НЗД С.Батболд өнөөдөр З.Мандах, Л.Оюунтуул, Б.Мөнхбаясгалан нарын гэр бүлд Ахмадын хотхонд байрлах түрээсийн орон сууцанд амьдрах эрхийн бичиг гардуулав.
Дээрх иргэд 14 хоногийн өмнө Хотын даргатай уулзаж, гэр бүлийнх нь хоёр иргэн хөгжлийн бэрхшээлтэй тул түрээсийн орон сууцанд оруулж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан байна. Дүн өвлийн хүйтнээс урьтаж, дулаан тохилог орон сууцанд орох болсондоо баяртай байгаагаа иргэд хэлж байлаа. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 18-р хорооны иргэн Б.Мөнхбаясгалан “Би хөгжлийн бэрхшээлтэй 2 ихэр охинтой. Нэг охин маань хүнтэй суусан. Хүргэн маань бас тулгуур эрхтэний бэрхшээлтэй. Хувь хүний орон сууцны түрээс хэт өндөр байдаг. Гэр бүлд маань хөгжлийн бэрхшээлтэй олон иргэн байдаг тул түрээсийг нь төлөхөд туйлын хүндрэлтэй байсан. Бидний амьдралыг ойлгож, хямд төлбөртэй орон сууцанд оруулж байгаад баяртай байна" хэмээв.
Мөн ХУД-ийн 2-р хорооны иргэн Л.Оюунтуул “Би төрөлхийн харааны бэрхшээлтэй. Хүү, охин 2 маань мөн харааны бэрхшээлтэй. Одоо гэр хороололд айлын хашаа байшин түрээсэлж амьдардаг. Хүнд нөхцөлд амьдарч байгаа бидэнд тусалж, дулаан, тохилог орон сууцанд оруулсанд талархаж байна” гэлээ.