Т.ЖАНЦАН
Монгол Улсын эдийн засаг, улсын төсвийн үзүүлэлтүүд муу гарсаар. Жишээ нь Азийн хөгжлийн банкны тооцоогоор манай улсын эдийн засаг энэ онд 0.3 хувийн өсөлттэй гарах нь. Тэгвэл Монголбанк 1.4 хувийн өсөлт үзүүлэх тооцоог хэлсэн. Үүнээс гадна улсын төсвийн орлого бүрдэхгүй алдагдал нь өссөөр. Манай улсын төсвийн алдагдал 18 хувьд хүрснийг түгшүүрийн дохио асаасан явдал гэж Дэлхийн банк цохон тэмдэглэсэн юм. Ингээд олон улсын жишигт маш өндөр алдагдалтай төсөвтэй орон болсныг анхааруулсан. Гэтэл төсөв бүрдэхгүй алдагдал өндөр өнөө үед манай улсын нийт өр 23.4 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс Засгийн газрын өр 4.7 тэрбум ам.доллар байгаа юм.
Дэлхийн банкнаас 2017-2018 онд өрийн дарамтаа бууруулахын тулд улсын төсвийн алдагдалаа багасгахад онцгой анхаарах зөвлөгөөг өгсөөр байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн гадаад дотоод нөхцөл байдалтай нягт уялдсан төсвийн төлөвлөлт хийж бодит байдалд нийцүүлэх шаардлага тулгарч буй юм.
Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Тайхюн Ли “Монгол Улсад ирэх онд төсвийн бодлогоо шинэчлэх, өрөө тодорхой төвшинд бууруулах том сорилт хүлээж байна. Эдийн засгийн хямралыг даван туулах, төсвийн алдагдалыг бууруулах, өрийн асуудлыг шийдэхэд ард түмэн, аж ахуйн нэгжийн дэмжлэг маш чухал. Ирэх оны төсвийн дунд хүрээний мэдэгдлийг харахад төсвийн алдагдал энэ оныхоос найман хувиар буурна. Энэ бол маш том тохиргоо” гэсэн байдаг. Тэгвэл Азийн хөгжлийн банкны эдийн засагчид “Монгол Улс ОУВС-гийн Стэнд бай хөтөлбөрийг авсан ч аваагүй ч төсвөө танаж тохиргоо хийх ёстой” гэдэг зөвлөгөөг өгч буй. Энэ бүгдээс үзэхэд манай улс ирэх оны төсвийн орлого зарлагаа сайтар тооцож алдагдал бага төлөвлөх ёстой нь тодорхой харагдаж байна. Ирэх оны төсөвт уг зөвлөгөө биеллээ олно гэдэгт эдийн засагчид, хувийн хэвшилийнхэн, иргэд итгэж байгаа юм.
Манай улсын төсөв энэ оны долдугаар сарын байдлаар 657 тэрбум төгрөгөөр тасалдаад байгаа юм. Орлого ингэж тасарсан нь дэлхийн зах зээлд зэс, нүүрс, төмрийн хүдэр, газрын тос гээд ашигт малтмалын үнэ унасан, өмч хувьчлал болон хандив тусламж, импортын бараанд ногдуулдаг гааль, НӨАТ-ын орлого тасарсанаас шалтгаалжээ. Гэтэл төсвийн орлого тасарч байхад зардал нь 1.2 их наяд төгрөгөөр нэмэгдсэн тооцоог Сангийн яамнаас хийсэн. Үүнд зээлийн үйлчилгээний төлбөр, хөрөнгийн зардал, эргэж төлөгдөх цэвэр зээл өссөн нь голлон нөлөөлсөн гэнэ. Жишээ нь зөвхөн зээлийн үйлчилгээний төлбөр гурван жилийн өмнө нийт зарлагын дөрвөн хувийг эзэлж байв. Тэгвэл энэ онд нийт зардлын 10 хувьтай тэнцүү болжээ.
Ийнхүү улсын орлого хомсдож төсөв хүндэрсэн өнөө үед өр төлбөрөө төлөх, алдагдлаа бууруулах ганц гарц бол бусдаас тусламж хүсэх гэдгийг эдийн засагч, судлаачид хэлдэг. Тэр нь ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөр, олон улсын хөгжлийн сангууд, донор орнууд, түнш байгууллагуудаас тусламж авах боломжийг хэлж байгаа юм. Тухайлбал, ОУВС, Дэлхийн банкны өрөөс чөлөөлөх хөтөлбөр гэж бий. Үүнд хамрагдах боломж гишүүн орнуудад нь байдаг. Өрийн хэт өндөр дарамттай, буурай орнууд уг хөтөлбөрт хамрагддаг аж. Одоогоор энэхүү хөтөлбөрт хамрагдах нөхцөлийг хангасан нийт 39 орон байгаа судалгаа гарчээ. Тэдний дийлэнх буюу 33 нь Африк, үлдсэн нь Латин Америкийн орнууд болон Афганистан байна. Харин манай улсын хувьд чухам алийг нь сонгох нь эрх баригчдын мэдэх асуудал. Харин манай улсын эрх баригчид эхний ээлжинд ОУВС-г сонгож буй бололтой.
Ийм учраас Монголбанкны ерөнхийлөгч ОУВС-гийн удирдлагуудтай уулзаж эдийн засгийн нөхцөл байдлаа танилцуулж тусламж хүсч санал тавиад байгаа юм. Тус сангаас манай улс 1-1.5 тэрбум ам.долларын тусламж хүсч байгаа мэдээлэл бий. Харин ОУВС-гийн зүгээс Монгол Улсыг орлого бага нийгмийн эмзэг хэсгээ дэмжих төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, улсын төсвөө танаж сахилга батыг сайжруулах, банкны сектороо дэмжиж тогтвортой байдлыг нь хангах шаардлага тавьж буй гэдэг. Ингээд ирэх сард тус сангийн шинжээчид Монголд ирж нөхцөл байдалтай танилцаад хариу өгөх бололтой. Энэ үед ямар ямар нөхцөл тавьж хэдий хугацаатай, хэдэн ам.долларын зээл өгөх нь тодорхой болох нь. Монгол Улс 2008-2009 оны эдийн засгийн хямралын үед улсын төсөв тасарч, гадаад валютын нөөц шавхагдаж хүнд байдалд орж байв. Тухайн үед ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж 500 сая ам.долларын зээл авч хямралыг сөрсөн удаатай. Энэ үед манай улсын эдийн засаг цомхон, өрийн дарамтгүй байсан. Ингээд тус сангийн нөмөр нөөлөгт багтаж хоёр жилийг үджээ. Гэтэл дэлхийн зах зээл дээр нүүрс, зэсийн үнэ өсч Монгол Улсыг хямралаас амархан гарахад нөлөөлсөн юм. Харин өнөөдөр эдийн засгийн тэс өөр нөхцөл байдал угтаж байна. Учир нь манай улсын эдийн засаг хоёр дахин томорч 10 тэрбум ам.долларт эргэлддэг болсон. Мөн өрийн дарамтад орсон, дэлхийн зах зээл дээр манай улсын экспортын гол түүхий эдийн үнэ ханш унасаар байгаа юм. Гэвч ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж чадвал төсвийн алдагдал, өрийн дарамтаа зөөллөх боломж бүрдэнэ.
Ингээд ОУВС эдийн засгийн хямралын үед улс орнуудад ямар зээл, тусламж үзүүлдэг талаар дор өгүүлье. “Стэнд бай” гэдэг нь тусламж дэмжлэг гэж орчуулагддаг. Уг зээлийн гол зорилгыг энэ үг нь л тодорхойлж өгч байгаа юм. Ийм зээл нь алт болон гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг бэхжүүлэх, эдийн засагтаа бүтцийн өөрчлөлт хийх гэсэн олон давуу тал олгодог. Учир нь бусад улс орон, олон улсын зах зээлийн ханшаас хамаагүй хямд байдгаараа онцлог юм. Тогтворжуулах зориулалттай богино хугацааны зээл. Зээлийн хүү нь хөвөгч бөгөөд хэд хэдэн үзүүлэлтээс хамаарч өөрчлөгдөж байдаг. Тухайлбал, зээлжих тусгай эрх гэж нэрлэгддэг ОУВС-гийн үүсмэл валютын ханшнаас хамаарна. Зээлжих тусгай эрхийг ам.доллар, евро, британийн фунт, японы иен гэсэн дөрвөн валютаар бүрдүүлдэг аж.
Тус сан гишүүн орондоо “Стэнд бай” хөтөлбөрийн зээл олгохдоо тодорхой хугацаанд ба тодорхой мөнгийг урьдчилан тохиролцсон нөхцөлийг дагаж мөрдсөн тохиолдолд олгоно. Өөрөөр хэлбэл гадаадын валютыг ОУВС-гаас өөрийн үндэсний мөнгөн тэмдэгтээр сольж авдаг нөхцөлтэй аж. Энэ зээл нь гурван жил хүртэлх хугацаатай. Зээлийн мөнгө гүйцэтгэлийг хянахын тулд тохирсон мөнгөө бөөнд нь өгдөггүй. Хэсэгчлэн хуваадаг байна. “Стэнд бай” хөтөлбөрийн зээл авч эдийн засгийн бэрхшээлээ амжилттай давсан улс орнууд бий. Жишээ нь, Беларусь 2009 онд 15 сарын хугацаатай 2.4 тэрбум ам.доллар авч хямралыг даваад төлсөн байна. Бас хамгийн сүүлд ОУВС-гаас Унгар 16.1, Исланд 2.1, Латви 1.7 тэрбум ам.долларын зээл тус тус авч эдийн засгийн бэрхшээлтэй асуудлаа шийдвэрлэж байжээ.