Ж.ГЭРЭЛЧУЛУУН
Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн нэгдүгээр давхарт түр “хоргодож” буй Түлэнхийн төвийн шинэ байрны барилга угсралтын ажил болоод хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлаар харьяа яамнаас тодруулахаар ЭМЯ-ыг зорьсон ч энэ тухай хоёр үг холбоод хэлчих хүн олдсонгүй. Угтаа захиалагч тал болох ЭМЯ-наас энэ тухай асууж тодруулах ёстой ч “эзэнгүй” яамны хаалга мөргөөд буцсанаа нуух юун. Өдгөө ГССҮТ-д Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасаг нэрээр үйл ажиллагаа явуулж буй Түлэнхийн төвийн барилгын ажил өнгөрсөн онд эхэлж, эхний ээлжийн хөрөнгө оруулалтаар А болон В блокийн ажил хийгдэж байсан ч төд удалгүй “санхүүжилт зогссон” гэх шалтгаанаар царцахад хүрсэн. Гурван блок бүхий эл барилгын ажилд “Цаст констракшн” болон “Нутгийн зам” ХХК-иуд гүйцэтгэгчээр орж улмаар нийт барилга угсралтын ажилд 26 тэрбум төгрөг шаардлагатай гэх тооцоо судалгаа гаргасан байдаг. Тухайн үед буюу өнгөрсөн оны өдийд ажил нь зогсоход хүрсэн гүйцэтгэгчдэд “Шаардлагатай хөрөнгийг нэг дор шийдэх боломжгүй” хэмээн УИХ-аас хариу өгч улмаар ажил зогссон байдаг.
Харин шинэ Засгийн газар эл асуудлыг нааштай шийдэх болов уу гэсэн горьдлого төрүүлээд байгаа. Учир юу вэ гэвэл 2006 онд “Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан” (АЭЗХКС)-гаас манай улсад парламентын ордон барихад зориулж 12 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсныг эрүүл мэндийн салбар, тэр дундаа Түлэнхийн төвийн барилгад зарцуулах саналтайгаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уламжилсан. Энэ тухай Засгийн газар, УИХ албан ёсоор хэлэлцээгүй ч нааштай шийдэгдэх болов уу гэх хүлээлт үүсгээд байгаа.
Хэрэв Ерөнхий сайдын санал дэмжигдвэл Түлэнхийн төвийн хамт олон ойрын хугацаанд шинэ байртай болж, ГССҮТ-ийн ачаалал буурч, түлэгдсэн болон осгож, хөлдсөн өвчтөнүүд цогц эмчилгээ авах боломжтой болно. Харамсалтай нь, Түлэнхийн төвийн барилгыг хэрхэх тухай асуудал сүүлийн үед нам жим болсон.
Тиймээс сайдын саналыг хэлэлцсэн эсэх, хөрөнгө санхүүжилт хэрхэн хийгдэх цаашлаад барилгын ажил зогссон үгүйг тодруулахаар ЭМЯ-ыг зорьсон ч татсан хаалга бүр цоожтой, хариуцсан мэргэжилтэн битгий хэл хэвлэл мэдээллийн ажилтан нь ч олдсонгүй. Улмаар гүйцэтгэгч компаниас мэдээлэл авахаар XI хороолол дахь барилгын талбайг зорилоо.
Биднийг очих үед барилгын эл хуль талбайд ажил үргэлжилж байгаа байдал анзаарагдсангүй. Цоожтой хашааны завсраар үүдний харуултай хэдэн үг солиход “Ажил зогсоогүй” хэмээн товч хариулсан юм. Ямартай ч дарга цэрэгтэй нь холбогдох нь зүйн хэрэг гээд “Цаст констракшн” ХХК-ийн инженер н.Сандагдоржтой холбогдвол “Хөрөнгө оруулалтын тухайд хэлж мэдэх юм алга. Барилгын ажил үргэлжилж байгаа. Манай компанийн хувьд А болон С блокийн ажлыг дааж авсан. Бид эхний ээлжийн хөрөнгө оруулалтаар А блок буюу Түлэнхийн төвийн үндсэн барилгын карказыг босгосон, В блокийг “Нутгийн зам” компани гүйцэтгэж байгаа. Хоёр дахь давхарын цутгалтаа дуусгасан байсан” гэв.
Түлэнхийн төвийн асуудлыг ийн сурвалжлах болсон бас нэг шалтгаан нь зөвхөн хөрөнгө санхүүгийн асуудал бус Түлэнхийн төвийн газар дээр 12 давхар орон сууц барих гэж байна гэх мэдээлэл байсан юм. Зарим мэдээллийн сайтад тавигдсан эл мэдээллийг инженер н.Сандагдоржоос тодруулахад “Манайх өчигдрөөс С блок буюу мооргийн барилгын суурийн ажлаа эхлүүлээд байна. Түлэнхийн төвийн газраас өөр компанид олгосон, орон сууц барих гэж байгаа тухай ямар ч мэдээлэл аваагүй. Ер нь, барилгын талбайд мооргийн барилга барихаас өөр газар байхгүй гэж болно. Тиймээс энэ мэдээллийг үнэн бодитой эсэхэд эргэлзэж байна” гэсэн юм.
Ямартай ч, яам, тамгын газраас сураг ажгийг нь гаргаагүй ч гүйцэтгэгч компанийн зүгээс ийм мэдээлэл өгч байна. Инженер н.Сандагдоржийн хэлсэнчлэн мооргийн барилга буюу С блокийн газраас өөр талбай үлдээгүйг өөрөө ч нүдээр үзэв. Харин барилгын ажил удаашралтай, хөрөнгө оруулалтгүйн улмаас материалгүй болсон нь илхэн харагдаж байв. Ер нь, Түлэнхийн төвийн асуудал тэртээ 2000 оноос хойш яригдсаар өдий хүрсэн. Тухайн үед шинээр барихаар төлөвлөж байсан Түлэнхийн төвийн зураг төслийг гаргасан хүмүүс 700 саяаас нэг тэрбум төгрөг шаардагдана гэж байсан. Үүнээс хойш арав гаруй жил царцсан барилга эдийн засаг, төсөв мөнгөний хувьд ихээхэн хохирол учруулсныг харж болно. Магадгүй тухайн үед баригдчихсан бол 25 тэрбум төгрөг хэмнэж болох байв. Гэхдээ мөнгөнөөс илүүтэй хүний эрүүл мэндийн тухай асуудал чухал болов уу. Түлэгдэлттэй өвчтөнүүд хэвтэн эмчлүүлж, арьс шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн ч дараа нь тодорхой хэмжээнд сорвижилт үүсдэг. Үүнээс үүдэж өвчтөний нийгэмд эзлэх байр суурийн асуудал яригддаг учир нөхөн сэргээх эмчилгээ чухал байдаг. Харамсалтай нь, өөрийн гэсэн байргүй байгаа Түлэнхийн төв орны хүрэлцээ, ачааллаас болж өвчтөнүүддээ хангалттай хэмжээнд нөхөн сэргээх эмчилгээ хийж чадахгүй байгаа учир түлэгдэлтийн дараа үүсч буй сорвижилтоос хамааралтай арьс татагдсан хүмүүст хагалгаа хийж чадахгүй байгаа тухай эмч мэргэжилтнүүд учирлаж байна. Энэ тухай ГССҮТ-ийн Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгйин их эмч Амид Ерланаас тодрууллаа.
Амид Ерлан: 120-150 хүн хүлээн авдаг байсан бол одоо 80 ортой үйл ажиллагаа явуулж байна
-Тасгийн хүчин чадал, ачаалал ямар байгаа вэ. Нэг дор хэчнээн хүн хүлээн авч байна?
-Хүмүүс мэдэх байх аа, манай тасаг өмнө нь Түлэнхийн төв гэх салбар эмнэлэг байсан бол одоо ГССҮТ-ийн нэгдүгээр давхарт Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасаг нэрээр иргэд, олон нийтэд үйлчилж байна. Салбар эмнэлэг байхад ачаалалтай үед 150 орчим хүн хүлээн авах хүчин чадалтай байсан бол одоо 80 ор, 12 эмч, 40 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Ерөнхийдөө ачаалал их байна. Хүлээн авах тасгийн нэг эмч дээр өдөрт түлэгдэлттэй 4-5 хүн ирдэг. Гурван ээлжээр ажилладаг гэхээр хоногтоо 10 гаруй хүн хүлээн авч байна гэсэн үг. Гэхдээ энэ бол харьцангуй тоо л доо. Зарим үед өдөртөө дөрөв, таван хүн ирдэг бол заримдаа арав гаруй хүн ирэх нь ч бий. Ерөнхийдөө 80 ортойгоо харьцуулахад энэ бол өндөр ачаалал. Мөн ирж байгаа хүмүүс түлэгдэлтийн зэрэг нь хүнд хөнгөн гээд ялгаатай. Ер нь, хүнд түлэгдэлттэй нь их байдаг. Түүнчлэн, тасагт хэвтэн эмчлүүлж буй нийт өвчтөний 60-70 хувь нь 0-5 насны хүүхдүүд байдаг.
-Танай тасаг хүйтний улиралд хөлдөлттэй хүн хүлээж авдаг гэсэн. Тэгэхээр ачаалал дагаад өснө биз?
-Тийм. Хөлдөлттэй өвчтөнүүд удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай болдог. Эмчилгээний явц, эдгэрэлт удаан байдаг учир зарим тохиолдолд хоёр сараар хэвтэх нь ч бий.
-Энэ бүх асуудлыг нэг мөр цэгцлэх зүйл бол шинээр баригдаж буй Түлэнхийн төв. Харамсалтай нь, санхүүжилт зогссон гэх шалтгаанаар удааширч байгаа. Энэ талаар танд ямар мэдээлэл байна?
-Энэ тухайд хэвлэл мэдээллийн хэрэгслээс л мэдээлэл авч байна. Миний мэдэхээр А блокийн барилгын карказ баригдаж дууссан, Кувейтийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр үргэлжлүүлэх гэж байгаа гэсэн юм л сонссон. Цаашид хэрхэхийг мэдэхгүй юм. Түлэнхийн төв гэсэн хаягаа тавьж, эмч, ажилтнуудад түлхүүрийг нь атгуулсан үед л бид өөрийн гэсэн байртай боллоо гэхээс биш манайхаас хэлж мэдэх юм алга даа.
-Таны хэлсэн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар зөвхөн барилга угсралтыг төдийгүй тоног төхөөрөмжийн асуудлыг ч шийднэ гэх яриа гараад байгаа. Ер нь, түлэнхийн тоног төхөөрөмжийн хүрэлцээ хэр байгаа вэ. Дутагдалтай зүйл юу байна?
-Шинэ байранд орлоо гэхэд дутагдаж гачигдах багаж, тоног төхөөрөмж их бий. Хоёр жил байр түрээсэлж эцэст нь энд ирсэн болохоор эргэн салбар эмнэлэг боллоо гэхэд аппарат, тоног төхөөрөмжийн шаардлага маш их гарна. Ер нь, шинэ байрандаа орвол шинэ эмнэлэгт юу юу байх шаардлагатай тэр бүхэн хэрэг болно. Манай тасгийн хувьд эхний ээлжинд боловсон хүчний хүрэлцээ хангалттай гэж бодож байна.