Н.БАТСУУРЬ
Манай улс 1992 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг Ахмадын баяр болгон тэмдэглэсээр ирсэн. Энэ жилийн хувьд Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран “Насаар ялгаварлан гадуурхахыг зогсооцгооё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм. Сүүлийн жилүүдэд хүн амын дундаж наслалт харьцангуй нэмэгдэж, 60-аас дээш насны хүн амын тоо өссөн сайхан мэдээ байна. Тиймээс ахмадуудын өмнө тулгамдаж буй асуудалд илүүтэй анхаарал хандуулж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Гадаадын улс орны туршлагаас харахад ахмадуудын нийгэмд эзлэх байр суурь улс орны хөгжилд оруулдаг хувь нэмэр өндөр байдаг.
Монгол Улсад ахмадуудыг насаар ялгаварлан гадуурхахыг зогсоох, өндөр настнуудад тохирсон ажлын байр бий болгож, залуу хойч үед ахмад настны туршлага, мэдлэг чадварыг өвлүүлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй байгаа юм. Тэгвэл Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн 2016-2017 онд ахмадуудад ажлын байр бий болгох зорилт тавин ажиллаж, бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахаар боллоо. Ахмад, залуу үеийн хамтын ажиллагаа сайжрах нь нийгмийн хөгжилд мэдэгдэхүйц эерэг нөлөөтэй хэмээн албаны хүмүүс онцоллоо.
2010 оны байдлаар 60 болон түүнээс дээш насны хүн амын 5.9 хувийг өндөр настан бүрдүүлж байсан бол 2030 онд 12 хувь, 2056 онд 18 хүртэлх насны иргэдээс олон болно гэдэг судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Харин өнгөрсөн онд хийсэн иргэний бүртгэл мэдээллээр улсын хэмжээнд 244 мянга 162 өндөр настан байгаа тоо гарчээ.
Ахмадуудын дунд зонхилж буй өвчний тохиолдлын ихэнхийг зүрх судас, сэтгэцийн өвчин эзэлдэг. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар тэтгэвэрт гарсан ахмадууд эхний хоёр жилийн хугацаанд сэтгэлзүйн хувьд тогтворгүй байдгаас үүдэж сэтгэцийн өвчтэй гэж оношлогдох нь их байдаг тухай ЭМЯ-ны судалгаанаас харж болно. Энэ нь ахмадуудад ажлын байр, нийгмийн оролцоо хязгаарлагдмал байгаатай холбоотой юм. Тиймээс энэ жилийн ахмадын баярыг “Насаар ялгаварлан гадуурхахыг зогсооцгооё” уриан дор зохион байгулах аж.
Өндөр настнуудад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг цөөн хэдэн байгууллагын нэг болох Геронтологийн үндэсний төв 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ төв нь ахмадууд амбулторийн тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх, гэрийн идэвхтэй эргэлт буюу дөрөв, тавдугаар бүлгийн настнуудад гэрт нь очиж нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг. Энэ жилийн ахмадын баярыг угтан тус төвийн хамт олон Увс, Баян-Өлгий аймгийн сумдад өндөр настанд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нь нэмэгдүүлэхэд анхаарч үе шаттай сургалт зохион байгуулахаас гадна алслагдсан дүүргийн дөрөв, тавдугаар бүлгийн ахмад настан, Сонгинохайрхан дүүргийн ахмадуудад эрүүл мэндийн үзлэг оношилгоог өнөөдөр зохион байгуулж буй.
Ахмадын оролцоог дэмжих ажлыг дан ганц ахмадын баяраар биш цаашид олон нийтийн анхаарлыг ахмад настны асуудалд хандуулах, эрүүл, идэвхтэй урт наслалтын талаар зорилгоор үзэсгэлэн нээх зэрэг олон ажил ахмадын баяраар зохион байгуулах юм.