“Рио -2016” олимпын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа амралтын өдрөөр төрсөн нутгаа зорьжээ. Увс нутгийн ард түмэн олимпын дэвжээнд төрийн далбайгаа мандуулсан тамирчнаа хүндэтгэлтэйгээр угтан авч, түүний алдрыг тэмдэглэх арга хэмжээг Маршал Ю.Цэдэнбалын талбайд зохион байгуулжээ. Гавьяат тамирчны амьдралаас сэдэвлэсэн “Цагаан хадаг” кино өчигдөр аймгийн “Ойрад” хөгжимт жүжгийн театрын дэлгэцнээ гарч эхэлсэн бол аймгийн жүдо бөхийн холбооноос Д.Сумъяагийн нэрэмжит аймгийн өсвөр үеийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд гавьяатын төрсөн сум болох Баруунтуруунд маргааш Д.Сумъяад зориулсан наадам зохион байгуулахаар болсон байна.