Улаанбаатар хотод цас орсноор автозамын хальтиргаа, гулгаа ихсэж байна. Хэдийгээр хотын захиргаа цас орсон өдрүүдэд төв замаар хальтиргаа, гулгаанаас сэргийлэх бодис цацаж байгаа ч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, жолоочийн сонор сэрэмж, хөдөлгөөнд оролцож буй мэдрэмж зэрэг нь замын хөдөлгөөний аюулгүй байдалтай салшгүй холбоотой байдаг. Харин технекийн бүрэн бүтэн байдал нь жолоочийн ур чадвараас шалтгаалахгүй аюул, ослыг дагуулж болзошгүй тул өвлийн улиралд дараах энгийн алхмуудыг хэвшүүлэхийг сануулж байна.
Дугуйгаа солиорой
Өвөл, зуны гэх тусгай нэршил байдаггүй ч автомашины дугуйн хийцээс хамаарч бид дугуйг өвөл болон зуны гэж нэрлэсээр иржээ. Өвлийн гэх дугуй нь арзгар хээтэй зөөлөн резинээр хийгддэг тул өвлийн улиралд ашиглахад тохиромжтой. Мөн дугуйн дээр M+S гэсэн тэмдэглээ байвал шавар болон цасны гэж нэрлэж болох бөгөөд цасан ширхэгийн дүрс байвал өвлийн улиралд зориулан хийсэн дугуй гэж ойлгож болох юм. Мөн заавал дөрвөн дугуй ижил хэмжээтэй байх шаардлагатай бөгөөд хоёр нь “өвлийнх” бол илүү хальтиргаа үүснэ гэдгийг санах шаардлагатай.
Дугуйн хийг жигд байлгах
Автомашинуудын дугуйн хий янз бүр байх нь эргэлт, зогсолт зэрэгт ямар нэг хэмжээгээр нөлөөлдөг. Тиймээс дөрвөн дугуйн хий жигд байх ёстойг анхаарах ёстой. Харин цас, мөстэй үед дугуйн хийг автомашины баруун “бөөрөнд” бичсэн стандартаас 0.2 бар хэмжээгээр буулгах нь зохимжтой гэж үздэг байна. Ингэснээр дугйн замтай барьцалдах чадвар нэмэгддэг аж.
Зай барих
Зөвхөн урд явж байгаа гэлтгүй, хоёр талын эгнээнд зорчиж буй автомашинаас тодорхой зайтай явах шаардлагатай. Улаанбаатар хотын автозамын ачааллын үед автомашин хоорондын зай барих асуудал орхигддог ч хэн, нэгний автомашины араас мөргөх нь ард яваа жолоочийн буруу болдог. Мөн хальтиргаатай үед хэт хурдтай яваагүй байсан ч автомашин богино хугацаанд зогсох боломжгүй үе бий. Тиймээс зай барих нь осол гарахаас урьдчилан сэргийлэх жолоочоос хамаарах үйл ажиллагаа юм. Зай бариагүйгээс болж гарсан осол аваар их байдаг тул автомашин үйлдвэрлэгчид сүүлийн жилүүдэд автомашин хоорондын зайг мэдэрдэг, хэрт ойртвол автомашин өөрөө зогсдог технологийн шинэчлэл хийж эхэлсэн байна.
Дохио өгөөд, хурдаа хас
Таны зорчиж байгаа эгнээ удаан явж, хажуу талын эгнээ хурдан урагшилж байна уу. Тэгвэл та уулзвараар эргэх үйлдэл хийхгээгүй л бол аль болох эгнээ, байр солих гэж бүү яараарай. Судалгаагаар эгнээ байр солих асуудлаас болж түгжрэл их үүсдэг бөгөөд жолооч нарын хүлээцгүй байдлаас үүдэн эгнээ солих явцад шүргэлцэх, өөр хоорондоо таагүй байдал үүсгэх нөхцөл бүрддэг байна. Гэхдээ эгнээ солих шаардлагатай байгаа бол урьдчилан дохио өгч, дараа нь хурдаа хасч, жолооч зам тавьж өгөхийг хүлээх алхмыг мөрдөөрэй.
Гэрэл дохиог байнга хэрэглэх
Өдрийн цагаар цас орж байвал оврын гэрлээ асаах шаардлагатай. Цас хичнээн их орж байсан ч оврын гэрэл харагддаг тул бусад жолооч зай барих, таны хаана явааг тодорхойлох боломжтой болдог. Мөн орой их цас орлоо гээд гэрлийг хол дээр шилжүүлэх нь харагдах өнцгийг нэмэгдүүлэх ч цасны ширхэгүүд илүү олноор харагдаж, анхаарал саринах талтай гэдгийг санахад илүүдэхгүй. Мөн холын гэрэл шилжүүлээгүй зогссон тохиолдолд автомашин хөдөлгөөнд оролцож байгаа эсэх нь ялгагдахгүй тул зогсож байгаа үедээ ойрын гэрлээ асаах шаардлагатай.
Тормосоо жигд гишгэ
Зарим зам мөстсөн тохиолдолд арзгар дугуй байсан ч шууд зогсох боломжгүй үе гардаг. Харин таны автомашин ABS системтэй бол тормосоо хурдан хугацаанд дарах ёстой. Энэ үед ABS систем ажиллаж тормосны педаль дэржигнэж мэдэгдэх бөгөөд жолооч энэ үед жолооны хүрдээ залах боломжтой.
Харин ийм систем байхгүй бол тормосоо гишгэх үйлдлийг автомашинаа зогстол давтан хийх шаардлагатай. Энэ үед жолооч жолооны хүрдээ залах боломжгүй бөгөөд хэрэв чиглэлийг өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа бол тормос гишгэхгүйгээр чиглэлийг өөрчилнө.