Б.БИЛГҮҮН
Өвөл тэшиж уначих гээд, урь орохоор угаадас нь урсаж, үнс бужигнадаг, эд өвөлдөө агаарын бохирдол хэвийн хэмжээнээс давдаг... гээд гэр хорооллын бүст өдөр тутмын амьдралын шаардлага нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн хэвээр байна. Аль ч цаг үеийн Засгийн газар гэр хорооллын бүсийг багасгах замаар агаар, хөрсний бохирдлыг сааруулах үе шаттай ажил хэрэгжүүлдэг ч утаа нүдэнд харагдах хэмжээнд байгаа нь аюул алга болоогүй гэсэн үг.
Эд хүйтний үед гэхэд л том ширхэгт тоосонцор нүдэнд үзэгддэг нь адаглаад амны хаалт зүүж явахыг сануулдаг ч тэр бүр хэвшил болгоогүйн улмаас агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөлийн 76 хувийг амьсгалын замын өвчлөл эзэлсэн хэвээр байна. Мөн хүн амын 23-24 хувь нь амьсгалын замын өвчтэй, дөнгөж төрсөн хүүхдүүдийн 3-4 хувь нь хүчилтөрөгчийн дутагдалтай гэх баримтууд зөвхөн агаарын бохирдолтой холбоотой болохыг эрүүл мэндийн байгууллага тогтоожээ. Засгийн газраас сайжруулсан зуух тарааж нүүрсний шаталтыг сайжруулах арга хэмжээ авсан ч өнөөдрийн байдлаар 52 мянга гаруй өрх энгийн зуух хэрэглэсэн хэвээр байгаа юм. Харин эд өвлийн улирал эхэлж буйтай холбогдуулан Ж.Эрдэнэбатын Засгийн газар гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөллөө.
Ингэснээр шөнийн галлагааны оронд цахилгаан үүсгүүртэй төрөл бүрийн халаагч хэрэглэхийг санал болгож буй юм. Цаашдаа Агаарын бохирдлыг бууруулах санг дахин сэргээх эсэх асуудлыг хэлэлцэж, агаарын бохирдлыг бууруулах бодлогоо хэрхэн үргэлжлүүлэх вэ, гэдгээ шийдвэр гаргах түвшинд тодорхойлох нь...
Харин өчигдөр хоёр байнгын хороо нэгдэн хуралдаж, хөл доор буюу хөрсөнд үүссэн бохирдол, бохирдлыг хэрхэн багасгах асуудлаар санал солилцлоо. “Ариун цэврийн байгууламж-Нүхэн жорлон” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн А.Сүхбат, Д.Сарангэрэл, М.Билэгт, Ц.Цогзолмаа, Б.Батзориг болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нарын эрх баригч оролцсон юм.
Хөрсний бохирдлын голлох шалтгаан нь модон жорлон
Монгол Улсын хөрсний бохирдлын голлох эх үүсвэрт уул уурхай, малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр, гэр хорооллын ариун цэврийн байгууламж, хог хаягдал, автомашин зэрэг багтдаг байна. Харин Улаанбаатар хотын буюу хот суурин газарт ариун цэврийн байгууламжтай холбоотой хөрсний бохирдол өндөр хувьтай гарсан байна. Энэ бол органик гаралтай бохирдлын талаарх яриа гэдгийг иргэд мэдэж буй байх.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар хотын нүхэн жорлонд нэг хоногт хуримтлагдаж буй бохирын хэмжээг тогтоосон байх бөгөөд нэг хүн өдөрт 1.2 литр шингэн, 200 грамм өтгөн гадагшлуулдаг гэж тооцжээ. Нэг өрхийг дунджаар дөрвөн хүнтэй гэж тооцоод 4.3 литр шингэн, 720 грамм өтгөн гаргадаг байна. Үүнийг нийт гэр хорооллын өрхийн хэмжээнд авч үзвэл нийслэлд өдөрт 945 мянган литр шингэн, 157.5 кг өтгөн цугларч, өдөр бүр ойролцоогоор нэг сая литр бохир нүхэн жорлонгоор дамжин хотын хөрсийг бохирдуулж байгаа аж. Хөрсний нянгийн бохирдлоос үүдэн нийслэлд бүртгэгдсэн халдварт өвчний 9.9 хувийг гэдэсний халдварт өвчин эзэлж байгаа бол гар, хөл, амны өвчлөлийн 84.1 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Тэгэхээр агаарын бохирдол болоод хөрсний бохирдол нь хүний эрүүл мэндэд шууд нөлөөтэй байгаа юм.
Нийслэлийн 2015 оны статистик мэдээллээр Улаанбаатар хот нийт 1.345.500 хүн ам, 376.419 өрх байгаа аж. Үүнээс орон сууцанд 157.754 өрх, гэр хороололд 218.665 өрх амьдарч байгаа бөгөөд гэр хорооллын дээрх өрхүүд 100 мянга гаруй нүхэн жорлон ашиглаж байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулсан юм.
Ямар арга хэмжээ авч байсан, цаашдаа юу хийх вэ
Тооцоо судалгаагаар хөрсний борихдол үүсчихсэн, тэр нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа юм бол Засгийн газар ямар арга хэмжээ авах ёстой вэ, гэх асуулт тавигдана.
Өмнөх Засгийн газар энэ төрлийн тооцоо судалгааг эхлүүлсэн бөгөөд 77 цэгээс хөрсний дээж авч нян болон хүнд металлын, цацрагийн бохирдлыг шинжлэхэд хөрсний бохирдол аюултай төвшинд хүрсэн гэдгийг мэдээлж байсан юм. Улмаар Улаанбаатар хотын нийт газар нутгийн 12 хувь нь нянгаар бохирдоогүй буюу 88 хувь нь бохирлогдсон байгаа гэсэн тоо баримтыг дэлгэжээ. Харин бохирдуулж буй хүчин зүйл нь нүхэн жорлон болон ил задгай бие засах газар шингэн болон хатуу хог хаягдал, мөн хөрсний хүчтэй эвдрэл, үйлдвэрийн хог хаягдал, лагаас болж байгааг тогтоосон байдаг. Тиймээс “Нарантуул”, “Хүчит шонхор”, “100 айл”, “Да хүрээ” зэрэг худалдааны төвийг хотоос гаргах асуудлыг ярьж, гэр хорооллын модон жорлонгийн стандартыг шинэчилсэн.
Гэвч, томоохон захыг нүүлгэх асуудлыг иргэд дэмжихгүй байгаагаас одоогийн Засгийн газар ч хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч мэдэхээр байгаа юм. Харин жорлон ухахдаа хөрсний уснаас дээш хоёр метрээс багагүй түвшинд ухана, нүхний эзлэхүүнийг хэрэглэгчийн тооноос хамааруулан тооцно зэрэг “боловсон” стандартууд одоо хүртэл хэрэгждэггүй. Мөн энэ удаад хөрсний бохирдлын асуудлыг хөндсөн эрх баригчид модон жорлонтой “нүүр тулаад” хэрхэн шийдвэрлэхээ хэлж мэдэхгүй байв. Гэхдээ төрийн болон төрийн бус байгууллага, Олон улсын донор байгууллагууд багагүй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа боловч нэгдсэн удирдлага, мэдээллийн сан байхгүй, иргэдийн өөрсдийн ухамсар, мэдлэг мэдээлэл дутмаг, хариуцлагагүй байдал хөрсний бохирдлын хэмжээг нэмэгдүүлэхэд нөлөөлж байгаа гэж ерөнхийд нь дүгнэсэн юм. Мөн байгаль орчны бохирдлыг бууруулахад чиглэгдсэн хууль, эрх зүйн орчин хангалттай бүрдсэн боловч түүнийг хэрэгжүүлэх шатандаа төрийн байгууллагуудын уялдаа холбоо муу, хариуцлагын тогтолцоог төлөвшүүлээгүй байгаа гэж үзсэн тул шинэ норм, стандарт гэхээс илүү хяналт, хэрэгжилтийг “эзэн”-тэй болгох чиглэлээр ажиллах бололтой. Ингэснээр суурийн нүх, шал, бүхээг, хаяавч, агааржуулалтын хоолой зэргээс бүрдсэн стандарт жорлонтой болоход чиглэсэн арга хэмжээ авах боломжтой.
Харин нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон хөндлөнгийн байгууллага, професорууд эдгээр ажлаас гадна хуримтлагдсан бохирыг ашиглах олон улсын туршлагаас суралцах ёстой гэж байна. Жишээ нь, ШУТИС-ийн профессор Д.Басандорж “Нүхэн жорлон дахь өтгөн, шингэнийг бохир гэж харахаас илүүтэй дахин ашиглах нөөц, эдийн засгийн эргэлтэд оруулж болох “баялаг” гэдэг талаас нь хандах цаг ирсэн. Тухайлбал, олон улсад төдийгүй манай улсын эрдэмтэн судлаачдын туршиж, хэрэгжүүлж байгаа хэд хэдэн технологийн шийдэл, гарцыг ашиглан өтгөн, шингэнийг дангаар нь болон үнс, нүүрстэй хольж бордоо хийх, биохий, биогэрэл, биоцахилгаан үйлдвэрлэх бололцоотой” гэсэн юм.
Сургууль, цэцэрлэгийн жорлонд 70.2 тэрбум төгрөг шаардлагатай
Айл, өрхөөс гадна боловсон бие засах газаргүй сургууль, цэцэрлэг олон байдаг. Өнгөрсөн жил 12 аймгийн 24 цэцэрлэгийн барилгыг 19 тэрбум төгрөгөөр, зургаан аймгийн 12 сумын дотуур байрыг таван тэрбум төгрөгөөр, найман аймгийн есөн сургуулийг 20 тэрбум төгрөгөөр барьсан юм. Харин энэ онд 10 аймгийн 11 цэцэрлэгийг 22.2 тэрбум төгрөгөөр, зургаан аймгийн долоон сумын дотуур байр, есөн аймгийн 13 сургуулийг шинээр барьж ашиглалтад оруулсан бөгөөд ариун цэврийн байгууламжийг иж бүрэн шийдсэн байна.
Гэвч үлдсэн нийт 669 цэцэрлэг, сургуулийн 160.100 хүүхдийн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийг байгуулахад 70.2 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм байна. Мөн орон нутгийн цэцэрлэг, сургуулийн ариун цэврийн байгууламжийг сайжруулахад Дэлхийн зөн, НҮБ-ын Хүүхдийн сан, Азийн хөгжлийн банк, “Мобиком” корпорац зэрэг байгууллага өөрсдийн хувь нэмрийг оруулдаг байна.