Б.МЯГМАРЖАВ
Хүйтний эрч наашилж, хөхүүрийн ам цаашилж нийслэлчүүд өвлийн бэлтгэлээ базаагаад байна. Гэвч Толгойт чиглэлийн иргэд замгүй өвөлжих нь. Учир нь, Сонгинохайрхан дүүргийн Орбитын уулзвараас толгойтын эцэс- Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 километр зам засварын ажлыг “Тотал Инж” ХХК гүйцэтгэж аравдугаар сарын 30 гэхэд шинэчлэн дуусах ёстой ч хөрөнгө мөнгөний асуудлаас болж, уг зам засвар шинэчлэлтийн ажил зогсонги байдалд оржээ. Иргэдийн хувьд банк, дэлгүүр, хүнсний зах орох гол замаар зорчиход улам хүндрэлтэй болгочихсон учраас энэ ажлаа түргэвчлэхийг шаардаж байгаа юм. Энэ талаар тус дүүргийн 21 дүгээр хорооны иргэн “Анх энэ замыг засна гэхэд хичнээн их баярласан гээч. Гэтэл одоо хөрөнгө мөнгө байхгүй гээд замын ажилчид нь хүртэл ирэхээ болилоо. Хэдхэн хүн хааяа ирж байгаа харагддаг. Ингэж удах байсан бол бараг хуучнаараа байсан нь дээр байж. Ядаж л банк орж тэтгэвэрээ авахад явдаг зам маань. Гэтэл засварын ажил гээд хаагдснаас хойш тойрч явж байна. Уг нь гэрээсээ гараад банк руу нэг автобусанд суугаад шууд орчихдог байсан юм” хэмээн ярьсан юм.
Зам дээр зогссон машины жолооч эр “Зам засварын ажил бөөн тоос шороо болгоод хаясан. Олигтой хийж байгаа ажил ч алга. Бид эрүүл мэндээрээ хохирохоос гадна эдийн засагт ч хохиролтой байна. Хүүхдээ цэцэрлэгээс нь аваад ирэх гэж баахан тойрч явдаг боллоо. Дээр нь өглөө, оройдоо ажлын цагаар битүү түгжрэл. Машины татвар гээд жил бүр мөнгө хураадаг. Энэ мөнгөөр юу хийж байгаа талаар жолооч нар мэдээлэл авмаар байна. Нэг ажил эхлүүллээ гээд тууз хайчилж ёслол болгоод сүүлдээ мөнгөгүй гэсэн зовлон хэлдэг олон түүх биш шүү дээ” гэв.
Дээрх замыг анх 1985 онд ашиглалтад оруулсан бөгөөд 30 жилийн дараа их засвар өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийж байгаа нь энэ. Замыг дөрвөн эгнээ, зорчих хэсгийн өргөнийг 14 метр болгож, хоёр талдаа 2,85 метр явган хүний зам, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг гээд орчин үеийн жишигт нийцсэн автозам болгох ёстой.
Ажлын явцын талаар “Тотал инж” ХХК-ийн замын инженер Д.Батзоригоос тодруулахад “Санхүүжилт байхгүй болохоор бид ажлаа үргэлжлүүлэх аргагүй. Тэгээд ч хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдлээ гэхэд удахгүй хүйтэрчихээр хучилтын ажил хийж болохгүй. Иймээс хөрөнгө оруулалт шийдэгдлээ ч төлөвлөсөн хугацаандаа замаа ашиглалтад өгч чадахгүй нь тодорхой. Одоогоор батлагдсан төсөв шийдэгдвэл 11 дүгээр сард гүүрийг нь нээх боломжтой” гэв. Мөн замын өргөтгөл шинэчлэл хийхэд 70 гаруй айл замын трасст орсон байгаа аж. Гэвч энэ ажил огт хийгдээгүй байна. Харин дээрх замыг холбосон 48.75 урт метр төмөрбетон гүүрийн барилга угсралтын ажил хийгдэж байгаа аж.
Тус замыг улсын төсвийн хөрөнгөөр Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хийж байгаа. Дүүргийн иргэд Толгойтын замыг шинэчилж өгөх хүсэлтийг олон удаа нийслэлийн өмнөх удирдлагуудад ирүүлж байсан юм. Гэвч уг замын ажлыг гүйцэтгэх компани олдохгүй өнөөг хүрсэн байна. Өмнө нь энэ замын ажлыг гүйцэтгэх компанийг хоёр удаа сонгон шалгаруулж байсан ч тэнцсэн компаниуд замын ажлыг эхлүүлж чадаагүй гэдэг. Энэ мэт олон асуудал дагуулж байж арай хийн шийдэгдсэн замын ажил өнөөдөр хөрөнгөний асуудлаас болж гацчихав. Хоёр засаг солигдохтой зэрэгцэн олон ажил хариуцсан эзэнгүй болж замхрах нь. Ямартай ч иргэд төрийн албаны бүтцийн өөрлөлтөө тохиргоогоо түргэн хийхээ хийж ямар нэгэн ажлыг хариуцсан эзэнтэй болгож өгөхийг мөн ая тухтай амьдрах нөхцөлөөр хангахыг нийслэлийн удирдлагуудаас хүсч байгаа юм.