энэ асуудал орхигдмол хэвээр байна. Энэ тухай их, дээд сургуулиудын ерөнхий суурь хичээлийн хөтөлбөрийн агуулгад жендерийн дүн шинжилгээ хийсэн төслийн багийн гишүүн, МУИС-ийн багш А.Солонготой ярилцлаа.

-Жендер гэх ойлголт, жендерийн агуулга, мэдрэмжтэй байдлын нийгэмд үзүүлэх нөлөөллийн тухай яриагаа эхэлье гэж бодож байна?
-Жендер гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хүний нийгмийн харилцааны үр дүнд бий болсон ухамсарт төлөвшил юм. Жишээ нь, эцэг хүн гэр бүлээ тэжээх ёстой, эх хүн үр хүүхдээ халамжилж, гэр орны ажлаа хийх ёстой гэх ойлголтууд амьдралын туршид хөгжил болон соёлоор дамжиж бидний оюун ухаанд бууж буй тухай ойлголт юм. Энэ ойлголтын хүрээнд илэрч буй эрэгтэй, эмэгтэй хүний ялгааг жендер гэдэг ойлголтоор тодорхойлдог. Харин хүйс гэдэг нь байгалиас заяасан ялгаа буюу цэвэр биологийн ялгааг хэлээд байгаа хэрэг. Эрэгтэй хүн ханхар том цээжтэй, бүдүүн хоолойтой байх, эмэгтэй хүн уян налархай, зөөлөн шинж чанараараа хүйс тодорхойлогддог. Тэгвэл эрэгтэй, эмэгтэй хүмүүс хооронд хүйсээр хамаарсан байдлаар үүсч байгаа нийгмийн ялгаатай байдлыг жендер гэсэн нэр томъёогоор тодорхойлдог. Мөн эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондын ялгааг хоёр хүйсийн хоорондох ялгаатай хэрэгцээ, сонирхол шаардлагыг амьдралынхаа үйл ажиллагаанд харгалзан үзэж байгааг нь “жендерийн мэдрэмжтэй” гэж ярьдаг. Энэ нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүн ялгаатай байдаг гэсэн утгын ертөнц бий болчихсон байна шүү дээ. Эрэгтэй, эмэгтэй хүнээс хүлээх хүлээлт, үүрэг ролийг нь хувиарлаад өгчихсөн, ялгаатай гэдгээ хүлээн зөвшөөр гэх байдлаар хандах, тулган шаардах хандлага түгээмэл байдаг. Угтаа, ялгаатай хүмүүсийн амьдралыг ижил аргаар зохицуулаад, тэр аргаараа аливаа нөөцийг хувиарлаж, ижил боломжууд бий болгох нь боломжгүй зүйл. Үр дүн нь ч ялгаатай гарна. Жишээ нь, хоёр эмэгтэйг авч үзвэл хоёул өндөр боловсролтой ч нэг нь олон нялх хүүхэдтэй нөгөөх нь нөхөртэйгөө л амьдардаг байж гэж бодъё. Жишээ болгож буй хоёр хүн маань хоёул илүү цагаар ажиллаж байна гэж төсөөлбөл хэнд нь илүү албан тушаал ахих, амжилт гаргах боломж олдох вэ. Мэдээж нөхөртэйгөө амьдардаг, ахуйн ачаалал багатай эмэгтэйд л олдоно шүү дээ. Ингээд харвал эмэгтэйчүүдийн хувьд ч мөн ялгаа гарч байгаа биз. Ийм тохиолдолд хоёуланд нь адилхан үүрэг даалгавар, хүлээлт өгөх нь зөв үү. Тиймээс л энэ тохиолдолд дэмжлэг, боломжийг хоёуланд нь ижил тэнцүү олгохоор зохицуулах нь зөв. Олон хүүхэдтэй эмэгтэйг удаан хугацаагаар ажиллах шаардлагатай үед хүүхдүүдийг нь харж асрах зохистой үйлчилгээгээр хангах нь эдгээр эмэгтэйд хоёул ижил төвшинд хөгжих боломж олгож чадна. Үүнийг бид тэнцүү эрх, тэгш боломж гэж ярьдаг. Тиймээс бүгдийг ижил тэгш гэж бодоод байвал зөрүүтэй бодлого улам нэмэгддэг. Хэн давуу боломжтой байна тэр үр шимийг нь илүү хүртдэг. Зөвхөн хүйсээс үл хамаарч боломж бага олгогдож байгаа талыг дэмжинэ гэдэг жендерийн мэдрэмжтэй бодлого явуулж байгаа хэрэг.

-БСШУСЯ-ны захиалгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Дээд боловсролын шинэчлэлийн төсөл хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч. Энэ төслийн нэг хэсэг болсон их, дээд сургуулиудын ерөнхий суурь хичээлийн хөтөлбөрийн агуулгад жендерийн дүн шинжилгээ хийх төсөлд ажилласны хувьд байдал ямар байгааг сонирхвол?
-Манай их, дээд сургуулиуд хэрэгжүүлж буй хөтөлбөрийнхөө хүрээнд боловсон хүчин бэлтгэх эхний гараа нь ерөнхий эрдмийн суурь хичээлүүдээс эхэлдэг. Нэгдүгээрт, мэргэжлийн суурь болохуйц ур чадвар олгох, мөн хувь хүний ур чадварыг дээшлүүлэх боловсрол дээрх хичээлийн хөтөлбөрт багтдаг. Хувь хүний ур чадварт юун түрүүнд цагийн менежмент, хариуцлага, багаар ажиллах ур чадвартай, логик сэтгэлгээтэй байхыг шаардахаас гадна аливаа асуудалд шинжлэх ухаанч байдлаар хандахыг хамаатуулдаг. Хувь хүний ур чадвар төлөвшүүлэх нь ерөнхий эрдмийн суурь хичээлийн үндсэн зорилго төдийгүй нийгмийн тэгш бус байдлыг арилгах, аливаа ялгаварлалыг үгүй хийх, хүсэл эрмэлзэл, үнэт зүйлтэй хувь хүн төлөвшүүлэхийг зорилго болгодог. Ийм төлөвшил бий болгохын тулд бидний зааж буй ерөнхий эрдмийн суурь хичээлүүд хэр жендерийн мэдрэмжтэй вэ гэдгийг үнэлэх шаардлага тулгардаг. Энэ ажлыг БСШУСЯ-наас үүрэг болгосон. Энэ хүрээнд улсаас МУИС, ШУТИС, ХААИС-иуд хамрагдсан бол хувийн их, дээд сургуулийг “Отгонтэнгэр”, “Идэр” төлөөлсөн. Улмаар сургууль бүрээс нэг багш төлөөлөл болон судлаачаар оролцож уг судалгааг хийсэн. Нийт 52 багш 60 ерөнхий эрдмийн суурь хичээл, байнгын ашиглагддаг 30 сурах бичиг гээд давхардсан тоогоор 164 хичээлийн хөтөлбөрийн агуулгад үнэлгээ өгч 131 мянга 600 орчим оюутны дүн, хичээлийн идэвх, оролцоонд анализ хийсэн маш том ажил болсон.

-Ер нь, их, дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт жендерийн судалгаа хийгдэж байгаагүй байх. Судалгаа хийхийн ач холбогдол, үр дүнгийн талаар?
-Их, дээд сургуулийн эрэгтэй, эмэгтэй оюутан хооронд суралцах үйл ажиллагаа, хичээлд оролцож байгаа байдал, ашиглаж буй сурах бичиг, оюутнуудад үйлчилгээ үзүүлж буй боловсон хүчин болох багш нар, тэдгээрийн жендерийн мэдрэмж ямар байгаа нь тухайн оюутны сурлагын амжилт, чанар, үр дүнд чухал нөлөөтэй байдаг. Энэ нь оюутнуудад жендерийн тухай ойлголт, мэдлэг, жендерийн тэгш бус байдлыг ойлгох хандлагыг хөтөлбөрөөрөө, заах арга зүйгээрээ, ашиглаж байгаа ном, сурах бичгээрээ ч олгож болох тэрхүү нөхцөл байдлыг судалснаараа онцлог. Тэгш бус байдал хаана бага байна тэнд хөгжил эрчимтэй явагдаж байдаг. Нийгмийн тэгш бус байдлын үндэс суурь нь жендерийн асуудал. Хөтөлбөрт дүн шинжилгээ хийх нь хувь хүний ур чадварыг хөгжүүлэхэд оруулж буй маш том хувь нэмэр гэж ойлгож болно.

-Сурах бичигт жендерийн мэдрэм­жийг шалган дүн шинжил­гээ хийнэ гэдэг сонирхол татаж байна. Энэ талаар дэлгэрүүлбэл?
-Эрэгтэй, эмэгтэй зохиолчдын номыг уншихад харах өнцөг, өнгө аяс өөр байдаг. Дан нэг хүйсийн зохиогчтой ном, сурах бичиг хэрэглэвэл өрөөсгөл төдийгүй сургалтын стандарт, арга барилд ч нийцэхгүй л дээ. Манай ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудад хэрэглэж буй ном сурах бичгийн зохиолч нь эрэгтэйчүүд давамгай байдаг. Мөн эрэгтэй дүрүүдийг илүү тодотгож, жишээ болгосон байдаг. Энэ нь соёл, нийгмийн хөгжлөөр дамжиж бидний ухамсартай тогтсон ойлголт өгч, эрэгтэй хүн илүү хүчирхэг, давуу талтай, аль ч юмны эхэнд, манлайлж байдаг гэх хэвшмэл ойлголтыг лавшруулж байдаг. Эл тогтсон ойлголт, өөрөөр хэлбэл нийгэмд эрэгтэйчүүд л гол үүрэг гүйцэтгээд, эрэгтэй эрдэмтэд л нээлт хийгээд байгаа мэт ойлголт төлөвшүүлж байна уу эсвэл эсэргээрээ хэвшмэл ойлголтуудыг сааруулах хандлага илэрч байна уу гэдгийг тодруулсан. Хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо эрэгтэйчүүдийнхээс огт дутахгүй гэдгийг залуу үед ойлгуулахад өдгөө манай сургалтад хэрэглэгдэж буй сурах бичгүүдийн үүрэг маш их. Ном, сурах бичигт ашиглаж буй жишээ баримт, дүр нь эрэгтэй, эмэгтэй төлөөллийг эн тэнцүү тусгасан байх, нийгэмд зөв ойлголт төлөвшүүлэх ач холбогдолтой. Өнөөдөр их, дээд сургуульд сурч байгаа оюутнууд, тэр дундаа эмэгтэй оюутнуудын өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой төдийгүй байгалийн ухаан, техникийн чиглэлд цөөхөн байдаг эмэгтэй эрдэмтдийн тоог нэмэгдүүлнэ гэсэн чин эрмэлзэл, итгэл үнэмшил бий болгох юм.

-Гадаадын их, дээд сургуульд жендерийн тэгш байдлын агуулгыг хичээлийн хөтөлбөртөө хэрхэн тусгадаг юм бол?
-Мэргэжлийн хөтөлбөрүүдэд ихэвчлэн бие даасан, тусгайлсан хичээлүүд орж байна. Бидний хувьд ерөнхий эрдмийн суурь хичээлүүдэд л судалгаа хийж үзсэн. Нарийн мэргэжлийн мэргэшүүлэх хичээлүүд гурав, дөрөвдүгээр дамжаанаас орж эхэлдэг. Энэ нь шинжлэх ухааны өөрийн гэсэн тодорхой чиглэлийн хүрээнд орж байх жишээтэй. Хувь хүний ур чадварыг хөгжүүлэх зорилго бүхий ерөнхий эрдмийн хичээлүүдээр жендерийн асуудал хөндөх нь бэрх. Тиймдээ ч гадны орнууд тусгайлсан хөтөлбөр бүхий, бие даасан хичээлийн хөтөлбөр боловсруулсан нь олон. Жендер судлал, хүний хөгжил, соёл судлал, философийн хичээлүүдэд энэ сэдэв бие даасан сэдэв болон орж ирж байна. Эдгээр хүчээлийн агуулга, хөтөлбөрт Зүүн Европын орнууд өөрчлөлт оруулчихсан. Мөн Харвардын их сургууль аль хэдийнэ өөрчлөлт оруулж, арвин туршлагатай болж. Бидний зүгээс зөвхөн хөтөлбөрийн агуулгад анализ хийгээд байгаа. Харин жендерийн анализ хийх, энэ асуудлыг судлах хүрээ нь үндсэн таван чиглэлтэй байдаг. Суралцах орчны хувьд жендерийн хэр мэдрэмжтэй юм гэдэг нь хамаардаг. Аль нэг сургуульд элсэхэд охидын ариун цэврийн өрөөний тоо хөвгүүдийнхээс цөөн эсвэл зориулалтын бус байх, ангид эрдэмтдийн төлөөлөл гэхчлэн дан эрэгтэй эрдэмтдийн зураг дүүрэн өлгөсөн байх нь мөн л жендерийн ойлголт юм. Энэ мэт сургуулийн орчны байдалд өөрчлөлт хийж байдлаар жижиг зүйлээс эхэлж буй сургуулиуд ч байна. Түүнчлэн, дан ганц сургууль гэлтгүй нийгэм, олон нийтийн орчинд ч энэ өөрчлөлтүүд хийгдэж байна. Жишээ нь, явган хүний гарцын тэмдэгт зөвхөн эрэгтэй хүний дүр зураг тавихыг ч хориглосон шийдвэр гаргасан улс орнууд бий.

-Анзаараад байхад их, дээд сургуулийн оюутнуудын дийлэнх нь эмэгтэй байдаг. Гэвч нийгэмд шийдвэр гаргах төвшинд эрчүүд зонхилдог. Энэ тухай үргэлж ярьж, бичдэг ч байдал төдийлэн өөрчлөгдөөгүй санагддаг?
-Дээд боловсрол эзэмшиж буй оюутнуудын хүйсийн байдлыг судлахад охид давамгай байгаан шалтгаан нь ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн олонх нь охид байдагтай холбоотой. Тиймээс массаараа их, дээд сургуульд орох нь ойлгомжтой. Түүнчлэн, элсч буй сургуулиудыг нь харахад техникийн чиглэлийн сургууль улсын хэмжээнд ганцхан байх жишээтэй. Гэтэл хувийн их, дээд сургуулиудын дийлэнх нь нийгмийн ухааны чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж байгаа нь үүнд нөлөөтэй. Өөрөөр хэлбэл нийлүүлэлт нь эмэгтэйчүүд давамгай байна. Гэхдээ их, дээд сургуульд сурч төгсөх нь нийгэмд эзлэх байр суурийг нь дээшлүүлж байна уу гэвэл үгүй. Эмэгтэйчүүдийн ур чадвар, хүсэл сонирхлыг хангах тийм ажлын байр ч хомс байна. Өнөөдөр шинээр бий болж байгаа эдийн засаг, уул уурхай, барилга, зам гэх мэт салбарт өндөр цалинтай ажлын байр бий болж байгаа ч тэнд эмэгтэйчүүд ажиллах байр ховор, нөхцөл бүрдсэн нь цөөн байна. Ажил олгогч нь хүн ажилд авахдаа ч, халахдаа ч хүйсээр ялгаж байгаа нь нууц биш. Хамгийн түрүүнд хүүхэдтэй эмэгтэйчүүд халагддаг. Ар гэрийн ачаалал бага эмэгтэйчүүд ажилтайгаа хоцрох нь элбэг. Өнөөдөр аль ч албан байгууллагын удирдах ажилтны дийлэнх нь эрэгтэй хүн байна. Улсын их, дээд сургуулийн эрэгтэй захирал ховор, бараг байхгүй. Эмэгтэйчүүд шийдвэр гаргахад оролцъё гэхээр хэнхэг, хэрээ мэдэхгүй гэх байдлаар ханддаг.

-Эрэгтэй оюутан цөөн учир багш нар хөвгүүдээ дэмжиж урам өгөх зорилгоор илүү дүн тавьдаг гэх нь бий. Энэ талаар таны бодлыг сонирхвол. Мөн судалгааны дүн?
-Эрэгтэй эмэгтэй оюутны дундаж сурлагын дүн болон эрэгтэй, эмэгтэй багшийн тавьж байгаа дүнгийн зөрүүтэй байдал хэр байна гэдэг дээр судалгаа хийж үзсэн л дээ. Эсрэг хүйстнээ дэмжих,  дэмжихгүй байна гэдэг ганц хоёрхон үзүүлэлтээс харагдахгүй. Нийгмийн харилцаа маш олон хүчин зүйлээс хамаарна. Судалгаанаас үзэхэд хичээл зааж байгаа багшийн хүйсийн ялгаа дүнд нөлөөлөхгүй байгаа нь нотлогдсон. Харин багш нарыг хичээлээ заахдаа жендерийн мэдрэмжтэй байна уу, үгүй юу гэдгийг шалгахад ерөнхийдөө сөрөг гарсан. Эрэгтэй оюутнуудыг хариуцлагагүй, хайнга боловч ур чадвар сайн, эмэгтэй оюутныг нямбай, хичээнгүй гэсэн дүрээр багш нар харж байна. Тиймээс эрэгтэй оюутныг яаж хариуцлагатай, сууж чаддаг, нягт нямбай болгох вэ эсэргээрээ эмэгтэй оюутнуудаа яаж хурдан сэтгэдэг, ур чадвартай болгох вэ гэдэгт анхаарч ажиллах хэрэгтэй байгаа юм. Нямбай хариуцлагатай эмэгтэйчүүд байгууллагад туслах чанарын л ажил сэтгэн бодох чадвар сайтай хариуцлагагүй гэдэг эрэгтэйчүүд дарга дээд албан тушаалын ажил  голчлон хийж байна шүү дээ.

-Багш нарын заах арга зүйг жендерийн мэдрэмжтэй болгох ямар арга хэмжээ авах талаар зөвлөмжид тусгах уу?
-Дээр хэлсэнчлэн ерөнхий эрдмийн суурь хичээлүүдэд судалгаа хийсэн. Мэргэжлийн ур чадвар олгодог хичээлүүдэд жендерийн эрх тэгш байдлыг байнга тусгана гэвэл хэцүү. Тиймээс багш өөрийнхөө заах арга барилаар дамжуулан эрэгтэй, эмэгтэй оюутны суралцах үйл ажиллагаанд гарч буй ялгааг судалж, ядаж л оюутны дундаж дүн дээр анализ хийж  байх нь чухал. Багш нар эрэгтэй эмэгтэй оюутны онцлогийг хичээлдээ харгалзаж байх нь чухал юм.

-Багш нар судалгааны үр дүнг яаж хүлээж авсан вэ?
-Багш нар их эерэгээр хүлээж авсан шүү.  Энэ асуудлыг анхаарч бодууштай юм байна гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн. Наанадаж оюу­тан хичээлийн танхимын хаана сууж байгаагаас үл хамаарч өөр өөр үнэ­лэлт өгдөг тал бий. Жишээ нь, том биетэй эрэгтэй оюутан дандаа хойно суу­гаад байвал хичээлээ хийхгүй зал­хуурч хойрголлоо гэж боддог байлаа. Гэтэл нөгөө том биетэй хүүг бага ангид байхаас нь л багш нь үргэлж хойгуур суу, хүүхэд хааж байна гэсээр өөрийгөө хойно суух ёстой гээд ойлгосон болохоос залхуу хэнэггүйдээ энд суугаагүй гэж сүүлд тайлбарлаж байсан. Хүнийг шууд хараад тогтсон хандлагаараа дүгнэж болохгүй. Энэ бол сургуу­лийн орчин өөрөө жендерийн мэд­рэмжтэй байгаа эсэхийн хамгийн эн­гийн жишээ юм. Тиймдээ ч их, дээд сургуулиудад налуу шатлалтай лек­цийн танхим бэлдэх ёстой байдаг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан