Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ш.Үдэнбор: Монголчуудын өвчлөлийн 20-30 хувь нь устай холбоотой

Эрүүл ахуйч, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн “Монхимо” компанийн зөвлөх Ш.Үдэнбортой монголчуудын ундны усны аюулгүй байдлын талаар ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд цэвэр усны хангамж, аюулгүй байдлын талаар их ярих болсон. Монгол Улс усны аюулгүй байдлаа хэрхэн үнэлж дүгнэж байна вэ?


-Харин тийм. Энэ асуудлыг өнөөдөр, маргааш, нөгөөдөр гээд хүн төрөлхтөн үеийн үед ярих сэдэв. Учир нь, хүн төрөлхтөн байгалийн тэнцвэрт байдлаа хадгалдаг хуулийг үл тоож  зөвхөн хөгжил дэвшил гэсэн нийгмийн хуультай явж ирсэн. Өөрөөр хэлбэл, дэлхийн байгаль цаг уур өөрчлөгдөж хүнд байдалд орсон юм. Тухайлбал, Африкийн Судан зэрэг улсад үнэн хэрэгтээ цэвэр усны дайн болж байна. Дэлхийн байгаль экологит болж буй аюулт үзэгдлийн давтамж ойртож тохиох тоо нь нэмэгдлээ. Үүний хөнөөл, үр дагвар нь маш их болсон. Ингээд Дэлхийн усны ассоциац, ДЭМБ-аас цэвэр усны талаар үнэлгээ хийсэн юм билээ. Үүнд ус хангамжийн чанар, аюулгүй байдал, инженер технологийн дэлхийн шилдэг 20 гаруй эрдэмтэд ажилласан. Тэд усны нөөц харилцан адилгүй орнуудын ус хангамж, ариун цэврийн нөхцөл байдал ямар байгаа, дэлхийн хэмжээнд усны асуудал юу болчихоод байгааг судалж тогтоосон юм. Тэгээд судалгааны ажлаа нэгтгэн дүгнээд улс орнууд хүн амын ундны усны аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал, зөвлөмж боловсруулсан. Үүнийг манай улс 2011 онд орчуулсан. Энэ аргачлалаар усны эрсдэлийн үнэлгээ хийхэд 11 үе шаттай ажил хийх ёстой. Манай улсад 2013 онд эрүүл ахуйчдын зөвлөгөөн болсон. Уг хурал дээр үүнийг тараасан. Тэгэхээр Монгол Улс дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн энэ аргачлалаар ундны усны аюулгүй байдал, эрсдэлийн үнэлгээгээ хийх болж байгаа юм.

-Тэгвэл манай улсад цэвэр усны ямар ямар эрсдэл байна вэ?

-Эрсдэл болгоныг тоочиж хэлэхэд хэцүү. Яагаад гэвэл манай улс тэр 11 үе шаттай аргачлалын тав, зургааг нь ашиглаад байна. Эхний ээлжинд 40 гаруй эрдэмтэн, судлаачтай баг ажлынхаа бус цагаар Ус сувгийн удирдах газартай хамтарч судалгаа хийсэн. Тэгэхээр зөвхөн Улаанбаатар хот болон төвлөрсөн ус хангамжид судалгаа хийсэн гэсэн үг. Энэ судалгааг хоёр жилийн хугацаанд хийлээ. Шинжлэх ухааны судалгааны ажил бол цаг хугацаа, хүн хүч, хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарсан зүйл байдаг. Түүнээс биш хэн дуртай хүн тэр, энэ болохгүй байна гээд стандартын тоо бариад гүйгээд байдаг асуудал биш. Энэ бол үнэлгээ биш юм. Үүнийг хэрэглэгч ёстой нөгөө “Долоон буудлын Должин эмээ”-гийн хийдэг ажил. Эрсдэлийн үнэлгээ хийнэ гэдгийн цаад утга нь усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулж байна гэсэн үг. Энэ төлөвлөгөөгөө гаргачихвал түүнийг хэрэгжүүлэхэд нэлээд хугацаа орно.  Уг эрсдэлийн үнэлгээгээр зөвхөн Улаанбаатар хотын ус хангамжид 73 эрсдэл гарч ирсэн. Үүнийг арилгах долоон бүлэг төлөвлөгөө гарч буй юм. НИТХ уг хөтөлбөр, төлөвлөгөөг 2014 онд хэлэлцээд тус тусад нь баталсан. Дээрх эрсдэлийг арилгахад 130 гаруй ажил хийнэ. Эдгээр ажилд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулах, ямар байгууллага хариуцах гээд асуудал ундарна. Үүнийг тоочоод барашгүй. Ус сувгийн удирдах газартай эрдэмтэн судлаачдын хамтарч хийсэн ажил одоо зургаан аймагт хэрэгжиж байгаа юм билээ. Уг ажлыг ДЭМБ, Эрүүл мэндийн яам хариуцаж байгаа. Цаашдаа бүх аймгийн төв, сум суурин газарт ийм үнэлгээ хийнэ. Ингээд Монгол Улсын хэмжээнд өөрийн орны онцлогт тохирсон усны аюулгүй байдал эрсдэлийн үнэлгээ нь тодорхой болно гэсэн үг.  Гэтэл өнөөдөр манай улсад энэ үнэлгээг хариуцсан байгууллага, бүтэц алга. Хэн нэгэн зав чөлөөтэй нь сайн дураараа хийж байна.

-Ер нь, манай улсын ус хангамж, аюулгүй байдлын эрх зүйн орчин ямар байна вэ?

-Хамгийн гол нь манай улсын эрх зүйн зохицуулалт замбараагүй. Тухайлбал, Ус хангамж ариутгал татуургын тухай хуульд ус хангамжийн эх үүсвэр гэдгийг ус татан гаргаж байгаа байгууламжийг хэлнэ гэж томъёолсон. Гэтэл энэ хуулийн дараа Усны нэр томъёоны тайлбар толь гэдэг стандарт гарсан. Үүнд амьдрал ахуйд ашиглах зориулалттай нөөц тогтоогдсон газрын гүний болон гадаргын ус нь ундны усны эх үүсвэр гэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр хуульд ус дамжуулах байгууламжаа эх үүсвэр, стандарт нь байгууламж болон усаа эх үүсвэр гэсэн зөрчил гарсан. Тэгэхээр хамгаалалтын бүсийг хаанаас нь хэрхэн тогтоох нь эргэлзээтэй болсон юм. Тухайлбал, хамгаалалтын бүсийг гүний болон гадаргын усны нөөцийн хязгаараас уу эсвэл ус олборлоод дамжуулах байгууламжийн  эзлэх тайлбайн хэмжээнээс тогтоох уу гэдэг маргаан гарч ирж байна. Товчхондоо ус олборлогч худаг, усны нөөцийн хил хязгаар хоёрын алинаас нь хамгаалалтын бүсээ тогтоох вэ гэдэг нь маргаан дагуулж буй юм. Эрх зүйн иймэрхүү цоорхойгоос усны эх үүсвэрийн хамгаалалтын дэг зөрчигдөх нөхцөл бүрдээд байна. Уг нь хамгаалалтын бүс гэдэг нь усны эх үүсвэр бохирдохоос хамгаалсан зурвас газар. Үүнийг тогтооход маргаантай болсон. Энэ бол бас нэг эрсдэл.

-Төв суурин газарт хөрс, ус бохирдуулах хамгийн том эрсдэл нь гэр хороолол гэдэг. Энэ эрсдэлийг бууруулах ямар гарц байна вэ?

-Манай улсын усны нөөц, хангамжийн асуудал түвэгтэй байгаа. Дэлхийн банкнаас гэр хороололд ус түгээх хоолой газар доогуур тавьсан.  Тэгэхээр ус түгээх байруудад машинаар түгээх бус хоолойгоор дамжаад очих болсон. Энэ бол гэр хорооллын усан хангамжийг шийдэх гарц.  Улаанбаатарын гэр хороололд 560 гаруй ус түгээх цэг бий. Үүний 300 гаруйд нь төвлөрсөн хангамжаас хоолойгоор дамжин ус очдог болсон. Харин усны хэрэглээ хэвээр. Хоногт 8-10 литр ус хэрэглэж байна. Энэ нь бохир усны асуудлыг шийдээгүйтэй холбоотой. Миний бодлоор тохилог орон сууц барилгүй л яахав. Хамгийн гол нь эхний ээлжинд одоо гэр хорооллын бохир усны асуудлыг нь шийдээд өгөх хэрэгтэй. Тэгвэл боловсон 00-той болно. Айл хөрш, гудамж, хороо, арав, хорьтын бүлгээрээ нийлж мөнгө гаргаад цэвэр усны хоолой татаад авна гэж бодож байна. Энэ шугам сүлжээгээ хөлдөж, гэмтэхээс өөрсдөө хамгаалж хариуцах хэрэгтэй гэдэг хууль эрх зүйн орчин бүрдүүлэх учиртай. Гэр хорооллын ус хангамж, тэр олон модон жорлонг  энэ маягаар шийдэж болно.

-Тэгэхээр тийм шугам хоолой татна гэхээр зардал өндөр гарах тул ойролцоох айл өрхүүд нэгдэж нийлээд хийхэд хэцүү л байх болов уу?

-Харин тийм. Амьдрал дээр тухайн айл өрх бүрийн амьдрал өөр тул хэцүү. Чадах, чадахгүй айл өрх олон гарна. Бэл бэнчинтэй нь түрүүлж тавьчихаад бусдаас өндөр үнэ төлбөр нэхээд сууж мэднэ. Гэхдээ тэр болгоноос айгаад хойш суугаад байж таарахгүй. Нэг зүйл хийхэд түүнийг дагаж гарч ирэх сөрөг талыг нь яриад сэтгэлийн цохилтод оруулах нь буруу. Сайтар судалгаа хийж эрх зүйн акт гаргаад хийж болно гэж бодож байна. Тодорхой ажил санаачилж хийхгүйгээс өнөөдөр усны  хангамж сайжрахгүй байгаа юм. 

-Таны ярьснаар гэр хорооллын асуудлыг шийдлээ гэж бодъё. Гэтэл өнөөдөр Төв цэвэрлэх байгууламж гэж ачааллаа дийлэхээ байсан газар бий. Үүнийг хэрхэн шийдэх вэ гээд асуудал бас гарна шүү дээ?

-Уг нь мэргэжлийн байгууллагууд 2008 онд үйлдвэрүүдээс гарч байгаа бохир усыг тусад нь цэвэрлэх санал оруулсан. Өнөөг хүртэл үүнийг шийдээгүй. Үйлдвэрийн бохир ус өвөрмөц найрлагатай. Төв цэвэрлэх байгууламж ахуйн хэрэглээний бохир усаа хүлээж авах юм бол нэг хэсэгтээ ажрахгүй ажиллана. Олон улсад үйлдвэрээс гарсан хаягдал усыг тусад нь цэвэрлэдэг юм. Гэтэл манай улс үйлдвэрийн хаягдал усыг ахуйнхтайгаа нийлүүлж байгаад гол аюул бий. Үүнийг шийдэх амархан. Ердөө л үйлдвэрлэл явуулах зөвшөөрөл өгөхдөө хажуудаа бохир усаа цэвэрлэх байгууламжаа шийд гэдэг жишигтэй.   Технологи хөгжсөн өнөө үед тэр үйлдвэр нь хаана байрлах нь асуудал биш болсон. Хаягдал усаа өөрөө цэвэрлээд явдаг технологи нэвтрүүлэх шаардлага тавих учиртай. Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх усны стандарт ийм юм гэдэг шаардлага тавих ёстой. Сүүлийн үеийн шүүлтүүрийн технологи химийн бодисыг элемент тус бүрээр нь шүүдэг болсон. Иймд үйлдвэрийн хаягдал ус цэвэрлэх байгууламж тусад нь байгуулсан ч болохгүй гэх газар үгүй. Мэдээж өндөр өртөгтэй босно. Гэвч улсаас хоёрын хооронд зүйлд мөнгө зарахгүй тодорхой зүйлд л зарах ёстой. Олон улсын байгууллагын нэг том эрдэмтэн надад “Хаягдал цэвэрлэнэ гэдэг бол том улс төр бас мөнгө байдаг” гэж хэлж байсан. Энэ бол үнэн. Түүхий эд ашиглаад бүтээгдэхүүн гаргах үйлдвэрээс гарах хаягдлаа устгаж цэвэрлэх нь илүү их зардалтай. Тэгэхээр орчин үед хаягдалгүй, хаягдал бага технологи олон улсад нэвтрүүлж эхэлсэн. Үүнийг л ногоон эдийн засаг, үйлдвэрлэл гээд байгаа юм шүү дээ. Энгийн жишээ хэлэхэд сүүлийн үед газар тариаланд ашиглаж байгаа комбаниуд тариагаа ялгаж аваад сүрлийг нь үртэс болгоод талбайдаа цацдаг болсон. Тэр үртсээ ч малын тэжээлд ашиглаж байна.

-Улаанбаатарын хөрс асар их бохирдолтой гэдэг. Энэ бохирдол гүний усны нөөцөд хэрхэн нөлөөлж байна вэ?


-Одоохондоо Туул голын эрэг дагуухь төвлөрсөн ус хангамжийн гүний худгууд бохирдоогүй. Харин бохирдох нөхцөл бүрдээд байна. Туул голын далан дотор асар том хорооллууд боссон. Техникийн шалтгаан болон газар хөдлөлтөөр тэдгээр хорооллын шугам сүлжээ гэмтвэл бидний ус авч ууж буй бассейн руу л орно. Дээр нь монголчууд өнөөг хүртэл жорлонгийн асуудлаа шийдэж чадаагүй байна. Мөн ус ашиглах нэрээр хувь хүн, байгууллага бүр бараг худаг гаргадаг боллоо. Үүний тоог ч гаргаж чадаагүй. Зарим нь 7000 худаг бий гэдэг. Бас нэг 5000 гэсэн тоо хэлдэг. Өнөөдөр хоёр давхар байшинтай, хажуудаа гүний худагтай, бас нэг муу усны нүхтэй айл гэр хороолол, зуслангийн газарт олон болсон. Энэ газар доогуур ус, хөрс бохирдуулж байгаа нь тодорхой. Химийн бодис ашигладаг аж ахуйн нэгж олон бий. Гэтэл энэ  асуудлыг  бас нэг мөр шийдээгүй байна. Улаанбаатар хотын хэрэглэж байгаа гүний усны дээр 30 орчим метр л хайрган хөрс байдаг. Судалгаанаас үзэхэд төвлөрсөн ус хангамжид ашиглаж байгаа 170 гаруй худгийн ихэнх нь 35, цөөн хэд нь 40 гаруй метр гүнтэй юм билээ. Тэгэхээр тэр хайрган давхаргад бохирдсон ус их хурдан нэвчинэ.  Улаанбаатар жалга гуунд байрладаг хот. Нэг уулнаас их үер буухад тэр чигээрээ бохирдох аюултай. Энэ зун 50 орчим см зузаан мөндөр буухад хотын төв хэсэг бараг тэр чигээрээ усанд автсан  шүү дээ.

-Та эрүүл ахуйч хүний хувьд монголчуудад ундны уснаас үүдэлтэй ямар өвчин эмгэг илүүтэй  их тусдаг гэж үзэж байна вэ?

-Өнөөдөр уул уурхайн нөлөөгөөр хөдөө орон нутагт гол горхи их бохирдож, ширгэж байна. Үүний тод жишээ Орхон гол. Малчид хөдөө орон нутгийн ундны усны эрүүл ахуйн талаар судалгаа хийж байгаа. Орон нутагт сумын 100 гаруй худагт хэдэн жилийн өмнө шүүлтүүр тавьсан. Одоо тэр ус зөөлрүүлэх төхөөрөмж нь шүүж байна уу аль эсвэл бохирдуулж байна уу гэдэг нь тодорхойгүй болсон. Тэр шүүлтүүрийг солих нь тухайн худгийг ажиллуулж байгаа хүний асуудал болоод хувирсан гэхэд хилсдэхгүй. Гэтэл нүүж яваа малчид чанарын шаардлага хангасан ус хэрэглэнэ гэж байхгүй. Өөрсдийн гаргасан гар худаг, цас мөс гээд аль таарсан боломжтой усаа хэрэглэж байгаа. Газар гэдэг бол хамгийн их хөдөлгөөнтэй шинжлэх ухааны судалгааны объект гэдэг. Нэг метрийн наана цадах газраас гарч буй усны найрлага хоёр өөр байдаг. Тэгэхээр монголчуудын өвчлөлийн 20-30 хувь нь устай холбоотой судалгаа бий. Ялангуяа цөс чулуужих өвчин ундны уснаас үүдэлтэй. Мөн ходоод гэдэсний өвчлөл байна. Дээр нь уул уурхайн нөлөөгөөр цэнгэг ус их бохирдож хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болсон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан