Сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж өчигдөр 36 нас хүрэв. Тэрээр төрсөн өдрөө үр бүтээлтэй өнгөрүүлэхээр шийдэж Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хандгайт баг дээр хадлан хадаж буй найзууд дээрээ очжээ. Энэ тухайгаа фэйсбүүк хуудаснаа бичлэг байрлуулж баярын сэтгэгдлээ ийн хуваалцав. “Аав, ээжийн агуу их хайрын үрээр энэ хорвоод хүн болж мэндэлсэн билээ. Тийм болохоор энэ хорвоо дээр юу хийж чадав, юу хийж бүтээж чадах вэ гэдэг дээр гол утга учир нь байдаг юм болов уу. Миний хувьд эх орныхоо төлөө ихийг хийж бүтээнэ гэж бодол санаандаа том зорилго тавьдаг байгаа. Зорилгодоо хүрэхийн төлөө чармайж хичээж ажиллах болно. Хүний амдралд алдаа оноо байлгүй л яахав. 10 хуруу тэгш хүн гэж байхгүй. Аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж, ойлголцдог байх хэрэгтэй. Бурууд хатуу, зөвд зөөлөн явахыг хичээж байгаа. Хүн бүр эхээс мэндэлсэн өдрөө дурсамжтай, олныг уйлж, дуулуулж баясгадаг жамтай. Ямар ч гэсэн энэ хорвоо дээр ихийг хийж бүтээж, зөв явах юмсан гэж бодож явна. Хайрлаж, хүндэлж явдаг ард түмэндээ баярлалаа” гэсэн юм.