Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мөрийтэй тоглоомоос болж бүлэг этгээд 10 гаруй хүнийг хутгалжээ

-Мөрийнд хорхойсохын үр дагавар хүнд гэмт хэрэгт хөтөлж байна-

Энэ сарын 9-10-нд шилжих шөнийн 00.30 цагийн үед зэвсэглэсэн этгээдүүд бусад руу халдаж, эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирол учруулсан ноцтой хэрэг гарчээ. Албан бус мэдээллээр хохирогчид болон сэжигтнүүд мөрийтэй тоглож, мөрийгөө алдсаны улмаас нэгнээ гэмтээсэн гэж байгаа ч Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан энэ мэдээллийг бататгасангүй.

Харин Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд гарсан энэ хэргийн талаар оршин суугч “Зодоон болоод байна” гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгчээ. Энэ дагуу  Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлстийн алба хаагчид очиход 10 иргэнийг хэсэг бүлэг этгээдүүд зэвсэг болон зэвсгийн шинжтэй зүйлээр гэмтээж, 40 гаруй сая төгрөгийг нь авч явсан байжээ. Тиймээс Эрүүгийн цагдаагийн газар болон тус дүүргийн цагдаагийн хэлтэс хамтарч, тэр шөнөдөө хэрэг үйлдсэн этгээдүүдээс А, Б гэгч хоёрыг нь саатуулан, шалгаж эхэлсэн байна. Гэмт хэргийн улмаас хоёр иргэн хүнд гэмтэл авч, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа бол найм нь хөнгөвтөр зэргийн гэмтэлтэй гадуур эмчлүүлж, мэдүүлэг өгч эхэлжээ.

Цагдаагийн байгууллага гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж, алдагдсан мөнгө, эд зүйлс болон гэмт хэрэг үйлдсэн зэвсэг, зэвсгийн шинжтэй зүйлсийг олохоор ажиллаж байгаа гэж мэдээллээ.
ял эдэлж, Б шалгагдаж байжээ

Зэвсэг хэрэглэн халдлага үйлдсэн А нь урьд ял шийтгэл эдэлж байгаад Өршөөлийн хуулиар суллагдсан байна. Харин Б нь Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар “мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах” гэсэн үндэслэлээр шалгагдаж байжээ. Тэрээр батлан даалтад байх хугацаандаа дээрх хэргийг үйлдсэн байна.

Тиймээс тэдэнд Эрүүгийн хуулийн 147.3-т зааснаар буюу “Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан бол эд хөрөнгийг хурааж арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэж, цагдан хорьжээ.

Далд хэлбэрийн мөрийтэй тоглоом уу?

Цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр бол хэрэг гарсан байр нь түрээсийнх юм байна. Харин шөнийн цагаар олуулаа юу хийж байсан, мөнгөөр мөрий тавьсан уу, зэрэг асуудлыг шалгаж байгаа тул нарийн мэдээлэл өгөх боломжгүй гэж байгаа юм.

Харин “Зодоон болоод байна” гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад утсаар мэдээллэсэн иргэн энэ асуудлыг өөрийн цахим хуудаст бичжээ. Тэрээр 00.40 цагийн үед 102 утсанд хандсан бөгөөд удалгүй доод давхарт гарч байсан дуу чимээ намжсан байна. Харин өглөө нь босоод СӨХ-ны даргатай урьд шөнө их чимээ шуугиан гараад байсан талаар ярихад СӨХ-ны дарга “Танай доод айлыг хэсэг нөхөд худалдаж аваад тоглоомын газар шиг бүрэн тоноглоод зохион байгуулалттай мөрийтэй тоглоомын газар болгоод, хүмүүс ирж тоглодог байж. Харин өчигдөр өгөө, аваанаасаа болж муудалцаад аймшгийн хэрэг гарсан байна” гэжээ.

Манай улсад мөрийтэй тоглоом тоглох нь хориотой байдаг тул далд хэлбэрээр мөрий тавьж, төрөл бүрийн тоглоом тоглодог тохиолдол нэг бус удаа илэрч байсан. Жишээ нь, өнгөрсөн гуравдугаар сард Баянзүрх дүүргийн 5-р хороонд байрлах нэр бүхий үйлчилгээний төвийн хоёрдугаар давхарт 27 настай залуу мөрийтэй тоглоом тоглуулж байгаад баригдсан. Мөн Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороонд байрлах нэр бүхий цайны газрын дээд давхарт 29 настай эрэгтэй мөн л мөрийтэй тоглоом тоглуулж байгаад баригдсан гэх 10 орчим баримт бий. Их, бага гэлтгүй мөрий л бол мөрий тул тоглосон, тоглуулсан гээд бүгд Эрүүгийн хуулиар шийтгэгдэж, “идэр, залуу” насаа торны ард өнгөрөөх залуус ихсэж байна.
 
Мөрийнөөс болоод амьдрал нь сүйрсэн жишээ

Тэгвэл хамгийн сүүлд мөрийтэй тоглоом тоглосны улмаас шоронгийн хаалга татсан залуу 25-хан настай байлаа. Өнгөрсөн долдугаар сард түүнийг мөрийтэй тоглоом тоглосон, бусдын эд хөрөнгийг хулгайлсан, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээсэн, танхайн сэдлээр хүнийг санаатай алсан хэргээр буруутгасан юм.

Тэрээр Баянгол дүүргийн 19-р хороонд байрлах орон сууцны подвалд үйл ажиллагаа явуулдаг интернет тоглоомын газарт шөнийн цагаар мөрийтэй тоглосон байна. Гэвч, энэ шөнө тэрээр 300 орчим мянган төгрөг алджээ. Тэрээр энэ тухайгаа “300 орчим мянган төгрөг алдчихсан учраас их бухимдалтай байсан” гэж мэдүүлсэн байна. Энэ бухимдал нь түүнийг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн эсэхийг хэлэх боломжгүй ч тэрээр удалгүй хүний амь насанд хүрсэн.

Тухайн тоглоомын газарт ажиллаж байсан эмэгтэй түүнд хандан “чи одоо болиоч яасан их мөнгөөр тоглодог юм” гэж хэлэхэд уурссан залуу түүний хоолойг боожээ. Бүр аймшигтай нь гэмт хэрэгтэн боолт нь орж өгөхгүй байхаар нь уяагаар талийгаачийн хоолойг хоёр ороож нэг мөсөн алчихъя гэж бодсон тухайгаа прокурорт мэдүүлжээ. Түүний бодол үйлдэл болж, тэрээр шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид 20 жилийн ял сонссон билээ. Тэрээр мөн гэмт хэргээ далдлахын тулд хяналтын камерыг устгах зэрэг өөр гэмт хэргүүдийг үйлдсэн байна.  

Энэ хэрэг үйлдэгдэх болсон үндсэн шалтгаан нь мөрийтэй тоглоом гэж хэлэх, дүгнэх эрх бидэнд байхгүй ч мөрийнд улайрах, дахин дахин тоглох нь эцэстээ муу дагавар бий болгох нь зайлшгүй юм. Мөн өдөр шөнийн аль ч цагт тоглоомын газраа ажиллуулж, ашиг хонжоо хайгчид дор хаяж мөнгөө алдсан, эцэстээ амь насаа алдсан хэрэгт хуулийн өндөр хариуцлага хүлээлгэхгүй байна. Тиймээс компьютерийн сүлжээгээр покер тоглуулдаг интернет тоглоомын газрууд болоод бусад төрлөөр мөрийтэй тоглоом тоглуулж буй иргэдэд хуулийн өндөр хариуцлага тооцох хуулийн тогтолцоо үгүйлэгдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан