Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Энхцэцэг: Вакцинд хамрагдсанаар 95 хувийн дархлаа тогтдог

Б.МЯГМАРЖАВ

Манай улсад вирусын халдвар газар авч өдөр ирэх бүр халдвараар өвчлөгсдийн тоо нэмэгдсээр байгаа. Энэ төрлийн өвчний улмаас нас баралтын шалтгаан хавдараар өвчилж нас барагсдын тооноос хэд дахин дээгүүрт  эрэмбэлэгдэж байгаа аж. Тиймээс В хепатит өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр бүлэгт дархлаажуулалтын ажлыг эхлүүлж байгаа гэнэ. Энэ талаар НЭМГ-ын дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Энхцэцэгтэй ярилцлаа.

-Дархлаажуулалтын 10 хоногийн аян эхлүүлж бай­­гаа гэсэн. Аяны талаар мэдээлэл өгөөч?
-Эрүүл мэндийн сайд болон нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаал гарсан. Уг тушаалын дагуу 2016 оны аравдугаар сарын 3-10-ны өдрүүдэд дархлаажуулалтын 10 хоногийн аян зохион байгуулж байна. Аянг “Хепатит B вирусээс сэргийлье” гэсэн уриатай хийж байгаа. Уг дархлаажуулалтад ЕБС-ийн долоо болон 15 насны хүүхэд мөн анагаахын чиглэлийн их дээд сургуулиудын оюутнуудыг хамруулна. Мөн хепатит B вирусээр өвчлөх эрсдэл өндөртэй эрүүл мэндийн байгууллагуудын ажилчид болон хүчний байгууллагын ажилчдыг хамруулна. Тухайлбал, ШШБЕГ, ОБЕГ-ын албан хаагчдыг хамруулах юм.

-Хоёр дахь тунг хэзээ хийх вэ. Ер нь, вируст хепатитын вакцин хэдэн жилийн дархлаа тогтоодог юм бэ?
-Нэг сарын дараа хоёрдугаар тунг хийнэ. Гурав дахь тунг эхний тунгаас зургаан сарын дараа хийдэг. Ингэж гурван тунгийн дархлаажуулалтыг хийснээр  95 хувийн дархлаа тогтдог. Энэ дархлаа 15 жил хадгалагдана гэсэн үг. Хэрэв тунгаа тасалдуулах эсвэл дутуу хийлгэвэл хугацаа нь багасаад явна.

-Вакцин хийлгэхэд юун дээр анхаарах вэ. Энэ вакцин бусад вакцинаас ялгарах ямар онцлогтой юм бэ?
-Эхний ээлжинд B,C вирусын шинжилгээ өгч вирус байхгүй тохиолдолд вакцинд хамрагдаж болно. Мөн 7 болон 15 настайд сахуу татрангийн вакцин хийдэг. Тиймээс сургууль дээр вакцин хийх талаар эцэг эхэд нь дуулгасан байх хэрэгтэй. Мөн вакцин хийсний дараа дулаан хувцаслаж, дааруулахгүй, хүйтэн юм уулгахгүй байх шаардлагатай. Түүнчлэн  хүүхдүүд тоглож байгаад тариа хийсэн гар руугаа цохиулах тохиолдол элбэг байдаг. Үүнээс болж хөндүүрлэдэг. Вакцин хийсний дараа урвал байдаг. Гэхдээ айх хэрэггүй. 

-Гурван удаагийн тунг авсан тохиолдолд вируст хепатитын халдвараас 15 жил санаа зовохгүй байж болно гэж ойлгож болох уу?
-100 хувь баталгаатай гэж ойлгож болохгүй. Учир нь, тухайн хүний дархлаа, биеийн эсэргүүцэл зэргээс шалтгаална. Дээр нь уг вакциныг 1991 оноос анх  хийж эхэлсэн. 15 жил дархлал тогтдог гэж бодох хэрэгтэй. Тэгээд өөрсдөө шинжилгээ өгөөд хамрагдаж болно. Ер нь, вируст хепатитын халдвараар өвчлөгсдийн тоо жил ирэх бүр нэмэгдсээр байгаан хүн бүр мэднэ. Гэтэл уг вирусээс хамгаалах вакцин нь байсаар атал өвчлөгсдийн тоо нэмэгдсээр байгаа нь харамсалтай. Иймээс иргэд цаг тухайдаа вакциндаа л хамрагдаад явах юм бол энэ тоог бууруулах боломж бидэнд бий.

-Иргэд сайн дураараа дархлаажуулалтад хамраг­дана гэвэл  хаана очиж болох вэ?
-Сайн дурын дархлаа­жуулалт хийж байгаа. ХӨСҮТ болон  хувийн эмнэлгүүдэд хийгдэж  байна. Нэг удаагийн тунг 5000 төгрөгөөр хийлгэж болно. Вируст хепатитын гурван тунг дараалан хийлгэсэн тохиолдолд 15 жил вирусын халдвараас сэргийлнэ.

-Одоо ингээд ханиад томуу, томуу төст өвчний дэгдэлт эхэллээ. Энэ үед улаанбурхны өвчлөл нэмэгддэг. Улаанбурханы вакциныг хийж эхэлж байгаа гэсэн?
-Эрүүл мэндийн сайд болон НЭМГ-ын даргын улаанбурханы үед авах зарим арга хэмжээний тухай тушаал бий. Зургаан сартай хүүхдүүдэд нэг удаа нэмэлтээр вакцинд хамруулж байгаа. Дараа нь есөн сартайд нь улаанууд, гахайн хавдар, улаанбурхны хоёр дахь тунг өгч байгаа. Мөн төрөх эмнэлгүүдэд өнөөдрөөс  /өчигдөр/ эхлэн төрсөн эхчүүдэд  А амин дэмийг нэмэлтээр уулгаж эхэлж байна. Түүнчлэн  зургаан сараас таван насны хүүхдүүдэд А амин дэмийг өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан олгож байгаа.

-Хавар 18-30 насны залуусыг нэмэлт дархлаажуулалтад хамруулсан. Гэтэл сургууль нь амарсан эсвэл ямар нэг шалтгаанаар вакцинд хамрагдаагүй залуучууд үлдсэн. Энэ хүмүүсийг хамруулах уу?
-Тийм ээ. Зарим оюутнууд өрхийн эрүүл мэндийн төв болон сумандаа очиж вакцинд хамрагдсан гэж байгаа. Гэхдээ эдгээр оюутнуудыг вакциндаа хамрагдсан эсэх талаар судалгаа хийж байгаад дахин хамруулна.  Нийслэл аймгуудад улаанбурхны тархалтын  талаар судалгаа хийж эхлэх гэж байгаа. Улаанбурхны хариу арга хэмжээг 2018 он хүртэл зохион байгуулна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан