Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх оноос түргэн тусламж онгоцоор хүрдэг болно

Алслагдсан аймгийн орон нутгийн иргэд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг тэр бүр хүртээд байдаггүй. Уг нь, ямар нэгэн бичиг баримт шаардахгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ганц байгууллага учир иргэд тусламж авах сонирхолтой байдаг. Гэвч түргэн тусламжийн машин, тоног төхөөрөмж, эмчийн хүрэлцээ зэргээс шалтгаалан иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг сэтгэлд нь нийцүүлж өгч чаддаггүй.

 Иймээс  өнгөрсөн онд  “Явуулын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах” төслийг Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймагт хэрэгжүүлсэн юм. Төслийн хүрээнд дээрх таван аймагт мобайль технологийн тоног төхөөрөмжийг олгожээ. Ингэснээр халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлж, орон нутгийн эрүүл мэндийн системийг илүү бэхжүүлэн, хүн бүрт хүрч ажиллах боломж нөхцөл бүрдэж байгаа аж.

Энэ талаар  ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др. Су Нюунт-У “Өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ-ын гишүүн 190 орон тогтвортой хөгжлийн зорилтуудыг батлан гаргасан. Монгол Улс өөрийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг батлан гаргасан. Үүний хүрээнд, хэнийг ч орхигдуулахгүй байх гэсэн зарчмыг баримталсан. Эрүүл мэндийн чанартай хүртээмжтэй тусламж үйлчилгээг хүртээнэ. Монгол Улс суурьшил багатай тархай бутархай энэ тэнд суурьшсан нүүдэлчин ард түмэн.

Тиймээс суурьшсан эрүүл мэндийн төвд очиж үзүүлэх нь дандаа оройтсон байдаг. Өвчин нь хүндэрсэн үед эмнэлэг барааддаг гэсэн үг. Тухайлбал, Элэгний B, C вирус байна. Ихэнх нь элэгний цироз болсон үед эмнэлэгт хандаж байна. Цироз үүснэ гэдэг нь  элэгний хавдар үүсэх нөхцөлийг бүрдүүлчихсэн байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд эрт илрүүлгийг хийж байх ёстой” хэмээн ярьсан юм. Тэрээр цааш нь “Нүүдэлчин, тархай бутархай соёлтой монгол оронд иргэн бүрт хүрч үйлчлэх  явуулын оношилгоо технологи нь шалгарсан арга. Энд бүх төрлийн халдварт болон халдварт бус өвчний илрүүлгийг хийэ байна. Жишээ нь, БЗХӨ, Элэгний вирус, сахарын түвшин, зүрхний цахилгаан бичгийг тухайн айлд нь очиж хийгээд мэдээллийг нь эрүүл мэндийн нэгдсэн санд хадгалж байгаа. Ямар нэг өвчнийг эрт илрүүлсэн тохиолдолд тухайн хүний амийг аврах боломж өндөр байдаг. Тиймээс манайхаас эрт илрүүлгийг жил бүр хийгээч ээ гэж зөвлөж байгаа. Эрүүл мэндийн яамнаас явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэх журам гаргасан. Энэ журмын дагуу бүх аймгууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх болно. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь шилэн кабельтай болсон гэсэн. Тэгэхээр уулын мухарт авсан эрүүл мэндийн шинжилгээг эмнэлгийн төвд хүргэх боломжтой болж байна гэсэн үг” хэмээв.

Одоогоор ДЭМБ-аас таван аймагт халдварт бус өвчнийг эрт илрүүлэхэд  ашиглах 18 багц зөөврийн мобайль технологийн тоног төхөөрөмж олгожээ. Цаашид 12 аймаг, гурван  дүүрэгт тус технологийг нэвтрүүлэхээр  ажиллаж байгаа аж.  Эрүүл Мэндийн Яам, ДЭМБ болон БНЧУ-ын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр Каритас Чех Репаблик болон Пипл ин Нийд ОУ-ын байгууллага хамтран тус төслийн хүрээнд баруун таван аймгийн 16 мянга 628 малчин ард иргэдэд наймаас арван  төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг хийх ажлыг зохион байгуулж, шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Дээрх шинжилгээний тоног төхөөрөмж нь авсаархан бөгөөд хаана ч авч явахад хялбар гэнэ.

А.Цогцэцэг: Түргэн тусламжийг  ирэх онд онгоцоор хүргэнэ

Дээрх асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Бусад улс орнууд түргэн тусламжийн үйлчилгээг аль хэдийн онгоцоор хүргэдэг болсон. Гэтэл манайд энэ талаар ярихаас өөр ажил хийгдэхгүй байна. Энэ тухай яаманд төлөвлөсөн ажил байгаа юу?

-Түргэн тусламжийн үйлчилгээг богино хугацаанд онгоцоор хүргэдэг болох талаар  Зам тээврийн яамтай ярилцаж байна. Ямар ч байсан яам 100 хоногийн ажлын хүрээнд онгоцтой болъё гэж зорилго тавьсан. Одоогоор аюулгүй ажиллагаа, буух талбайгаа товлож байна.  2017 оны эхний хагас жилд ямар ч байсан онгоцоор түргэн тусламж хүргэдэг болно.

-Зарим түргэний эмч нарын мэдлэг чадвар муу байгаа талаар иргэд гомдоллодог?

 -Энэ чиглэлээр анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдийг сургаж, дадлагажуулах, өвчтөн шилжүүлэх асуудлыг оновчтой шийдэх талаар бид ажиллаж байна. Мөн  нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдийн яаралтай тусламж үзүүлэх чадавхийг сайжруулах юм.

-Эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа олон асуудлын нэг нь зүрхний эмгэг байна. Энэ өвчний нас залуужих хандлагатай байгаа. Зүрхний эмгэгд яаралтай тусламжийг богино хугацаанд үр дүнтэй хүргэх ямар боломж байна вэ? 

-Зүрхний эмгэг богино хугацаанд амь насанд аюул учруулдаг өвчин гэдгийг хүн бүр мэднэ. Тэгэхээр энэ чиглэлийн тусламж үйлчилгээ дээр тодорхой ахиц гарч байгаа. Ялангуяа нийслэлийн дөрвөн дүүрэгт түргэн тусламжийн машинд мобайль дэлгэцийг суурьлуулсан. Энэ дэлгэц нь тухайн өвчтөн зүрхний шигдээс эсвэл  харвалттай байна уу гэдгийг тогтоогоод авах хариу арга хэмжээг эмнэлэгтэйгээ шууд холбогдоод авах боломжтой болсон. Энэ тал дээр одоо эмч мэргэжилтнүүд хэрхэн ажиллаж  байна вэ гэдэг дээр судалгаа хийж эхэлсэн. 

-Орон нутгийн эмнэлгүүдэд  зүрхний эмчилгээ цаашлаад  хагалгаа хийх боломж бий юу. Зүрх гэхээр л иргэд болон эмч нар эмээж шууд төв эмнэлэг рүү явуулдаг тал бий?

-Нийслэлд зүрхний яаралтай мэс заслыг хийж байгаа. Орон нутаг болон бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдэд энэ талыг  хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Хамгийн бэрхшээлтэй тал нь зүрхний  бөглөрсөн хэсгийг аваад нарийссан хэсгийг өргөсгөдөг аппарат нь өндөр үнэтэй байдаг.  Нэг нь л гэхэд хоёр тэрбум төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Энэ аппаратаар түргэн тусламж үзүүлэх юм бол орон нутагт ч гэсэн зүрхний эмгэгийг эмчлэх, жижиг мэс заслуудыг хийх боломж бүрдэх юм. Бид эмч мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх дадлагажуулах сургалтуудыг зохион байгуулж  байна. Энд заавал улсын төсвөөс хөрөнгө хараад байхгүй  олон улсын байгууллагуудын тусламж дэмжлэгийг авч байна.

-Эмнэлгийн дарга нар солигдоод эхэлсэн. ХҮСТ-ийн дарга хэзээ томилогдох вэ?

-ХСҮТ-ийн захирал Л.Төмөрбаатар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга болсон. Одоо эмчилгээ эрхэлсэн орлогч захирал  нь түр орлон гүйцэтгэгээр тавигдсан байгаа. Тиймээс эмнэлгийн тусламж үйлчилгээ иргэдэд хүрдгээрээ хүрч байна.   

М.Дэлхийцэцэг: Багийн эмч нар түргэн тусламжийг мотоциклоор хүргэдэг

Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн хэлтэсийн эрүүл мэндийн бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн М.Дэлхийцэцэгээс орон нутгийн иргэдэд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ хэрхэн хүрч байгаа талаар тодрууллаа.

-Нутгийн иргэдэд  эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэрхэн хүрч байна вэ. Эмч нь мотоциклоор очдог байдал хэвээр байна уу?


-Аймгийн сумын эрүүл мэндийн төв болгон түргэн тусламжийн машинтай. Харин багийн бага эмч нар мотоциклоор яаралтай түргэн тусламжийг хүргэдэг. Ингэхдээ аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгаад хөтөлбөртэй холбоотой ялангуяа алслагдсан сумдад эрт илрүүлгийг хийж эмчлэхэд ДЭМБ-тай хамтран ажиллаж байна. 

-Танай аймагт ямар өвчлөл зонхиолж байна вэ. Эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?


- Нутгийн иргэдийн дунд хоол боловсруулах системийн өвчлөл, даралт ихсэх, зүрх судасны өвчин зонхилон тохиолдож байна. Энэ нь усны  хатуулаг ихтэй байдагтай холбоотой. Иймээс аймгийн төвд Баруун-уртад  ундны усыг цэвэршүүлэх төхөөрөмжөөр цэвэршүүлж хүн амд хүргэж байгаа. Нөгөөтэйгүүр сүүлийн жилүүдэд халдварт өвчин тэр тусмаа БЗХӨ нэмэгдэх хандлагатай байгаа. Энэ нь хүн амын шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн, уул уурхай, хилийн боомт ажиллаж байгаатай холбоотой. Үүнийг бууруулах зорилгоор БЗХӨ-нийг бууруулах дэд хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан