“Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн 2015 оны судалгаа”-ны тайланг эцэслэн гаргалаа гэж Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас мэдээллээ. Найм дахь жилдээ гарч буй судалгаагаар улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгааны дүн 3.65 гэсэн үзүүлэлттэй гарчээ. Энэ нь өнгөрсөн оны түвшингээс 0.07 пунктээр өссөн үзүүлэлт юм байна.
Монгол Улс дахь улс төрийн авлигын түвшин 2011-2014 онд жил дараалан буурчирсан боловч 2015 онд энэхүү хандлага өөрчлөгдөж эргээд өссөн нь сөрөг үзүүлэлт болж байгааг АТГ-аас онцоллоо.
“Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-ны асуултуудад дурдсан нөхцөл байдлыг тусгайлан сонгосон шинжээчдээр үнэлүүлдэг бөгөөд өндөр түвшний авлигад хамгийн хүчтэй нөлөөлж буй хүчин зүйлс нь албан тушаалын томилгоо, улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийн механизм, улс төрийн хүрээн дэх бизнес бүлэглэлүүдийн ашиг сонирхлын зөрчил болоод байгааг тэд онцолжээ.
Монгол Улсын Их Хурлын 2008 оны 13 дугаар тогтоолоор “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-г жил бүр зохион байгуулж явуулах чиг үүргийг АТГ-т даалгасан бөгөөд судалгааны үр дүн нь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг үнэлэх нэг шалгуур болдог байна.