Б.МЯГМАРЖАВ
30 жилийн өмнө ээж минь тарьж, өнөөдрийг хүртэл манай гэр бүлийнхний хайрлаж, хамгаалж ургуулсан модыг нэг л өдөр барилгын нэгэн компанийнхан газрын зөвшөөрөл нь бий, орон сууц барина гэсээр устгачихав. Одоогоос 30 жилийн өмнө манайх гэдэг айл Сансарт орон сууцанд орж бөөн баяр болсон гэдэг. Энэ өдрийг тохиолдуулан ээж минь таван давхар орон сууцныхаа гадаах талбайд зулзаган мод тарьж, манай гэр бүл хайрлан “өсгөх” үүрэгтэй болсон. Жил бүрийн хавар “манай мод нахиалж байна” хэмээн ах дүү бид гурав баярлан хөөрсөөр өнөөдөртэй золгожээ. Тус тусын амьдралтай болж гэрээ орхин явсан ч ээж аав дээрээ ирвэл заавал модоо усладаг байлаа. Харин өнөөдөр хоосон орон зай нь онгойж үлдлээ.
Үнэндээ барилга бүтээн байгуулалт ид өрнөж байгаа сүүлийн арав гаруй жилд нийслэлийн ногоон байгууламжийн орон зай өдрөөс өдөрт хумигдсаар байгааг хэн бүхэн анзаарч буй. Тухайн газрыг аль нэгэн компани худалдан авсан л бол лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хамаа юу хэмээн цээж түхийлгэн суудаг. Уг нь, агаар, хөрсний бохирдолд нэрвэгдээд байгаа Улаанбаатарын хувьд нэг мод ч нэгдэхгүй л баймаар санагдах.
НИТХ-ын 2007 оны 18 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын ногоон байгууламжийн ашиглалт хамгаалалтын журмыг баталсан аж. Уг журмаар нийтийн эзэмшлийн зам талбайд байгаа ногоон байгууламжийн талбайд зөвшөөрөлгүй газар шорооны ажил гүйцэтгэсэн бол иргэнийг 40 мянган төгрөг хүртэл, албан тушаалтныг 50 мянган төгрөг, аж ахуйн нэгжийг 50-250 мянган төгрөгөөр торгоно гэдэг заалттай. Тиймээс 30 жил хүч хөдөлмөрөө шингээн хайрлан байж ургуулсан модыг тайрлаа гээд 250 мянган төгрөгөөр торгуулна. Газраа чөлөөлөхийн тулд 40-250 мянган төгрөгөөр мод устгах нь юу ч биш. Эзэмших эрх нь энэ гэхээр манайх шиг чимээгүйхэн өнгөрөх нь нэг биш. Энэ талаар Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газрын ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн С.Үүрцайхаас тодруулахад “Нийтийн эзэмшлийн зам талбайд байгаа ногоон байгууламжийн талбайд зөвшөөрөлгүй газар шорооны ажил гүйцэтгэсэн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр байвал Монгол Улсын захиргааны хариуцлагын тухай болон Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээг дүүрэг, хорооны Засаг дарга, цагдаа, байгаль орчин, хот тохижилтын алба, мэргэжлийн хяналтын болон олон нийтийн байцаагч нар оногдуулдаг. Тиймээс тухайн аж ахуйн нэгж манай руу болон МХЕГ, эсвэл дүүргийн тохижилтын алба, нийслэлийн ЗАА-ны аль нэгэнд нь хандвал тухайн газарт нь байгаа модны тоогоор нөхөн төлбөр төлөх ёстой. Оргилуун төвийн урд буй орон сууцны барилгын урдах моддыг тайрсан талаар манайд мэдээлэл ирээгүй. Ямартай ч тохижуулна гэж зөвшөөрөл авсан гэсэн. Нөхөн төлбөрийг нь ЗАА болон дүүрэг орон нутгийн хөгжлийн санд оруулдаг. Уг нь барилгын тухай хуульд барилга барих талбайнхаа 30 хувийг зүлэгжүүлж ногоон байгууламж барина гэсэн заалт бий. Гэвч манай аж ахуйн нэгжүүд тэр бүр мөрддөггүй” хэмээн ярьсан юм. Мөн 2007 онд баталсан журам учир өөрчлөлт оруулах олон зүйл заалт байгаа талаар хэлсэн.
Аравдугаар сарын 8-нд бүх нийтээр мод тарих үндэсний өдөр тохионо. Энэ өдөр төрийн түшээдээс эхлүүлээд байгууллага хамт олноороо мод тарьж байна гэж бөөн сүр дуулиан болгоно. Тухайлбал, нийслэлийн ЗАА, Улаанбаатар төмөр замтай хамтран Толгойтоос Амгалан өртөө хүртэл төмөр замын хамгаалалтын зурваст төмөр замын хоёр талаар 8000 мод тарина хэмээн эхний мэдээлэл гарсан харагдсан. Гэвч хэдэн зуугаар нь тарьж мөнгө үрж байхаар эхний ээлжинд энэ төрлийн гэм буруутай этгээдэд ногдуулах хариуцлага болон арчлах, хамгаалах талаар хууль эрхзүйн орчныг нь сайжруулах шаардлагатай байна. Олон улсын стандартаар бол нэг хүнд таваас зургаан ширхэг мод ногдох ёстой аж. Харин өнөөдрийн байдлаар манай улсад хоёр хүний дунд нэг мод ногдож буй гэнэ.
И.Дорж: Төсөв багассанаар ойжуулалтын ажил ч удааширсан
Улсын хэмжээнд ойжуулалтын ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа болон учирдаг бэрхшээлийн талаар БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн И.Доржоос тодрууллаа.
-Манай улс жилд хэчнээн га талбайг ойжуулж байна вэ. Мод тарих, ойжуулалт хийхэд улсаас хэрхэн ач холбогдол өгч байна вэ?
-Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 8000 га талбайг ойжуулдаг. Үүний ихэнх хувийг орон нутгийн өөрийн хөрөнгөөр хийдэг. Сүүлийн жилүүдэд төсөв мөнгө багассантай холбоотойгоор жилд 400-1000 га талбайн хөрөнгийг шийдэж байна. Учир нь, ойжуулах ажлыг улсын төсөв, гадаадын төслийн хөрөнгөөр санхүүжүүлдэг.
-Өнгөрсөн жил хэдэн га талбайг нөхөн сэргээж, ойжуулсан бэ. Ийм талбайг хэрхэн сонгодог вэ. Нутгийн иргэдээс сумаа ойжуулъя гэсэн санал ирдэг үү?
-2015 онд 5700 га-д нөхөн сэргээлтийн ажил хийсэн. 900 га талбайг ойжуулсан. Ойн тухай хуульдаа арван жилд нэг удаа ой зохион байгуулалтын ажил хийх ёстой. Ой зохион байгуулалтын тайлан мэдээгээр аль нутгийн аль суманд ойжуулах ажил хийх шаардлагатай байгаа талаар судалгаа хийдэг. Эхний ээлжинд экологийн өндөр ач холбогдолтой голын эх, ундарга, эрэг дагуу эсвэл ховор ан амьтны орчин болж байгаа орчныг сонгож ойжуулдаг. Нэг газар 10, 20 га-д хийнэ гэсэн хэлбэрээр бус аль болох төвлөрүүлж нэгдсэн зохион байгуулалтаар ойжуулах ажлыг хийдэг.
-Ойжуулалт хийхэд ямар бэрхшээл байна вэ. Ихэнх тохиолдолд манай улс ногоон эдийн засагт ач холбогдол өгч хөрөнгө мөнгө төсөвлөхгүй байна гэдэг?
-Олон бэрхшээл байна. Нэгдүгээрт санхүүгийн асуудал бий. Ойжуулах ажил нэг удаа мод тариад өнгөрөх бус арчлалт хамгаалалтыг олон жилийн турш хийх хэрэгтэй байдаг. Одоогийн байдлаар бид зөвхөн тарих хөрөнгийг л шийдэж чадаж байна. Арчлах зардлыг шийддэггүй. Нөгөөтэйгүүр, ойжуулалтыг мэргэжлийн аж ахуйн нэгж хийдэг. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн асуудал хүнд байгаа. Ойжуулалтын ажлыг хийхэд урьдчилгаа мөнгөө өгөөгүйгээс мод тарьж чадахгүй байгаа юм. Тарьц, суулгац нь байдаг тэрийг суулгах төсөв хөрөнгө, хүн хүч байхгүй. Мөн тарьц суулгаад арчилж тордоод овоо болгоод байгалиараа ургаг гэхээр мал, амьтан сүйтгэдэг гээд олон бэрхшээл бий.
Р.Ганбат: Хэдхэн ИТХ-ын тэргүүлэгчид мод бэлтгэх аж ахуйн хуваарийг баталж байна
Улсын хэмжээнд жилд хэчнээн шоо метр мод бэлтгэлийн зөвшөөрөл олгож байгаа болон хууль бус мод бэлтгэлтэй хэрхэн тэмцэж буй талаар БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Р.Ганбатаас тодрууллаа.
-Энэ онд хэдий хэмжээний мод бэлтгэлийн зөвшөөрөл олгоод байна вэ. Үүнийг зориулалтын хэлбэрээр нь ангилбал?
-Монгол Улсын хэмжээнд тухайн жилд бэлтгэх модны хэмжээг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага өгдөг. Энэ дагуу БОНХАЖ-ын сайдын тушаал гардаг. Тухайн жилд бэлтгэх модны хэмжээг огтлолтын төрлөөр нь баталдаг юм. Үүнийг аймаг нийслэлээр нь зааглаж гаргадаг журамтай. 2016 онд сая 95 мянган шоо метр, үүн дээр Засгийн газрын ойн цэвэрлэгээ хөтөлбөрийн хүрээнд 400 мянган шоо метр нийт сая 500 гаруй метр.куб мод бэлтгэх зөвшөөрөл олгосон. Өнгөрсөн таван жилийн ой ашиглалт, мод бэлтгэлийг дунджаар авч үзвэл жилд 790 мянган шоо метр мод бэлтгэсэн байдаг. Үүнийг огтлолтын төрлөөр нь авч үзвэл бэлтгэсэн модны 90 гаруй хувийг ойн цэвэрлэгээний журмаар бэлтгэсэн байдаг. Дөрөв орчим хувь нь ашиглах хэлбэрээр зургаан хувь нь үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэсэн. Энэ нь сайдын тушаалаар баталж өгсөн модны 70 орчим хувийг бэлтгэж байна гэсэн үг.
-Яагаад баталж өгсөн хэмжээндээ бэлтгэж чадахгүй байна гэж. Харин ч эсрэгээр сайдын баталж өгсөн хэмжээнээс илүү хууль бус мод бэлтгэл явж байгаа гэж ойлгодог?
-Хууль бус мод бэлтгэлд орон нутаг болон мэргэжлийн хяналтын газар, байгаль хамгаалагч гээд олон хүн хяналт тавьдаг. Иргэний нийгмийн байгууллагын хяналт хүртэл бий. Манайх технологи болон мониторонгийн асуудалд анхаардаг. Тэр бүр хяналтад ороод байдаггүй. Хууль бус мод бэлтгэлийн хяналт сайжирсан учир энэ төрлийн гэмт хэргийн тоо буурч байгаа. Тухайлбал, 2014 онд хууль бус мод бэлтгэлийн зөрчил 771 гарч байсан бол 2015 онд 224 болсон. Зөрчлийг нь ангилж үзэх юм бол зөвшөөрөлгүй ой руу орж мод бэлтгэх, мөн гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэх зөрчил их байсан. Одоо буурч байна. Мөн гарал үүслийн гэрчилгээг алдаатай бичих баллах зөрчил байсан.
-Орон нутагт мод бэлтгэлийг их хэмжээгээр хийж байна гэсэн?
-Сайдын баталсан тушаал сумдын иргэдийн хурал дээр очоод саармагжих тохиолдол байна. Зарим суманд иргэдийн хурлын тэргүүлэгчид гэж хэдэн нөхөд хуралдаж, мод бэлтгэх аж ахуйн хуваарь баталдаг. Түүнээс биш 1990 он гараад машинтай хүн болгон мод зөөж оруулж ирдэг байсан үе шиг замбараагүй бэлтгэл үгүй болсон.