Б.ЦЭДЭВСҮРЭН
Хэн ч гэсэн ямар нэг зүйл өөрт тохиолдож байж л түүний жинхэнэ мөн чанарыг, утга учрыг мэдэрдгээс энэ хэрэгтэй болов уу, үгүй болов уу гэж тоодоггүй муухай зантай юм. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль шинэчлэгдэж, иргэд Эрүүл мэндийн даатгалын шимтгэлд өмнө жил 8040 төгрөг төлдөг байсан бол одоо 46080 төгрөг төлж буй. Хэдийгээр Эрүүл мэндийн даатгалаараа өмнө хөнгөлөлт эдэлж, эмнэлгээр яваад байгаагүй ч тав дахин нэмэгдсэн учир бусдын адил бухимдаж байв. Монголын хууль нь гууль болсон, Монголын хууль гурван хоногтоо гэж хэзээнээс ч ярьж эхэлсэн юм. Тийм болохоор хэдий бидэнд ашигтай ч өртөг нь нэмэгдчихвэл төр засаг ашиг олох гэж байна гэсэн сэтгэлгээ толгой дотор бас хэзээ ч юм ороод суучихсан учраас тэр л дээ.
Өндөр өртөгтэй шинжилгээ 13 мянган төгрөг
Өнгөрсөн зургадугаар сард ажил дээр сууж байтал утас дуугарч нэг сандарсан хоолойгоор ярих эмэгтэй “Нөхөр чинь ажил дээрээ муужирч унан, даралт нь ихэдсэн. Ойролцоо эмнэлэгт хүргэж эм тариа хийлгэлээ. Яаралтай ирнэ үү” хэмээн ярив. Айсан ч гэж жигтэйхэн. Хамрын ханиад ч барагтаа хүрдэггүй хүн дээ гэж бодсоор очлоо. Ажлынх нь ойролцоох хувийн эмнэлгийн эмчтэй уулзахад зүрх, бөөрний нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай болж таарлаа. Ингээд хоёр ч хувийн эмнэлэгт онош тулгаад зүрхний ямар нэг эмгэгтэй болох нь тогтоогдож Улсын нэгдсэн гуравдугаар эмнэлэгт очих болов. Улсын эмнэлгүүд дундаас Нэгдсэн гуравдугаар эмнэлэгт л Зүрхний мэс заслын тасаг байдаг гэнэ. Нөхрийн маань зүрхний эхоны зургууд болон зүрхний бичлэг зэргийг үзээд эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн тул хэвтэх бичиг хийлгэж, эмнэлгийн ор хоногийн мөнгийг төлөөд хэвтүүлчихлээ. Нөхөр маань гуравдугаар эмнэлэгт 14 хоног хэвтэж эмчлүүлэв.
Энэ хугацаанд онош нь тогтоогдохгүй хоёр ч удаа эмч нарын зөвлөгөөнөөр орсон. Эхний удаа компьютер томографикийн шинжилгээ өгөв. Үүгээр онош нарийн гараагүй учир дахин ангиографи шинжилгээг хийх болов. Энэ нь судсанд тодосгогч бодис шахаж, судасны хэмжээ байрлал, голч, ханын байдал, судасны хувийн болон эмгэг өөрчлөлтүүдийг үнэлж оношилдог дүрс оношилгооны шинжилгээний арга аж. Ангиографийн аппарат нь рентген туяаны тусламжтайгаар хүний бие махбодийн ямар ч эд эрхтэн системийн өвчин, эрүүл эмгэг бүтцийг цусны судсаар дамжуулан тусгай сэтгүүр хэрэглэн оношилгоо, эмчилгээг зэрэг явуулдаг орчин үеийн дэвшилтэт технологи гэнэ. Тиймээс өртөг үнэтэй шинжилгээнд багтдаг талаар эмнэлэгт хэвтэж буй өвчтөнүүд ярьж байв. Нэг хүн энэ шинжилгээг хийлгэхдээ нэг л тодосгогч бодис хэрэглэсэн учраас 600 мянган төгрөг төлсөн гэх. Бас нэг хүн 700 мянга гаруй төгрөг төлсөн гээд зөрүүтэй тоо хэлж байв. Тус шинжилгээгээр нөхрийн маань онош бүрэн гарсан. Түүний оношийг энгийнээр тайлбарлавал уушигнаас зүрх рүү цус шахдаг судас болон зүрхнээс хүчилтөрөгчтэй цусыг бусад биеэр тараадаг хоёр судас төрөлхийн хоорондоо холбогдсон байгааг тогтоосон юм. Эрүүл хүний энэ хоёр судсаар гүйж буй цус огт холилддоггүй аж. Гэтэл нөхрийн маань зүрхнээс гарч буй цусны тал буцаж уушиг руугаа цацаад байгааг энэ шинжилгээгээр төвөггүй тогтоосон.
Ийн оношоо бататгаж чадсан ч монгол эмч нар энэ эмгэгийг засах боломжгүй гэсэн учраас Гуравдугаар эмнэлэгтэй хамтын ажиллагаатай гадаад эмч нар ирэхийг хүлээх болов. Ингээд эмнэлгээс гарах болж тооцоо хийтэл нөхрийн маань эмчилгээ, шинжилгээний бүх зардал ердөө 13 мянган төгрөг болсон юм.
Харин өнгөрсөн долоо хоногт Луксенбургийн вант улсаас есөн хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг ирж нөхөр маань ч хагалгаанд орлоо. Судасны эмгэгийг нь нөхнө, боломжгүй бол орвонгоор нь солино. Хагалгааны үеэр ямар ч хүндрэл гарч болзошгүй учраас төлбөр мөнгө урьдчилж ярих боломжгүй хэмээн эмч нар хэлэв. Хэдийгээр нөхрийн маань зүрхний судас нь нөхөх боломжтой байсан ч давхар эмгэг буюу ховдол хоорондын цоорхойтой байсан аж. Ийм хавсарсан эмгэгийн онош өмнө нь Монголд тохиолдож байгаагүй ч дахин ийм оноштой хүн тус эмнэлэгт ирвэл эмч нар гадаадын эмч нарын зөвлөгөөтэйгөөр гардан хагалгаа хийх боломжтой гэдгээ хэлж байсан. Хагалгааны үеэр хүндрэл гараагүй амжилттай болсон тул эрчимт эмчилгээний тасагт хоёр хоноод л жирийн тасагт шилжив. Хагалгааны төлбөр ч бодогдоод ирэв. Дөрвөн сая гаруй төгрөг болсон ч үүнийг дахиад л хөнгөлөөд биднээс нэг сая 800 мянга орчим төгрөг авлаа.
46080 төгрөгөө төлсөн л бол таны халаасанд хоёр сая төгрөг орсон гэсэн үг
Хэн гээч яагаад ийн хөнгөлөөд буй талаар ч хэсэг судлав. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль шинэчлэгдэж 2015 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн учир Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлж буй нь энэ аж. Өнгөрсөн 2014 оны тооцооллоор манай улсын хүн амын 97 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан гэсэн судалгаа байдаг аж. Мөн Нийгмийн даатгалын сангаас 2016 оны төсвийн тухай хуулиар эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг 308,3 тэрбум төгрөгөөр баталсан нь 2015 оны батлагдсан төсвөөс 57,6 тэрбум төгрөг буюу 22,9 хувиар нэмэгдсэн тооцоо гарч. Энэ нь иргэнд үзүүлэх хөнгөлөлт үйлчилгээний төрөл нэмэгдэж буйтай холбоотой аж.
Иргэд сардаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192000 мянган төгрөгийн хоёр хувь болох 3840 төгрөг буюу жилийн 46080 төгрөг төлснөөр төрийн ч бай, хувийн ч бай аль ч эмнэлгээр үйлчлүүлсэн тохиолдолд хуулиар заасан хөнгөлөлтөө эдлэх нь. Ингэхдээ жилдээ хоёр сая төгрөгийн хөнгөлөлтийг хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ, амбулаторын үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ, өдрийн эмчилгээ, үйлчилгээ, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, уламжлалт, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээ, жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим сэргээн засах болон өдрийн эмчилгээ, асаргаа, сувилгаа, оношилгоо, шинжилгээ, хорт хавдрын хими болон туяаны өдрийн эмчилгээ, эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээ, хавсарсан эмгэгтэй жирэмсэн, нярайн тусламж, үйлчилгээ, урамшуулал гэсэн хэлбэрээр авах боломжтой юм байна.
Мөн хэн ч байсан гэр бүлийн гишүүндээ хоёр сая төгрөгийн хөнгөлөлтөө шилжүүлэн ашиглуулж болох бөгөөд үүнийг дээрх үйлчилгээнүүдэд хэрэглэж болох нь. Гэхдээ өндөр настан, групптэй иргэнд энэ шилжүүлэг хамаарахгүй юм байна. Тиймээс манай нөхөр анх удаа эмнэлэгт хэвтэж хийлгэсэн өндөр өртөгтэй шинжилгээний үнэ хөнгөлөгдсөн юм билээ.
Өндөр өртөгтэй хагалгааны жагсаалтад багтсан оноштой бол жилдээ хэдэн ч удаа хөнгөлөлт авна
Дээрх шинэчлэгдсэн хуулийн дагуу өндөр өртөгтэй хагалгааны төлбөрийн 75 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахаар болсон юм. Өндөр өртөг бүхий хагалгаанд 11 бүлэг өвчин багтсан байна. Үүнд, зүрхний төрөлхийн болон олдмол гажгийн мэс засал, зүрхний ишемит өвчний үеийн мэс засал, артерийн судасны эмгэгүүдийн үеийн мэс засал, тархи мэдрэл, бүдүүн шулуун гэдэс, бөөр, чих, хамар, хоолой, гэмтэл, бэртэл, ерөнхий мэс засал багтаж байна. Мөн хиймэл эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр болсон аж. Ингэхдээ Эрүүл мэнд спортын сайд, Сангийн сайд, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын тушаал гарч Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх протезийн жагсаалт, түүний жишиг үнэ, даатгалын сангаас олгох хэмжээг шинэчлэн өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлжээ.
Харин гуравдугаар эмнэлгийн хувьд иргэдэд үзүүлдэг үйл ажиллагааны хүрээнд Зүрхний төрөлхийн болон олдмол гажгийн мэс засал, коронарная ангиография, пейсмейкэр суулгах, зүрхэнд аблаци хийх, зүрхний дутагдал, судасны эмгэгийн үеийн мэс засал, тархи мэдрэлийн мэс засал, тархины судсан дотуур хийгдэх мэс засал, бүдүүн шулуун гэдэсний мэс засал, ерөнхий мэс засал, хиймэл болор суулгах мэс засал зэргийг өндөр өртөгт хагалгааны жагсаалтад оруулсан байна. Эдгээр мэс заслын үед хэрэглэгдэх багаж, хэрэгслийн зах зээлийн үнийн жагсаалтыг болон нийгмийн даатгалын сангаас хөнгөлөх үнийг нь гаргасан учраас иргэд хагалгаанд орсныхоо дараа 75 орчим хувийг нь төлдөг байна. Бүр зарим үед огт мөнгө төлөхгүй байх ч тохиолдол гарч байгаа гэсэн. Энэ хөнгөлөлтийг нэг хүн жилдээ хэдэн ч удаа авч болохоороо давуу талтай болж байна.
С.Долгор: Иргэд хагалгааныхаа нийт үнийн дүнгээс 75 хувь хөнгөлүүлэх гээд буруу ойлгоод байна
/Нэгдсэн гуравдугаар төв эмнэлгийн Эрүүл мэндийн даатгал хариуцсан мэргэжилтэн/
-Эрүүл мэндийн даатгалын тухай хууль шинэчлэгдсэнээр өндөр өртөгтэй хагалгааны төлбөрийн 75 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлж байгаа. Энэ танай эмнэлгийн үйл ажиллагаанд хэрхэн хэрэгжиж байна вэ?
-Өнгөрсөн оны долдугаар сараас гурван сайдын тушаал болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор өндөр өртөгтэй хагалгааны үеэр хэрэглэгдэх багаж, хэрэгслийн үнийн хөнгөлөлтийн талаар журам гарсан. Үүнийг манай эмнэлэг өөрийн үйл ажиллагааныхаа хүрээнд хэрэглээд явж байна. Тухайн өвчтөний онош өндөр өртөгтэй хагалгааны жагсаалтад багтаж л байгаа бол 75 орчим хувийн хөнгөлөлт авах боломжтой болж байна гэсэн үг.
Өмнө нь иргэд хэчнээн өндөр өртөгтэй хагалгааны жагсаалтад орсон оноштой байсан ч хагалгаандаа хэрэглэх зүйлсээ халааснаасаа мөнгөө гаргаад өөрсдөө явж авч ирдэг байсан. Тэгвэл одоо энэ хууль хэрэгжиж эхэлснээр бүх багаж хэрэгслийг эмнэлгээсээ тэгээд хөнгөлөлттэй үнээр авах боломж бүрдээд байна. Мөн өндөр өртөгтэй мэс заслын хөнгөлөлтийг нэг хүн жилдээ хэдэн ч удаа авч болно. Судасны битүүрлийн хагалгаанд орчихоод дахиад өөр судас битүүрээд хагалгаа хийлгэх шаардлагатай бол хөнгөлөлтөө дахиад авах боломжтой гэсэн үг л дээ.
-Иргэд энэ хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл дутмаг байх шиг байна?
-Хүмүүс асууж орж ирдэг. Хагалгааны төлбөрийн нийт үнийн дүнгийн 75 хувийг хөнгөлөх юм шиг бодоод байна. Эмнэлэг бүр өөр өөрийн жагсаалтад буй өндөр өртөгтэй хагалгаанд хэрэглэгдэх багаж хэрэгслээ дөрөв, таван багаж хэрэгсэл нийлүүлдэг байгууллагаас үнийн саналыг нь аваад багаж хэрэгсэл бүрийн үнэ дээр 75 орчим хувийг нь хөнгөлж байгаа. Үүнийг иргэд заавал 75 хувь гэж ойлгож болохгүй. Зарим хүн 75 хувь хөнгөлүүлж байхад зарим нь огт мөнгө төлөхгүй байх ч тохиолдол гарч байгаа. Тухайлбал, артерийн битүүрээгүй цорго гэсэн өвчний оношийг мэс заслын бус аргаар эмчлэхийн тулд долоон төрлийн багаж хэрэгсэл хэрэглэнэ гэж үзвэл хамгийн өртөг өндөртэй нь “НАП-ын амплатцер” зах зээлийн жишиг үнээрээ 4 сая 950 мянган төгрөг. Гэтэл үүний 3 сая 712 мянган төгрөгийг ЭМД-ын сангаас хөнгөлнө. Ингэснээр өвчтөнөөс 1 сая 238 мянган төгрөг гарна гэсэн үг. Энэ мэт багаж, хэрэгсэл бүрээр нь үнийг нь хөнгөлж тооцдог. Ер нь иргэдийн нуруун дээрх ачааг хөнгөлж өгсөн сайн хууль болж гэж харж байгаа.
-Эрүүл мэндийн даатгалаа төлөөд явж буй иргэн жилдээ хоёр сая төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ гэсэн. Үүнийгээ бусдад шилжүүлж болно гэж байгаа. Энэ талаар тайлбарлаж өгөөч?
-Иргэд энэ хөнгөлөлтөө оношилгоо хийлгэх, амбулатороор эмчлүүлэх, сувилалд амрах зэрэгт ашиглаж болох юм билээ. Гэр бүлийн өөрөө сайн дураараа ЭМД төлдөг болон ажил эрхэлж төлдөг гишүүн хэн нэгэндээ шилжүүлж хэрэглүүлж болно. Харин тэтгэврийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хооронд ийм эрх үүсэхгүй юм билээ.
Гар хүрч, зогсоож бүр ч болохгүй хууль
Хуулиа уншиж, судлаагүй, иргэдэд ээлтэй эсэхийг нь ч мэдээгүй мөртлөө өмнөх Засгийн газрын хийсэн ажлыг үгүйсгэх гэж цуцладаг, өөрчилдөг моод гараад байгаа бололтой. Тиймээс хэнээс ч хамаагүй Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг л битгий улс төржүүлээрэй гэж чин сэтгэлээсээ гуймаар. Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас тэвдэж явахад тэвэнгээр тусла гэгчээр энэ бол үнэхээр нүдээ олсон хууль болж гэдгийг өөрт тохиолдсон үйл явдлаар мэдрэв.
Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг. Тэгвэл хэзээ ч ирж магадгүй өвчинд зориулж тэр бүр хүн мөнгө төгрөгөө цааш нааш нь хийгээд байж чадахгүй ч хэрүүлтэй амтай ЭМД-аа төлөөд л байна. ДЭМБ-ын судалгаагаар иргэн эмчилгээнийхээ төлбөрийн 25-аас ихгүй хувийг өөрөө төлөх нь тохиромжтой гэж үздэг ч ЭМД-ын тухай хууль шинэчлэгдээгүй байхад иргэд бараг л 100 хувь өөрөө төлдөг байсан. Тэр ч бүү хэл хүнээ аврах гэж орон гэрээ хүртэл зараад гудамжинд гарч байсан тохиолдол олон.
Уг нь бол Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод түвшинг өөрчлөх бүрт уялдуулан өөрчлөх шаардлагатай байдаг аж. Гэтэл манай улсад 10, 10 жилээр үүнийг шинэчилдэг учраас өмнө нь сардаа 670 төгрөгийн шимтгэл төлдөг байсан бол гэнэт 3840 төгрөг төлөх болсон нь ачааг хүндрүүлж байгаа мэт харагдана.
Даатгуулагчдаас даатгалын үр нөлөө, хэрэгцээ шаардлагын тухай гомдол тасардаггүй нь үнэн. Тэгэхээр даатгалын үйлчилгээ хэрхэн өөрчлөгдөж, сайжирсныг иргэд ЭМД-аа төлж, уг үйлчилгээг авснаар л мэдэж болох нь. Иймээс амьдрал хүнд, хямралтай байна хэмээн Эрүүл мэндийн асуудлаа хойш тавин даатгалаа төлөхгүй явахын оронд шимтгэлээ төлж, төрийн шийдвэр хэр бодитой, амьдралд хүртээмжтэй байна вэ гэдгийг хүн бүр үүргээ биелүүлснээр мэдэх боломжтой болжээ.