Улс даяар их хэмжээний цас орсны улмаас замын нөхцөл байдал муудаж, орон нутаг руу зорчих зарим даваа, гүвээ хаагдсан байдалтай байна. Онцгой байдлын Ерөнхий газарт ч автомашинтайгаа цасанд боогдсон, автомашинтайгаа сураггүй алга болсон зэрэг дуудлага иржээ. Өчигдөр гэхэд Дарханы замд “Prada” загварын автомашинтай таван хүн алга болж, тэднийг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн юм.
Мөн цасны улмаас Хөвсгөл, Эрдэнэтийн чиглэлийн замыг түр хугацаагаар хаасан гэх мэдээллийг Авто Тээврийн Үндэсний Төвөөс өгсөн бөгөөд цаг агаарын мэдээллээр цаашид цас орох төлөвтэй байна.
Тиймээс зорчигч, тээвэрчид та бүхэн замын нөхцөл байдалд тохируулан ажлаа зохицуулна уу гэж холбогдох байгууллагуудаас сэрэмжлүүллээ.