Ж.ЖАМУХА
Өнгөрөгч амралтын өдрүүдэд их хэмжээний цас орсны улмаас орон нутгийн замуудад хальтиргаа гулгаа үүсч, зам тээврийн осол гарах эрсдэл нэмэгдсэн талаар холбогдох байгууллагуудаас анхааруулж байна. Зөвхөн энэ сарын 5, 6-ны байдлаар хөдөөгийн замд болсон зам тээврийн ослын улмаас улмаас зургаан хүн амь насаа алдаж, арав гаруй хүн шуурганд төөрч, цасанд суусан гэх мэдээ байна. Түүнчлэн, нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын дуудлага жирийн үеийнхээс даруй 30 хувиар өссөн тухай Замын цагдаагийн газраас мэдээлсэн. Дээрх бүх ослын дийлэнх нь хальтиргаатай замд хурд хэтрүүлсэн, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцсоноос үүдэлтэй аж. Нийслэлийн хэмжээнд хальтиргаа гулгаанаас сэргийлж цас цэвэрлэх ажлыг цаг тухайд нь хийж байгаа ч хөдөөгийн зам эрсдэлтэй хэвээр байгаа бөгөөд энэ сарын 10-12-ны өдрүүдэд дийлэнх нутгаар цас орох төлөвтэй байгааг анхаарууллаа. Тиймээс жолооч нарыг тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг албаны хүмүүс анхааруулсаар байна. Энэ тухай холбогдох байгууллагын мэргэжилтнүүдээс тодруулснаа хүргэе.
Д.Бауыржан: Дүүргүүд 453 тонн бодис, 929 тонн давсны нөөцтэй байна
Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн ахлах диспетчер, инженер Д.Бауыржанаас нийслэлийн хэмжээнд цас мөс цэвэрлэх ажил хэрхэн хийгдэж байгаа болон давс, бодисын хүрэлцээ, нөөц ямар байгааг тодрууллаа.
-Хотын захын замууд тэр дундаа Нисэх-Яармаг, 22-ын товчооны чиглэлд давс, бодис цацах ажил хийгдэхгүй байна хэмээн жолооч нар гомдоллож байна. Бодисийн хүрэлцээ муу учир хотын захын замуудад цацахгүй байна гэх нь ч бий?
-Зам, цас мөс цэвэрлэгээний ажлын хувьд юуны өмнө шүүрдэх, хусах байдлаар цэвэрлэхийг гол болгож байна. Хямралтай, эдийн засаг хүнд байгаатай холбоотой давс, бодисны нөөц энэ жил харьцангуй бага байгаа. Тиймдээ ч хэрэглээгээ танасан. Нисэх-Яармагийн замын тухайд өглөө (өчигдөр) манай ажлын хэсэг очиж шалгасан, байдал хэвийн гэх дүгнэлт хийсэн. Гагцхүү жолооч нар хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцвол осол аваар гарах нөхцөл бүрдээгүй гэж дүгнэсэн. Ер нь, нөөц тааруу байгаа учир давс, бодисоо өнгөрсөн жилүүдийг бодоход арай багаар гэхдээ үр дүнтэй хэрэглэхийг зорьж байна. Хавар болтол хэдэн ч удаа цас ороо билээ. Тэр бүхэнд бэлэн байх ёстой шүү дээ. Сая орсон цаснаар нийт 270 орчим тонн давс, бодисыг замын хальтиргаа гулгаа үүсэхээс хамгаалж хэрэглэсэн байна. Дүүргүүдийн нөөцөнд нийт 522 тонн бодис байснаас 69 тонныг нь хэрэглэж 453 тоннын үлдэгдэлтэй байгаа бол давс 1129 тонноос 200-г нь хэрэглэж 929 тонн үлдээд байна. Энэ бол хотын төвийн зургаан дүүргээс ирсэн дүн мэдээ, алслагдсан гурван дүүргийн мэдээ хараахан ирээгүй байна. Мөн өнөөдөр (өчигдөр) 12:00 цагийн байдлаар хотын хэмжээнд 521 шар хантаазтан, 19 техниктэйгээр цас цэвэрлэх ажилд оролцож байна. Найрамдал, Өвөр согоот, Санзай хавийн хотын захын замууд цастай, бага зэрэг хальтиргаатай байгааг эс тооцвол хотын хэмжээнд цас цэвэрлэх ажил ерөнхийдөө жигдэрч байна.
-Ер нь, жилд дунджаар хэдий хэр давс, бодис зам дээр ашигладаг вэ?
-Өвөлдөө хэчнээн удаа, хэдий хэр цас унахаас л болно. Энэ өвөлдөө давс бол хангалттай хүрнэ гэж тооцож байна. Яахав, бодис харьцангуй бага байгаа ч цагаан сар хүртэл хэрэглэх хэмжээний нөөц бий гэж тооцоолж байна. Хавар тийшээ бодис нэмж авах байх.
-Нөхцөл байдал хүндэрсэн үед Налайх, Багануур, Төв аймаг гэхчлэн хотоос гарах замуудад нийслэлээс ажилладаг уу?
-Гулгаа их үүсч, осол аваар гарах нөхцөл бүрдсэн, цас их унасан гээд онцгой тохиолдолд хотоос бодис, давс явуулах үе бий. Гэхдээ нийслэл маань товчоонуудаар хязгаарлагдаж буйн хувьд нөхцөл байдал хэвийн үед Налайх, Багануур дүүргүүдийг хариуцаж буй компаниуд цас мөсөө цэвэрлэх үүрэгтэй.
-Хогны машинууд төв зам дагуух цасыг ачиж байгаа харагдсан. Ачсан цасаа хаана асгадаг вэ?
-Хот тохижилтын газрууд өөрсдөө том хашаа, агуулахтай л даа. Ерөнхийдөө тэндээ аваачиж асгах байдлаар цасаа цэвэрлэж байна. Түүнчлэн, ачсан цасаа агуулах, хашаандаа буулгаж хайлсан хойно нь үлдсэн давсыг дахин ашиглах үүрэг өгсөн. Үүний дагуу ачсан цас хайлсны дараа үлдсэн давсыг дахин ашиглах байдлаар хэмнэж байгаа хэрэг.
-Цас орсон үед албан байгууллагууд 50 метр орчмын талбайгаа цэвэрлэх үүрэгтэй. Энэ журам хэвээр үйлчилж байгаа биз дээ?
-Тийм, 2013 оны журам хуучнаараа хэрэгжиж байгаа. Энэ дашрамд хэлэхэд иргэд, аж ахуй нэгжүүд 50 метр доторхи талбайгаа цаг тухай бүрт нь цэвэрлэж өрөөл бусдыг бэртэж гэмтэхээс сэргийлэх хэрэгтэй байна. Цас орсон өдрөөс аваад зам тээврийн осол гэхээс илүү явганаас унаж бэртсэн тохиолдол маш их гардаг. Тиймээс талбайн цасаа цэвэрлэхэд хүн бүр идэвх оролцоо гаргаарай.
Ч.Туяа: Аминаас үнэтэй ажил төрөл гэж байхгүй болохоор хөдөө замд яарч гарах хэрэггүй
Онцгой байдлын ерөнхий газрын мэргэжилтэн Ч.Туяагаас өнгөрсөн өдрүүдэд орон нутагт гарсан осол аваарын талаар тодрууллаа.
-Дархан, Эрдэнэтийн замд таван хүн сураггүй болсон гэх мэдээ бий. Энэ хүмүүс олдсон уу. Мөн цас орсны улмаас хөдөөгийн зам дахь осол аваар хэр өссөн бол?
-Энэ сарын 4-нөөс авахуулаад баруун аймгийн нутгуудаар орж эхэлсэн цас 5, 6-нд баруун болон зүүн аймгийн нутгаар орж, зарим газраа цасан шуурга шуурсан. Цаг агаарын байгууллагаас манайд ирсэн мэдээллээр Увс, Баян-Өлгий, Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Орхон, Хэнтий, Дорнодын хойд сумдын дагуу их хэмжээний цас орж, зарим газраа 20 см гаруй орсон. Үүнтэй холбоотой онцгой байдлын албанаас холбогдох байгууллагуудтай хамтран сэрэмжлүүлэх, анхааруулах мэдээг цаг тухайд нь иргэд, олон нийтэд хүргэж байсан. Дарханы замд 20-иос дээш насны таван хүн сураггүй болсныг шуурхай ажилласны дүнд олсон. Дээрх хүмүүс ямар нэг бэртэл гэмтэл, хөлдөлтгүй эрүүл саруул олдсон. Мөн Сэлэнгэ, Төв аймгийн нутаг дэвсгэрт 10 гаруй хүн сураггүй болсныг эс тооцвол өөр ноцтой дуудлага ирээгүй. Дээрх хоёр тохиолдолд онцгой байдлын алба хаагчид шуурхай ажилласны дүнд хүний амь эрсдээгүй.
Хэдий салхи шуурга ихтэй байсан ч ослын дуудлага харьцангуй цөөн байсан гэж болно. Мэдээж өвөл болж байгаа учир цас орох, замын нөхцөл байдал хүндрэх нь ойлгомжтой. Тиймээс иргэд маань юуны өмнө өөрийнхөө болоод хамт зорчин яваа хүмүүсийнхээ аюулгүй байдлыг сахин хамгаалах ёстой. Наанадаж тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг сайтар хангах хэрэгтэй байна. Хоёр хоног цас ороод тогтчихлоо гэж тайвширч болохгүй. Ойрын хоёр, гурав хоногт бүх нутгаар тогтуун, дулаан байх төлөвтэй байна. Гэхдээ энэ нь нэг талаас хөдөө орон нутагт зорчиж буй иргэдийн хувьд таагүй л дээ. Өдөрт нь хайлсан цас шөнөдөө мөстөж хононо, тэр хэрээр замын нөхцөл байдал хүндэрнэ. Орон нутагт замын хажуу руу машин гулгаж орсон тохиолдол ганц нэг бүртгэгдсэн.
-Зам, даваа цасанд боогдсон тохиолдол гарав уу?
-Үгүй, харьцангуй гайгүй байлаа. Энд нэг зүйлийг онцлоход манай байгууллагаас гаргаж буй сэрэмжлүүлэг мэдээллийн хүртээмж өндөр байдаг. Гэтэл сэрэмжлүүлэг мэдээ хүргэсээр байтал, цасан шуургатай үед зам, даваанд цагдаагийн алба хаагчид хяналт тогтоож, гарц, шалган нэвтрэхийг хориглосоор байтал дур мэдэн явдаг. Улмаар засмал замаас гарч, шороон замд суух, төөрөх тохиолдол их гардаг. Цасан шуургатай үед салхины хурд 8, 9 м.секунд хүрэхэд л тал газар үзэгдэх орчин хязгаарлагдмал болдог. Энэ бүгд цэвэр иргэдийн ухамсартай холбоотой асуудал л даа. Амь наснаас үнэтэй ажил төрөл гэж үгүй болохоор яарч адгалгүй өөрийн болоод бусдын аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй. Ядаж л бензин шатахууны нөөцтэй явж байх хэрэгтэй. Хол, ойр гэлтгүй дулаан хувцас, татлага олс, нөөц дугуй, багаж сэлбэг авч явах хэрэгтэй. Түүнчлэн, гол мөрөн, нуур усны дагуу мөс, мөсөн бүрхүүл тогтсон гээд зам товчлох зорилгоор тээврийн хэрэгсэлтэй ордог, ердийн хөсгөөр нэвтэрдэг, мал туудаг гээд эрсдэлтэй алхам хийдэг. Яг өнөөдрийн байдлаар мөс цөмрөх эрсдэлтэй байгаа. Тиймээс хот хөдөөгийн ялгаагүй гол мөрөн, нуур усны мөстсөн хэсгээр ямар нэг байдлаар зорчихгүй байхыг анхааруулж байна.
Л.Амаржаргал: Ганцхан өдөрт 438 ослын дуудлага ирсэн
Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах тасгийн мэргэжилтэн Л.Амаржаргалаас нийслэлийн хэмжээнд ирсэн ослын дуудлага, осол аваар гарч буй шалтгааныг тодрууллаа.
-Цас их орсны улмаас зам тээврийн ослын дуудлага нэмэгдсэн, таван хүн амь насаа алдлаа гэх мэдээллийн дагуу тодруулж байна?
-Өнгөрөгч амралтын өдрүүдэд зам тээврийн ослын дуудлага эрс өссөн. Ялангуяа, хагас сайн өдөр ослын дуудлага 438-д хүрсэн нь жирийн өдрүүдээс 20, 30 хувиар өндөр үзүүлэлт. Дийлэнх ослын шалтгаан ердөө л зуны дугуйтай хөдөлгөөнд оролцсоноос үүдэлтэй байна. Цас их орсон, хальтиргаа гулгаа ихтэйг мэдсээр байж зуны дугуйтай машинаар хөдөлгөөнд оролцож байна. Улмаар машинтай шүргэлцэх, мөргөлдөх, замын хажуу руу орох гээд ялихгүй зүйлээс болж эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох нь их байна. Түүнчлэн, зохиомол түгжрэл ихэвчлэн өгсүүр зам дээр үүсч байна. Зуны дугуйтай автомашин хялмаа төдий цасан дээр хий эргэдэг, гулгадаг. Үүнээс үүдэж хотын захын хороолол тэр дундаа өгсүүр замтай гэр хорооллуудад цөөнгүй осол бүртгэгдсэн.
Мөн орон нутгийн замд хүний амь нас эрсэдсэн тохиолдол гарсан. Цас орсон хоёр хоногт л гэхэд орон нутгийн замд гарсан ослын улмаас зургаан хүний амь нас эрсэдсэн байна. Хотын хэмжээнд цас орсон даруйд цэвэрлэгээний ажил хийгддэг бол хөдөөгийн зам тийм биш. Тиймдээ ч цас орсон даруйд гулгаа үүсч, асвальтан гадаргуу нь бүрэн цасанд дарагдах тохиолдол гардаг. Тиймээс жолооч нар хөдөөгийн замд хурдаа зөв сонгож хөдөлгөөнд оролцох хэрэгтэй байна. Угтаа хөдөө замд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн дундаж хурд 70-100 км.цаг байдаг. Задгай газар, шулуун голдуу үргэлжлэх замд гарснаа хурд хэтрүүлж байна гэж ойлгодоггүй. Тиймдээ ч осол аваар их гарч байна.