Б.ШИРНЭН
УИХ-ын ээлжит сонгуулиар ялалт байгуулсан МАН-ын 65, АН-ын ес, МАХН-ын нэг болоод бие даагч нэг гишүүнээс бүрдсэн анхны ээлжит чуулганыг УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр зарлан, хуралдууллаа. Үндсэндээ, улс төрийн сонгуулиас хойш өнгөрсөн гурван сарын хугацаанд томилгоо, халаа сэлгээ үргэлжилж, хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн зарим нэг хуулийн төслийг буцааснаар өнөөдөр УИХ-ын ажил жигдэрч, ээлжит чуулган эхэллээ гэж болно. Энэ цаг үед нэг нам олонх болсноор улс төрийн байдал харьцангуй тогтуун байгаа ч улс орны эдийн засаг, нийгмийн амьдрал уруудаж байгааг статистикууд харуулж байна. Харин УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлууд нийгэм эдийн засгийн амьдралтай хэрхэн холбогдож, Засгийн газрыг ямар “шахаанд” оруулах вэ, зэрэг дүр зураг өчигдрөөс тодорч эхлэв.
Дефляци ба ажилгүйдэл
Монгол Улсын үндэсний статистикийн хорооны эмхэтгэлээс үзвэл ажилгүйдлийн түвшин оны эхний улиралд 11.6, хоёрдугаар улиралд 10.4 болж буурсан байсан. Гэвч, энэ үзүүлэлт нь 2009 оноос хойш анх удаа ажилгүйдлийн түвшин хоёр оронтой тоонд хүрч, ажлын байр түүхэнд байгаагүйгээр хомсдож байгаа таагүй мэдээ юм. Мөн Монгол Улс анх удаа дефляцид хүрсэн гэдгийг төрийн гурван өндөрлөгийн нэг, эрх баригч намын дарга болоод УИХ-ын дарга М.Энхболд бататган, “Энэ нь Монгол Улсын эдийн засаг огцом агшиж байгааг илт харуулж байгаа юм” гэлээ. Барааны нийлүүлэлт эрэлтийг давж, үнэ унасан нь дефляцийг илэрхийлэх бөгөөд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд дефляцийн улмаас дампууралд хүрэх бодит аюултай нүүр тулдаг.
Тэгвэл эдийн засгийн энэ хүндрэлээс эрх баригч нам гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар гарах нь чухал гэх бодлого баримталж эхэллээ. Гэтэл 2012 оноос улирал дараалан буурсаар оны эцэст 0.1-0.6 хувьд хүрэхээр байгаа эдийн засгийн өсөлтийг ямар гээчийн хөрөнгө оруулалтаар өөд нь татах гээд байгаа нь тодорхойгүй. Гэвч, эдийн засгийг сэргээх гээд байгаа энэ хөрөнгө оруулалт гээч нь зүгээр нэг аж ахуйн нэгжид олгодог ам.долларын хөнгөлөлттэй зээл биш гэдэг нь хамгийн тодорхой зүйл билээ. Үүнийг ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн талаарх байр суурьтай нь холбон тайлбарлаж болно. Жишээ нь, УИХ-ын дарга М.Энхболдын хэлснээр бол тэдний гаргах шийдвэр олон нийтэд таалагдахгүй байж болох гэнэ. Алсдаа үр дүнд хүрэх асуудал тул ойлголцох шаардлагатай гэж хэлэлцэж эхлээгүй асуудлаар байр сууриа илэрхийлж байгаа нь гадаадын хөрөнгө оруулалт нь анхаарлын гадуур өнгөрөх аар, саар тоо биш бололтой гэх таамаг дагуулж буй.
Энэ нь Стандбай юу
Энэ хүрээнд гарч буй хамгийн эхний таамаг бол Засгийн газар Олон улсын валютын сан (ОУВС)-гийн хөтөлбөрт хамрагдаж, 1.5 тэрбум ам.доллар буюу Чингис бондтой тэнцэх хэмжээний зээл авах асуудал. Нэгэнт Сангийн яам, Монголбанк мөнгөний болон төсвийн бодлогоор эдийн засгийг идэвхжүүлэх боломж хязгаарлагдмал гэдгийг УИХ-аас нь хүлээн зөвшөөрч байгаа юм бол Засгийн газарт боломжит нөхцлөөр зээл авах асуудал ногоон гэрлээр зөвшөөрөгдөнө гэсэн үг. Үүнтэй нь давхцаад Засгийн газар ОУВС-тай гэрээ, хэлцэл хийхэд 100 хувь бэлэн гэдгээ улс даяар зарлаад байна.
Гэтэл Монгол Улс авч болох бүх сувгаараа зээл авчихсан, өрийн тааз гээч нь тулчихсан тул хуулиараа зээл өр тавих нь хориотой. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд одоогоор өөрчлөлт ороогүй тул Засгийн газрын өрийн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ хэвээрээ байгаа. Гэхдээ дагаж мөрдөх хугацаанд өөрчлөлт оруулснаар 2020 оноос дагаж мөрдөхөөр болоод байгаа юм. Гэвч, 65-ын бүлэг Засгийн газрын бодлогыг дэмжиж ажиллавал Монгол Улс дахин дөрвөн тэрбум ам.долларын зээлийн орон зайтай, түүндээ тулсан өр, зээлтэй болох юм. Энэ нь М.Энхболдын хэлснээр “олон нийтэд таалагдахгүй” шийдвэр нь байж магадгүй. Хэдийгээр МАН-ынхан сонгуулиар нэг ч төгрөгийн өр тавихгүй гэж иргэдэд амалж, мөрийн хөтөлбөрөө боловсруулсан ч өчигдрийн чуулганы нээлтийн уур амьсгал Засгийн газрын “онцгой” бодлого буюу өр, зээл тавих асуудлыг дэмжих хандлагатай байсан юм.
Том төслүүд хөдлөхгүй
Эдийн засгаа сэргээх өөр нэг гарц байгаа нь мега төслүүд. Хэдийгээр чуулганы индрээс эдгээр төслийг хөдөлгөж, Тамын тогооны үлгэрээ төгсгөх цаг ирснийг УИХ-ын дарга Засгийн газарт хэлсэн ч Тавантолгой өөрөөс нь болоод УИХ-аас огт хамааралгүй мэт итгэл үнэмшилтэй сонсогдохгүй байгаа юм. Энэ төслийг хөдөлгөхийн тулд олон нам, олон лидерүүдтэй тохиролцож байж хөдөлдөг гэдгийг өнгөрсөн УИХ-ынхан хангалттай харуулсан. Тиймээс тойруулж ярьж байгаа мега төслүүд буюу Тавантолгойг хөдлөхийг хүлээвэл Монгол Улс дефольт зарлаж, модоо барих нь ойлгомжтой. Өөрөөр бол цаг хугацаа байхгүй ядаж байхад яр гэгчээр МАН баахан зүйл амлачихсан. Хасна, танана гэж байгаад иргэний нийгмээс баахан баалуулж, ирэх оны төсөвт төрийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмж зэргийг эргээд оруулж ирсэн нь хүртэл төсөвт дарамт болж буй. Ингэснээр хэзээнээс өр зээл тавихыг үзэж чаддаггүй МАН-ынхан ингэж хурдан өөрчлөгдөх болсон нь эдийн засаг тартагтаа тултал доройтсныг харуулж байгаа бөгөөд давхар МАН огт судалгаа, тооцоогүй мөрийн хөтөлбөр боловсруулсныг нотолж байгаа хэрэг билээ. Найман Засгийн газар дамжиж дөрвөн тэрбум ам.долларын зээл авсан байхад МАН дангаараа энэ хэмжээний зээлийн орон зай гаргаж, зээл авах уу, гэдэг нь энэ удаагийн чуулганы хамгийн том асуулт болж үлдлээ.