Н.БАТСУУРЬ
БСШУС-ын сайд Ж.Батсуурийн А/43 дугаар тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн орчинд гар утас, цахим хэрэгслийн хэрэглээг хязгаарлахаар болсон. Энэ талаар өчигдөр БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Бодлого хариуцсан дарга Б.Эрдэнэчимэг нар мэдээлэл хийлээ.
Уг тушаалаар ЕБС-ийн багш, сурагчдыг хичээлийн 40 минутын турш гар утас ашиглахыг хориглосон бөгөөд завсарлага болон хичээлийн бус цагаар хэрэглэх нь нээлттэй байх юм. Үүнд, БСШУСЯ-ны Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтнүүд болон сургуулийн удирдлага, багш ажилчид хяналт тавьж ажиллах юм байна.
БСШУС-ын сайд Ж.Батсуурь мөрийн хөтөлбөртөө сургалтын чанарыг сайжруулахад онцгой анхаарч ажиллахаар тусгасан. Иймд сурагчид хичээлдээ анхаарал төвлөрүүлэх нь сургалтын чанарт эерэг нөлөө үзүүлэх учир хичээлийн цагаар гар утас хэрэглэхийг хориглолоо. “Сурагчид хичээлийн цагаар гар утас ашиглахгүй байх нь эрүүл мэндэд эерэг нөлөөтэйн дээр хичээлийн цагийг үр бүтээлтэй өнгөрөөх зэрэг олон давуу талтай” хэмээн албаны хүмүүс хэлж байв.