Б.МЯГМАРЖАВ
Нийслэлд алга дарам газар хэдэн саяар үнэлэгдэж, өдөр ирэх бүр зай завсаргүй барилга сүндэрлэсээр байна. Харамсалтай нь, үүнээс болж нийслэлийн ерөнхий төлөвлөгөө алдагдах, эмх замбараагүй барилга барих, хүүхэд тоглох талбайгүй, түргэн, галын гэх мэт онцгой байдлын үед арга хэмжээ авах боломж хомсдох байдал үүссээр байгаа билээ. Тиймээс нийслэлээс нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон шийдвэр гаргаснаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд дуулгалаа. Тэрээр “Нийслэлийн удирдлагуудад иргэдийн зүгээс эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байгаа талаар гомдол их ирдэг. Нэг өглөө босоход хорооллын дунд газар ухаад, бизнесийн зориулалттай барилга барьдаг, бас нэг өдөр цэцэрлэг, сургуулийн хашаан дотор газар ухдаг байдлыг зогсоож өгөөч гэсэн хүсэлт байнга ирдэг. Бид НИТХ-аар “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөр батлуулсан. Иргэдийн аз жаргалтай амьдралын үндэс нь эрүүл, аюулгүй, амгалан тайван орчинд амьдрах юм. Энэ эрхийг баталгаажуулах үүднээс Нийслэлийн Засаг даргын хувьд дээрх шийдвэрийг гаргалаа. Өнөөдрөөс нийслэлийн оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор орон сууцны хороолол дундах нийтийн эзэмшлийн талбайд бизнесийн зориулалтаар барилга барихыг зогсоож байна. Дахиж миний гарын үсэгтэй нэг ч ийм шийдвэр гарахгүй. Харин орон сууцны хороолол дундах талбайд зөвхөн нийтийн зориулалттай автомашины зогсоол барьж болно. Ингэхдээ газар доор хоёроос гурван давхар зогсоол барьж, дээр нь ногоон байгууламж, тоглоомын талбай байгуулахыг зөвшөөрнө” хэмээн ярьсан.
Түүнчлэн хоёр болон түүнээс дээш жилээр эзэмшиж буй газраа ашиглаагүй 219 иргэн, хуулийн этгээд байгаа гэнэ. Үүний 103 нь хашаа барьсан бол 116 нь хашаа ч бариагүй байсан аж. Зургаан дүүргийн хэмжээнд 121 хуулийн этгээд 13,13 га газар хэтрүүлэн ашигласан гэсэн судалгааг нийслэлийн Газрын албанаас гаргаад байна. Мөн нийтийн эдэлбэрийн газарт хашаа хайс барилга байгууламж барьсан 430 обьект, хайс 208, зөвшөөрөлгүй ТҮЦ 168, контейнер /чингэлэг/ байрлуулсан 54 иргэн болон хуулийн этгээд байгааг илрүүлжээ.
Харин сургууль, цэцэрлэгийн эдэлбэр газарт тухайн сургууль, цэцэрлэгийг өргөтгөж, суудлын болон орны тоог нэмэх төсөлд зөвшөөрөл олгох аж. Мөн орон сууцны хороолол доторхи нийтийн эзэмшлийн талбай, сургууль цэцэрлэгийн эдэлбэр газарт барилга байгууламж барихтай холбоотой өмнө нь гарсан шийдвэр хууль зөрчсөн байвал хүчингүй болгох гэнэ. Ингэснээр нийслэлийн иргэдийн аюулгүй, амар тайван орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм. Мөн энэхүү шийдвэрийн хүрээнд Улаанбаатар хотын ерөнхий менежер арванхоёрдугаар сарын 1-ний дотор нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулж, Засаг даргын зөвлөлд танилцуулахаар болсон байна.
Э.Анар: Зарим газрын эрхийг цуцалж тохижилт хийнэ
Дээрх асуудалтай холбогдуулан нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анараас зарим зүйлийг тодрууллаа.
-Газраа эзэмшиж ашиглаагүй 219 тохиолдол байна гэсэн. Эдгээрийн газар эзэмших эрхийг цуцлах уу?
-Энэ 219 иргэн, хуулийн этгээд нь газрын зөвшөөрөлтэй байгаа. Зарим нь газрын зөвшөөрлийн бичиг баримт нь дутуу эсвэл ямар нэгэн зөрчилтэй ч зөвшөөрөл нь бий. Нэгэнт барилгын ажлууд явагдсан, барилга нь боссон бол яах ч аргагүй. Тиймээс тухайн газарт нь судалгаа хийж шийдвэр гаргана.
Одоо харин цаашид орон сууцны дунд болон сургууль, цэцэрлэгийн ойр орчимд газар эзэмших эрх олгохгүй. Өөрөөр хэлбэл, хот төлөвлөлтийн хувьд нэлээд орон зайтай болно гэсэн үг.
-Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Манайхаас орон сууцны хороолол дундах газарт ногоон байгууламж байгуулах зөвшөөрөл олгохоор тухайн газрыг нь ямар нэгэн байгууллага эзэмшчихсэн байдаг.
Тэгэхээр нийслэлээс хөрөнгө оруулалт хийж, ногоон байгууламж баръя гэхээр бусдын эзэмшилд халдах гээд байдаг. Энэ газруудыг шүүхийн шийдвэрээр юм уу нөхөн олговор өгөх байдлаар эрхийг нь цуцална. Ингээд тухайн орчинд нь нийтийн эзэмшлийн тохижилт хийнэ.
-Барилгын компани барилга барих гэж байгаа бол нийт талбайнхаа 30 хүртэлх хувьд ногоон байгууламж барина гэсэн журам бий. Энэ журмыг аж ахуйн нэгжүүд хэр мөрдөж байна вэ. Миний харснаар бараг мөрддөггүй?
-Манайх ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талаар ЗАА-тай хамтран ажиллаж байна. Гол нь тухайн жилийн хөрөнгө оруулалтаас шалтгаалдаг. Одоо ногоон байгууламж 70:30 харьцаатай байх ёстой гэсэн хууль мөрддөг ч үүнийг дагаж байгаа нь ховор байна.
-Нийслэлийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний талаар мэдээлэл өгөөч?
-Нийслэлийг 2020 онд хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө 2013 онд батлагдсан. Энэ хөтөлбөрийг цааш нь үргэлжлүүлж хэрэгжүүлнэ. Харин авто зам, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол гээд дэд хөтөлбөрүүдийг нь боловсруулаад явж байна.
Энд боловсрол гэсэн дэд хөтөлбөрөөр хаана хэдэн хүүхдийн сургууль барих вэ гэсэн тооцоолол нь хийгдэнэ. Гэхдээ төлөвлөгөө ёсоор бүтээн байгуулалт хийх хөрөнгийг нь төсөвт суулгах асуудал үргэлж л хүнд байдаг.