Б.МЯГМАРЖАВ
Ээж маань юм л бол уурлаж, цухалдан таалагдах ч юмгүй боллоо. Сав л хийвэл эргэн тойрныхоо хүмүүст уурлаж, аавыг зандарч, гэр бүлийн уур амьсгал “хачин” болж, гэрт шинэ хүнтэй болчихсон юм шиг санагдах юм. Ээжийн маань цэвэршилтийн нас эхэлж, хэсэг хугацааны дараа хэвэндээ орно л гэж хүлээхээс... гэх яриаг олонтаа л сонсч байсан биз. Гэтэл энэ насан дээр нь ээжийгээ, эхнэрээ хэрхэн хайрлаж халамжилж, яаж анхаарал тавих ёстой вэ. Анхаарал халамж дутсанаас тухайн эмэгтэйд ямар өөрчлөлт гарч болзошгүй вэ гэдгийг тэр бүр анзаарч, энэ талаар мэдээлэл солилцоод байдаггүй. Гэтэл энэ бол хаалттай сэдэв биш. Үргэлж нээлттэй байх ёстой сэдэв. Зөвхөн эмэгтэй хүнд хамаатай зүйл ч биш.
Монгол бүсгүйчүүдийн онцлог бол гүжирмэг. Тэд элдэв өвчин тэр бүр хэлээд байдаггүй. Олонх нь амьдралаа үүрч явдагтай ч холбоотой байх. Гэвч 40 нас гараад ирэхийн цагт өвчинд ороогдох нь элбэг. Удалгүй цэвэршилт гээч нь болж, юм юм л давхацдаг. Уг нь, эрүүл мэнддээ эртнээс анхаарч өөртөө цаг гарган жилдээ нэг удаа эмчид үзүүлж байх ёстой хэмээн эмч нар анхааруулдаг ч манайхан төдийлэн анхаарч хүлээж авдаггүй нь харамсалтай. Цэвэршилт нь хүний биеийн онцлогоос хамаарч, 45-60 нас орчимд эхэлж, 15-20 жил үргэлжилдэг гэнэ. Цэвэршилтийн улмаас эмэгтэйчүүдийн өндгөвчний үйл ажиллагаа буурна. Бусад эрхтэн, тогтолцоонд ч өөрчлөлтүүд илэрнэ. Жишээ нь, энэ насны эмэгтэйчүүд хорт хавдрын өвчнөөр өвчлөх нь элбэгшдэг.
Сүүлийн хэдэн жилд цэвэршилт явагдах нас улам залуужиж, 30-35 насны эмэгтэйчүүдэд ажиглагдах болж. Гол шалтгаан нь зүй зохисгүй хоол хүнс хэрэглэснээс мөн агаарын бохирдол нэмэгдсэн, хүмүүсийн биеийн байдал өөрчлөгдсөн, архи согтууруулах ундаа, тамхийг хэтрүүлэн хэрэглэх болсон нь ч нөлөөлсөн байна. Бас хар тамхи болон мансууруулах төрлийн бодисоос болж эмэгтэйчүүдийн цэвэршилт залуужих нэг шалтгаан бий болдог гэнэ. Төдийлөн хөндөгдөж, сөхөгдөөд байдаггүй энэ асуудал манай эрүүл мэндийн салбарт ч анхаарлын тэмдэг тавьж эхэлжээ. Тиймээс нийслэлийн Өргөө амаржих газар, “Төгөлдөр сан”, БНСУ-ын “SAMSUNG” эмнэлэгтэй хамтран “Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн онцлог” сургалтад орон нутгийн болон дүүргийн өрхийн эмч нарыг хамруулсан байна.
Д.Одбайгаль: Цэвэршилтийн дундаж насыг 48 гэж тодорхойлсон байдаг
Нийслэлийн “Өргөө” амаржих газрын эмэгтэйчүүдийн эмч, анагаах ухааны доктор Д.Одбайгалиас зарим зүйлийг тодрууллаа.
-Бид цэвэршилт эрт явагдаж байна л гэдэг. Ер нь, ямар сөрөг үр дагавартай юм бэ?
-Нийгмийн байдалтай холбоотой цэвэршилт залуужих хандлага ажиглагдаж байна. Тиймээс эмэгтэйчүүд хамгийн түрүүнд ханддаг өрхийн эмч болон эмэгтэйчүүдийн эмч нарыг сургалтад хамруулж байна. Эрт үеийн цэвэршилт хоёр янз байдаг. Физиологийн нөлөөлөх хүчин зүйлийн улмаас цэвэршилт явагддаг. Цэвэршилт эрт явагдснаар олон төрлийн өвчинд нэрвэгдэх болдог. Тухайлбал, зүрх судасны өвчин, ясны сийрэгжилт хамгийн их тохиолддог. Мөн шүд унах, яс хугарах, гэмтэх зэрэг эрсдэлд өртөх магадлалыг нэмэгдүүлнэ. Харин хожуу цэвэршилт нь төрөл бvрийн хавдрын өвчлөлтэй холбоотой байдаг.
-Энэ талаар хамгийн сүүлд ямар судалгаа хийсэн бэ?
-ДЭМБ-ын судалгаагаар цэвэршилтийн дундаж насыг 48 гэж тодорхойлсон. Манай улс хийсэн судалгаагаар дундаж нас 50 гэж гарсан байна. Гэвч 35-37 насанд цэвэршиж тохиолдол олширсоор байгаа юм.
-Эрт цэвэршилтээс урьдчилан сэргийлэх ямар аргууд байна вэ. Ер нь, энэ талын мэдээ мэдээлэл хомс санагддаг. Наад зах нь, ӨЭМТ дээр мэдээлэл гарын авлага харагддаггүй шүү дээ?
-Цэвэршилттэй холбоотойгоор тухайн эмэгтэйн биед олон өөрчлөлт гардаг. Тиймээс хоол унд, дасгал хөдөлгөөн, амьдрах орчин нөхцөлөө ч өөрчлөх шаардлага гардаг. Цэвэршилтийн явцад давхар хавсарсан хууч сэдэрдэг. Хамгийн гол нь бид эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй байна. Хэдийгээр бүсгүйчүүд маань ар гэр үр хүүхдээ харах шаардлагатай ч өөрийгөө мартаж болохгүй. Таныг байхгүй бол үр хүүхэд, хань ижил чинь яах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Та эрүүл саруул,урт наслах юм бол төдий чинээ олон жилээр үр хүүхэд, хань ижлээ халамжилна гэсэн үг. Тиймээс эрт урьдчилан сэргийлэх үзлэгтээ орж цэвэршилт дөхөөд ирэхэд гарах өөрчлөлтүүддээ бэлдэх шаардлагатай.
-40-өөс дээш насныхан төрөх тохиолдол байдаг. Энэ хэр эрсдэлтэй байдаг юм бэ?
-Энэ насныхан хүндрэлтэй төрөлтөд хамрагддаг. Эмэгтэй хүний хувь төрөх нас оройтох тусам архаг, хууч өвчин нь сэдэрдэг. Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө шүү дээ. Энэ насанд төрөхөөр бол урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдаж үүний дараа жирэмсэлж жирэмсний хяналтандаа тогтмол орж байх шаардлагатай. Өндөр эрсдэлтэй ээжүүдийг дүүргийн эмч нар хяналтандаа байлгадаг.
-Ер нь, энэ насны эмэгтэйчүүд рүү чиглэсэн эрүүл мэндийн бодлого дутмаг санагддаг. Эмэгтэйчүүд маань ажлын байрнаас гологдох, тэтгэвэрт гарсан ч ач зээгээ харах гээд дараа дараагийн ажилд дарагддаг. Энд хэрхэн анхаарч байна вэ?
-Эмэгтэйчүүд дүүрэг, ӨЭМТ-дөө хандаж эмчилгээ оношилгоо үнэ төлбөргүй хийлгэх эрхтэй. Гол нь эрүүл мэндийн дэвтрээ бариад очих шаардлагатай. Мөн манайд ирээд үзлэгт хамрагдаж болно. Манайх 100 ортой эмэгтэйчүүд, эх барих эмэгтэйчүүдийн 100 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна.
-Сүүлийн үед үргүйдэл санаа зовоосон асуудал болоод байна л даа. Үүний шалтгааныг та юу гэж бодож байна вэ?
-Төрөлт жилээс жилд нэмэгдэж байгаа ч үүний хажуугаар үргүйдэл ч зэрэгцэн нэмэгдэх болсон. Үргүйдлийн талаар манайх албан ёсны судалгаа хийгээгүй. Гэхдээ үр шилжүүлэн суулгах эмнэлэг олширч байгаа нь үргүйдэл их байна гэдгийг харуулж буй хэрэг.
Үргүйдлийн гол шалтгаан нь БЗХӨ байдаг. Иймд ЕБС оюутнуудын бэлгийн боловсролын мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй. Одоогоор манай улсад ЭХЭМҮТ үр шилжүүлэн суулгах кабинет ажиллуулж байна. Үүнээс гадна хувийн дөрвөн эмнэлэг энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг.