Ж.ЖАМУХА
Найр наадмын сарууд шувтарч намрын ажил ч цэгцрэв. Хөдөө, хотгүй хөл хөдөлгөөн болж болж өвлийн бэлтгэл хангаж, хадлан тэжээлээ хураахаас аваад хамаг л юмаа жин тан болгов. Гэвч жилийн жилд улиг болон яригддаг утааны асуудал хуучин янзандаа. Намрын намарт нийслэлчүүд гэнэт ухаан орсон гэлтэй улиг болсон утааны асуудлаа сөхдөг. Өнгөрсөн зун бороо хур элбэг байсандаа ч тэр үү намрын хэдэн сар нэг л жиндүүхэн өнгөрөв. Шальтай цас унаагүй ч өдрөөс өдөрт хүйтний эрч чангарч, өглөө оройд өвдөг эрүү тачигнах болов. Энэ бол Улаанбаатар хот утаан хүрмээ өмсөх болсны дохио.
Сая гаруй хүн амтай болсон нийслэл хот маань дэлхийн хотуудыг агаарын бохирдлын хэмжээгээр тэргүүлж эхэлсэн тухай мэдээг өнгөрсөн онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас гаргасан судалгаанаас харж болно. Бээжин, Дели зэрэг хэдэн арван саяар хэмжигдэх хүн амтай, томоохон хотуудыг ардаа орхисон эл “амжилт”-аа энэ жил ч ахиулна уу гэхээс алдахгүй бололтой.
Судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ ДЭМБ-аас тогтоосон агаарын чанарын зохистой хэмжээнээс даруй 25 дахин их байсан аж. Өнгөрсөн дөрвөн жилд Улаанбаатар хотыг утаагүй болгохоор 300 тэрбум төгрөг зарцуулсан ч бахь байдгаараа. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “Цэвэр агаар сан”-д нийт 100 тэрбум төгрөг төсөвлөсөн ч төсөл хэрэгжүүлэгчид нь “идэж уусан” хэргээр шүүх цагдаатай зууралдах болсон. Тэр ч бүү хэл төсвөөс их хэмжээний мөнгө гарган байж Туркт “утаагүй” зуух хүртэл захиалан хийлгэсэн хошин дурсамжтай л үлдэж. Мөн утаагүй түлш үйлдвэрлэнэ гэх зорилго дор цахилгаан станцын агуулахад шахмал түлшний үйлдвэр хүртэл босгож байв. Ийнхүү утааны асуудалд төр үнэхээр муу менежер төдийгүй сайн мөнгө цохидгийг өнгөрсөн хугацаанд өчнөөн л харлаа.
Шинэ Засгийн газар ч ирэх дөрвөн жилд эл асуудалд хойрго хандах бололтой. Ирэх оны төсөвт агаарын бохирдолд таван тэрбум төгрөг суулгах тухай ярьж байгаа нь эдийн засгийн хүнд үед гээд харам хандсан бололтой. Эсвэл энэ чиглэлд өчнөөн тэрбумаар нь үрж зарсан учир зөнд нь орхиж байгаа ч юм шиг. Ямартай ч, утаатай “тэмцэх” арга барилаа өөрчлөх цаг болсныг үе үеийн засгийн газрын оновчгүй шийдвэрүүд батлан харууллаа. Хөгжингүй орнуудад утааны асуудал нь улиг болж, манайх шиг жилийн жилд хэдэн арван тэрбумаар нь үрж зараад үр дүнд хүрэхгүй бол ямар ч сайн төр байгаад толгой дараалан огцрох нь ойлгомжтой. Харин манай улстөрчид утаагаа хүртэл улстөржүүлж, танай манай намын үед утаа нэмэгдсэн, багассан хэмээн биесээ чичлэх болж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас тогтоосон хэмжээгээр нэг шоо метр агаарт хамгийн ихдээ 50 микрограмм тоосонцор байх ёстой. Тэгвэл Улаанбаатар хотод идэр есийн хүйтний үеэр энэ хэмжээ 2685-д хүрч байсан тохиолдол ч бий. Нийслэлийн агаарын бохирдлын эх үүсвэрийн 80 хувийг гэр хорооллын айл өрхүүд, арван хувийг автомашины утаа, зургаан хувийг цахилгаан станцаас гарах утаа эзэлдэг бол үлдсэн дөрвөн хувийг нь хог шороо, хөрсний бохирдлоос үүдсэн тоосжилт эзэлдэг аж. Тодруулбал, гэр хорооллын 180 мянга орчим айл өрх, 3200 орчим нам даралтын усан халаалтын зуух бүхий уурын зуухнууд, дөрвөн том цахилгаан станц, 800 мянга орчим автомашин хөдөлгөөнд оролцож байгаа нь агаар бохирдуулах эх үүсвэр болж байна.
Энэ сараас эхлэн 2013, 2014 онд хэрэгжиж байсан төсөлтэй адил гэр хорооллын эрчим хүчний хэрэглээг шөнийн цагаар 50 хувь хүртэл бууруулахаар болсон тухай Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлсэн. Цаашлаад боломжтой гэж үзвэл шөнийн тарифыг тэглэх тухай ч ярьж байна. Энэ нь иргэдэд бидний тень гэж нэрлэж заншсан цахилгаан халаагуур, шалны халаагуур болон бусад энэ төрлийн халаалтын тоног төхөөрөмж ашиглах боломж олгож байгаа ч энэ талын мэдлэг мэдээлэл олгох ажил огт хийгддэггүй нь үнэн. Угтаа хуучны тосон теньтэй харьцуулахад харьцангуй бага цахилгаан зарцуулдаг технологийн шийдэл бүхий шалны хулдаасан халаагуур, усан тень зэрэг маш олон нэр төрлийн тоног төхөөрөмж импортлон оруулж ирдэг болсон ч хэрэглээ нь төдийлэн дэлгэрээгүй л байна. Иргэд ч байгальд ээлтэй, зөв хэрэглээ, шинэ технологийн талаар ойлголт мэдлэг муутай байдаг. Түлээ, нүүрснийхээ үнэд л толгойгоо өвтгөж суухаас нэг өвөлд түлдэг нүүрсний өртгөөр утаагүй халаалтын системтэй болох боломжтойг олж хардаггүй. Дэлхий даяар нүүрсний хэрэглээг бүрэн халах тухай ярьж, цаашлаад утаагүй үйлдвэрлэл бий болгохоор шинэ тутам технологи нэвтрүүлэн ажиллаж байхад монголчууд бид одоо ч нүүрсээ түлсээр байгаа нь дэлхий дахинтай хөл нийлүүлж, утаатай технологиор тэмцэх цаг болсныг харуулах шиг.
Угтаа усан болон цахилгаан индукцэн халаагуураас аваад бүх л төрлийн халаалтын систем бүхий шийдэл, тоног төхөөрөмж нийлүүлдэг аж ахуй нэгж олширсон ч худалдан авалт харьцангуй муу байдаг аж. Тэр ч бүү хэл монголчууд өөрсдөө халаалтын шинэ технологи гэгдэж буй вакуум радиатор зохион бүтээж хэрэглээнд нэвтрүүлсэн нь ч бий. Төвлөрсөн халаалтын системд холбогдсон орон сууц, албан байгууллагын хэрэгцээний зориуллаттайгаас гадна ямар нэг шугам сүлжээнд холбогдоогүй буюу гэр хорооллын айл өрх, амины орон сууцанд хэрэглэх зориулалттай гэж бий. “Их инхмэл” ХХК-ийнхан зах зээлд нийлүүлж эхэлсэн эл халаалтын систем бусад цахилгаанаар халаах төхөөрөмжөөс ялгаатай нь радиатор доторх шингэнийг нь хүнсний ногооны хаягдлаас гаргаж авсан органик нэгдлийн бүрдэл бий болгодог аж. Эко хэмээн тодорхойлж болохоор уг шингэнийг халаалтын радиаторт хийснээр уур хэлбэрт шилжиж дулаан ялгаруулдаг аж. Шугам дахь шингэн 85-90 хэмд байхад радиаотор дотор 65-70, тасалгааных нь 20 хэм хүртэл халдаг аж.
Энэ мэт айл өрх, албан байгууллагууд заавал утаа гаргалгүй дулаан өвөлжих асар их боломж байв ч ойлгож, олж хардаг нь цөөн мэт. Жил бүр зуух, түлшийг нь элдвээр сольж их хэмжээний хөрөнгө утаатайгаа цуг салхинд хийсгэж байхаар технологийн шийдлээр утааг эрс бууруулах боломж байгааг холбогдох албаны хүмүүс ч тэр бүр ойшоож үздэггүй нь харамсалтай.
Райн Аллен: Ойрын ирээдүйд зүрх судасны өвчлөл 30-40 хувь нэмэгдэнэ
Монголын шинэ үрс ургийн хөгжлийн замдаа утаа уушиглаж сурч байна. Улаанбаатар хотын иргэн бүрийн уушиг таван кг хар тугалагатай тэнцэх хэмжээний хорыг нэг өвөлд шүүдэг аж. Канадын Саймон Фрейзерын их сургуулийн доктор Райн Аллен Улаанбаатар хотын агаарын бохирдол хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаар хэд хэдэн удаа судалгаа хийжээ. 2011 оноос эхэлсэн эл судалгааны дүнд ойрын ирээдүйд нийслэлийн хүн амын арван хүн тутмын нэг нь зөвхөн утаанаас болж нас барах магадлалтай гэсэн дүгнэлт гаргажээ. Тэрээр судалгааныхаа үеэр Улаанбаатар хотын таван хэсэгт бохирдлын хэмжилт хийж үзсэн бөгөөд ДЭМБ-аас тогтоосон агаарын бохирдлын аюулгүй байдлын төвшнөөс 10 дахин их байгааг тогтоосон байна.
Тэрээр олон улсын ”Air quality: Atmosphere and health” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаандаа “Улаанбаатар Азийн бусад том хотууд шиг дэлхийн нийтийн анхаарлын төвд байдаггүй, хүн ам цөөн, харьцангуй жижиг хот. Гэвч агаарын бохирдол, чанарын асуудлаараа дэлхийн анхаарлын төвд орох хэмжээнд хүрсэн. Бодит байдлыг тодорхойлох, агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг тогтоох зорилготой судлагааны дүн үнэхээр муу гарсан. Хүн амынх нь тэн хагас нийслэл хотдоо суурьшсан монголчуудын хувьд энэ байдал удаан үргэлжилбэл 20-30 жилийн дараа дундаж наслалт нь даруй 56 болон буурч, зүрх судасны өвчлөл 30-40 хувь нэмэгдэнэ” гэжээ.
Түүнчлэн, профессор Райн Аллен Улаанбаатар хотын агаарын бохирдлын ургийн өсөлтөд үзүүлэх нөлөөллийг тогтоох судалгаа хийжээ. Тэрээр судалгааныхаа хүрээнд Сүхбаатар дүүргийн 540 жирэмсэн эхийг сонгон авч хоёр хэсэгт хуваасан байна. Эхний хэсэгт хуваарилсан эхчүүдийн гэр, сууцны дотоод орчинд агаарын бохирдлыг бууруулах тусгай төхөөрөмж суурилуулсан аж. Тэр дундаа нарийн ширхэгтэй тоосонцор ПМ2.5-ыг 2-3 дахин бууруулсан бол нөгөө хэсгийнхийг хэвээр үлдээжээ. Судалгааны дүнд агаарын бохирдлыг бууруулсан багаас төрсөн нярайн жин нөгөө багийн нярайгаас дунджаар 80 гр-аар илүү байсан бол өндөр нь 0.4 см-ээр урт байжээ. Энэ нь агаарын бохирдол ургийн өсөлт, хөгжилтөд шууд нөлөөлж буйн баталгаа юм. Тэрээр эл судалгааныхаа талаар “Өсөлт, хөгжилтийн гол үзүүлэлт нь жин, өндөр, толгойн тойргийн хэмжээ байдаг. Бид жирэмсний явцад агаарын бохирдлын талаар анхны судалгаа хийж үзсэн. Энэ судалгааны үр дүн эерэг гарсан. Агаарын бохирдол, тоосонцрын агууламжийг бууруулахад ургийн жин, урт нэмэгдсэн байсан. Тиймээс хувь хүн, жирэмсэн эх өөрийгөө болоод үр хүүхдээ хамгаалах арга хэмжээ авах хэрэгтэй” гэжээ.