Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхэд тоглоом биш


Саяхан миний фэйсбүүк “Зөвхөн эмэгтэйчүүд сэтгэлээ онгойлгох групп” нэртэй группэд нэгдчихэж. Сониучирхаад орвол эмэгтэйчүүд группийн админ руу захидал явуулж түүнийг нь нэргүй нийтэлснээр бүсгүйчүүд өөрсдийн амьдралын туршлагаас хуваалцаж, зөвлөгөө өгдөг бололтой. Ирсэн захидлуудыг нь уншив. Ихэнхи нь “Би оюутан. Анх хөдөөнөөс орж ирээд нэг залуутай танилцаж дотносоод жирэмсэн болсон. Гэвч түүнд үүнийгээ хэлтэл хүүхдээ авхуул гээд мөнгө өгсөн. Одоо яах вэ”, “Би үр хөндүүлсэн юм аа. Гэтэл жаахан хүүхэд харахаар л сэтгэл өвдөөд, заримдаа зүүдэнд маань нэг хүүхэд уйлаад байх юм. Яах вэ”, “Би дунд сургуульд байхдаа нэг хөвгүүнтэй үерхээд, жирэмсэн болчихсон. Хүүхдээ гаргасан ч тэр оюутан болж би гэртээ хүүхдээ харж үлдсэн. Тэр одоо надаас салах гээд байна. Зөвлөөч” гэсэн утгатай захидлууд. Дор нь бүсгүйчүүд надад яг ийм зүйл болсон, миний найзад ийм зүйл болсон гээд л зөвлөх юм. Энэ бүхний ард хүүхэд эндэж, хүүхэд өнчирч, хүүхэд хаягдаж байна. Харамсаж, халагламаар...

Найман саяулаа байх байж бид...

Монгол Улсад үр хөндөлт хийгддэггүй байсан бол өдгөө бид бараг л найман саяуулаа өргөн уудам тал нутгаа эзэгнэнхэн жаргах байж. Гэтэл нийт жирэмслэлтийн тал хувь нь хүсээгүй жирэмслэлт байдаг. 10 хүсээгүй жирэмслэлтийн дөрөв нь үр хөндөлтөөр төгсдөг тооцоо судалгаа гарчээ. Гэхдээ энэ тоо эмнэлэгийн аргаар хийгдсэн үр хөндөлтийн тооцоо судалгаа. Үүний цаана урд хөршөөс орж ирсэн эм тан хэрэглэж хэвлийдээ боожиж буй үрээ жорлонгийн устай хамт урсгаж буй хэдэн эх байгааг тооцох аргагүй. Гэхдээ сүүлийн үед өсвөр насныханы жирэмслэлт, төрөлтийн давтамж нэмэгдсээр байгаа нь эмгэнэл гэлтэй. Ардчилсан нийгэмд хүн жирэмслээд хүүхдээ төрүүлнэ үү, үр хөндүүлнэ үү түүний эрх гэх хүн гарах л байх. Гэхдээ өсвөр насныханы жирэмслэлт нэмэгдэж байгаагийн хэрээр тэр тооны охид ирээдүйн амьдралдаа итгэл алдарч, үр хөндөлт хийлгэх эсвэл хүүхдээ гаргасан ч чанаргүй төрөлт, нярайн эндэгдэл, ажилгүй эхийн тоо, БЗХӨ-ий тархалт зэрэг нэмэгдэнэ. Үүний ард дахиад л хүүхдийн асуудал яригдана...

ЭХЭМҮТ-өөс өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлт нэмэгдэж байгаа нь үнэн зөв мэдээлэлийн дутмаг байдлаас үүдэлтэй гэдгийг тогтоожээ. Тус төвөөр үйлчүүлж буй өсвөр насны охидын ихэнхи нь анхны бэлгийн харьцаагаар жирэмсэн болдоггүй гэсэн буруу ойлголттой байдаг гэнэ. Мөн өсвөр насныхан дунд тохиолдлын бэлгийн харьцаанд орох явдал түгээмэл байдаг.

Эмэгтэйчүүдийн эмч Б.Бүлтэн энэ талаар “Манай эмнэлэгт үр хөндүүлэхээр ирсэн охидын дунд “Би хүнтэй унтаагүй мөртлөө жирэмсэн болчихлоо” гэх тохиолдол байдаг. Үеийнхэнтэйгээ нийлж, архи ууж тасарч унаснаар бэлгийн харьцаанд орсноо мэддэггүй. Энэ бол нэг ёсны хүчирхийлэл” хэмээн ярьж байсан билээ.
 
Охидын өндгөвчинд даавар үүсч, өндгөн эс боловсрох үйл явц идэвхижиж эхэлснээр сарын тэмдэг ирж эхэлдэг. Сарын тэмдэг тухайн хүний насны онцлогоос хамаарч 10-16 насны хооронд ирж эхэлдэг. Гэтэл хоёр жилийн өмнө 12 насандаа жирэмсэлж, үр хөндөлт хийлгэх явцдаа амиа алдсан охины тухай мэдээлэл тарж байсан. Сүүлийн жилүүдэд 13-16 насныхан үр хөндөлт хийлгэх болсон байна. Энэ нь нэг талаар нийгмийн асуудал хэдий ч бас тухайн гэр бүлийн асуудал. Эцэг эхчүүд өсвөр насны охинтойгоо нээлттэй ярилцдаггүй, тэдний араас санаа тавьдаггүй зэрэг нь хүүхдээр “тоглож” буй хүүхдүүдийн тоог нэмсээр л байна.
 
ЭХЭМҮТ  дөрвөн жилийн өмнөөс дутуу төрсөн нярайн дэлхийн өдрийг арваннэгдүгээр сард тэмдэглэж, энэ талаар мэдээлэл түгээж ирсэн билээ. ЭХЭМҮТ-д өдөрт 140 гаруй хүүхэд төрдгийн 10 гаруй хувь нь дутуу төрөлт. Энэ нь агаарын бохирдол зэрэг хүчин зүйлээс шалтгаалдаг ч өсвөр насныханы төрөлт үүнтэй шууд холбоотой. Тэд амьдралд бэлтгэгдээгүй насан дээрээ хүүхэд төрүүлэх, төрсөн хүүхэд нь дутуу гарахаар сэтгэл гутралд орж хүүхдээ эмнэлэгт хаяад зугтах тохиолдол ч байдаг талаар тус төвийн захирал Ш.Энхтөр хэлж байсан. 

Хүн болж төрөх нь бурхны бэлэг гэдэг. Мөн ховор тохиолдох аз завшаантай ч зүйрлэдэг. “Олны дунд хийгээ гаргахдаа хүртэл ичиж, зовдог мөртлөө яагаад хүний амь хөнөөхдөө ичиж зовохоо больчихов” гээд та өөрөөсөө нэг асуугаач. Уншигч таны ойр дотны найз, дүү, эгч эсвэл та өөрөө, таны бүсгүй үр хөндүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Хүн бүр өөрийнхөөрөө л дээрх асуултад хариулах байх. Хүүхэд төрүүлж өсгөх амаргүй. Нөхөргүй хүүхэд гэх зэргээр. Тэгвэл та анхнаасаа жирэмслэхгүй байж болох байсан гэдгийг санах хэрэгтэй. Үүнийг эргэн тойрныхондоо сануулах хэрэгтэй. Хэвлийд тань ирэхдээ л танд зориулагдсан бэлэг ээжийгээ өөрөөс нь нүүр буруулж байгаад ямар их гомдолтой байдаг бол гэдгийг төсөөл дөө.

Хүчирхийлэлийн золиос болсоор байхад нь шуугиад, үзэн ядаад тэгээд мартсаар...


Жил бүр хүүхдийн байгууллагуудаас хүчирхийлэлд өртөж буй хүүхдийн судалгааг гаргадаг. Тэдний ихэнхи нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа талаар ч тооцоо гаргана. Түүнийг харсан хүмүүс шуугина, үзэн ядна тэгээд л мартана. Дараагийн жил ирнэ. Дахиад л өнөөх тоогоо шинэчлэнэ. Өмнөх шигээ хүмүүс шуугина, үзэн ядна тэгээд л мартана...Хүүхдийн хүчирхийлэлийн бодит жишээнүүдийг хэвлэл мэдээлэлийнхэн чадлынхаа хэрээр олж нийтлэнэ. Нийгэмд дахиад ийм хэрэг гарах вий гэсэндээ тэр. Тэр болгонд хүмүүс өмнө үйлдлээ давтана. Хүүхэд бол улс орны ирээдүй гэж хэлэхдээ л тэдэнд ачаа үүрүүлчихдэг мөртлөө ирээдүйгээ хамгаалах тогтолцоо хаа байна. Уг нь манай улс НҮБ-ын Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын конвенцид 1991 онд нэгдсэнээр хүүхдийн эрхийг хамгаалах асар том үүргийг хүлээгээд 25 жил өнгөрч.

Саяхан цуцлагдсан “Гэр бүлийн хүчирхийлэлийн тухай хууль”-нд хүүхдийн хамгаалалын талаар заалтууд орсон байсан. Үүнд хүүхдээ хүчирхийлдэг гэр бүлийг мэдсээр байж хариу арга хэмжээ аваагүй хорооны дарга, цагдаа, хэсгийн ахлагч нарт хариуцлага тооцох тухай заалт байсан нь олзуурхууштай байсан. Архи ууж эхнэр хүүхдээ зодсон аавыг барьж эрүүлжүүлээд л буцаадаг. Нөгөөх нь дахиад л уучихаад эрүүлжүүлэхэд барьж өглөө хэмээн зоддог байдал энэ хууль гарснаар таслагдах байв. Хүүхдээ өдөр, шөнөгүй уйлуулж зодсоор амь насанд нь хүрчихээд байхад ямар ч үйлдэл хийхгүй суудаг хөршүүд үгүй болох байлаа. Гэвч энэ хууль хэрэгжиж ч эхлээгүй цуцлагдсан учир энэ байдал үргэлжилнэ.

Тахарын албыг татан буулгажээ.  Тэдний ажлын нэг хэсэг нь хүчирхийлэлийн золиос болсон хохирогч хүүхдүүдийг хамгаалах байв. Одоо тэднийг хамгаалах хариуцах газар байхгүй. Харин хүүхдийн нэрээр түрий барьсан хөрөнгө оруулалт татаж мөнгө угаасан байгууллагууд нэмэгдсээр л...

Хүүхэд тоглоом биш. Тэднийг хамгаалах хууль, эрх зүйн тогтолцоо хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
hohinee hogiin mongol
Тахарын алба унэхээр хэрэгтэй бсан юм даа. Даанч тараачдаг. 1 засаг солигдохоор омнох засгийн газрынхаа хийсэн сайн авууштайг нь ургэлжлуулж бмаар бнаа
Хамгийн их уншсан