Б.МЯГМАРЖАВ
Барилга дээрээс унаж амиа алдлаа, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зааврын дагуу ажиллуулаагүйгээс гараа хугалжээ, тасдуулжээ гэсэн харамсалтай мэдээнүүд тасрахгүй хэвээр байна. Үүний гол шалтгаан нь бидний хайнга зан, хайхрамжгүй, анхаарал болгоомжгүй байдал. Хэдийгээр үйлдвэр болон барилгын орчинд хэрхэн ажиллах талаар зааварчилгаа өгдөг ч нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргадаг муу зуршилтай улс бол монголчууд. Үйлдвэрлэлийн ослын 80 гаруй хувь нь барилгын салбарт, 53,6 хувь нь нийслэлд гарсан гэдэг баримт бий. Мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан судалгаагаар 2013 онд үйлдвэрийн осолтой холбоотой 226, 2014 онд 149, 2015 онд 187 хэрэг бүртгэгджээ. Ийнхүү осол аваар өсөх болсон шалтгаан нь өнөөх л хөдөлмөр аюулгүй ажиллагааг мөрддөггүй биелүүлдэггүй зан. Дээр нь үйлдвэрийн ослоос үүдсэн хэрэг шийдвэрлэгдэх гэж бөөн зардал чирэгдэл болж наад зах нь хоёроос гурван жил дамнадаг нь энэ төрлийн хууль эрхзүйн орчин манайд бэхжээгүйн илрэл. Энэ оны эхний хагаст үйлдвэрлэлийн ослын 52 хэрэг гарснаас 47-г нь прокуророос хэрэгсэхгүй болгожээ.
Иймд үйлдвэрийн аваар осолд өртөхгүй байх, үүнээс сэргийлэх хамгийн сайн вакцин нь хариуцлага, сэрэмж юм. Нөгөөтэйгүүр 2015 онд Хөдөлмөр аюулгүй ажиллагааны хуулийг шинэчлэхдээ байгууллага төсвийнхөө 1.5 хувийг хөдөлмөр аюулгүй ажиллагаанд зарцуулна гэж хуульчилсан ч аж ахуйн нэгжүүд тэр бүр мөрдлөггүй. Тэр ч бүү хэл өмнө нь төсвийнхөө нэг хувийг зарцуулдаг байхад ч мөрдөггүй байсан. Шинэчилсэн хуулиар бол 10 тэрбум төгрөгийн барилга барина гэвэл хамгийн багадаа 150 сая төгрөгийг ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд зарцуулна гэсэн үг. Гэвч ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүйд хүрсэн барилгын компанийн хувьд ёстой л нэг үлгэр гэгч нь энэ.
Энэ мэт олон шалтгаанаас үүдэн эрдэнэт хүний амь нас эрсдэх насан туршдаа тахир дутуу болох зэрэг харамсалтай зүйл тохиолдсоор байна. Иймд барилга болон үйлдвэрийн аваар ослын тоо буурахгүй байгаа талаар НМХГ-ын Хөдөлмөр нийгмийн хамгааллын хэлтсийн дарга И.Баттөгсөөс тодруулахад “2012 оноос хойш мэргэжлийн хяналтын байгууллага үйлдвэрлэлийн ослын талаар судалгаа хийсэн. Одоо бол ажилтан, ажил олгогч нар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар сайн ойлголттой байх хэрэгтэй. Мөн зөвлөн туслах үйлчилгээг нутагшуулах шаардлагатай байна. Энэ бол хамгийн сайн өгөөжөө өгч байгаа туршлага гэдгийг нотолсон. Манай байгууллага 100 хувь хяналт шалгалт хийдэг байсан бол 30 хувийг нь шалгалт, 70 хувийг нь зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажиллаж байна. Зөвлөн туслах үйлчилгээ нь аж ахуйн нэгжүүд рүү анхаарах сэрэмжлэх чиглэлээр ажиллахыг хэлж байгаа юм. Сүүлийн гурван жилд бид зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байна. Нийслэлийн хэмжээнд барилгын салбарт 15 мянга гаруй хүн ажиллаж байна. 2014 онд үүний 89 хувийг хамруулсан. Энэ жил 90 гаруй хувийг хамруулна. Үүний үр дүнд барилгын салбарын осол аваарын тоо бага ч гэсэн буурах хандлагатай байгаа. Энэ асуудал зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллагын шалгах ажил биш. Аж ахуйн нэгжүүд дотоодын хяналтаа сайжруулж эрсдэлээ үнэлэн хамтран ажилах хэрэгтэй. Эрсдэлээ үнэлсэн тохиолдолд үйлдвэрийн осол гарах нь бага байдаг” хэмээн ярьсан юм.
Аж ахуйн нэгжүүд хөдөлмөр аюулгүйн ажиллагааг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар зарим компанийн төлөөллөөс тодрууллаа.
Г.Болормаа: Удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснээр үйлдвэрийн аваар, осол буурч байна
/“Сүү” ХК-ийн хөдөлмөр аюулгүй ажиллагааны менежер/
Сүүлийн үед манай компани удирдлагын тогтолцоогоо сайжруулж байна. Уг тогтолцоог хэрэгжүүлснээр компанийн ажилчид хэн, хаана ямар үүрэгтэй ажиллах вэ гээд хариуцлага сайжирдаг. Мөн манайхтай “Ошми” компани хамтран ажиллаж зөвлөгөө өгдөг. Бид жилд олсон ашгийнхаа 1,5 хувийг хөдөлмөр аюулгүй ажиллагаанд зарцуулж байна. Үүн дотор, сургалт, ажилчдын эрүүл мэнд, хөдөлмөр хамгааллын хувцас, ажлын орчинг сайжруулах чиглэлд зарцуулдаг. Ер нь, үйлдвэрт жижиг осол гэмтлүүд бараг өдөр болгон гардаг. Тухайлбал, гараа зүсэх, хугалах гэх мэт. Манай компани удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснээр осол гэмтлүүд харьцангуй буурч байгаа. Ухаантай дэвтэр гэдэг зүйл гаргаад ажилчид өөрсдийн ажилд учирч байгаа эрсдэлийг жагсааж бичээд тэрнийхээ дагуу хэрхэн арга хэмжээ авч болох талаар судлаад арга хэмжээ авдаг. Дээрх стандартыг хэрэгжүүлэхээс 2014 онд манайд жилд ойролцоогоор 20-30 хувьд нь үйлдвэрлэлийн осол гардаг байсан. Одоо бол арван хувьд нь осол гарч байгаа. Мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг өгсөн удирдамжийн дагуу хийдэг.
Г.Энхбат: Манайд япон компани хяналт тавьдаг
/“Жунсон” ХХК-ийн хөдөлмөр аюулгүй байдлын инженер/
Манай компани одоогоор “Жайка” олон улсын байгууллагын төсөл дээр ажиллаж байна. Байгууллага дотроо хөдөлмөр аюулгүй байдлын албатай. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд японы компани хяналт тавьдаг. Долоо хоног бүрийн тав дахь өдөр үзлэг, шалгалт хийдэг. Өдөр тутамдаа зааварчилгаа өгдөг. Шинээр ажилд орсон хүмүүст сургалт хийдэг. Япон хүмүүс их зарчимч учраас яг зааврын дагуу ажлаа хийдэг.
Д.Оюунбилэг: Ид ачааллын үед аваар, ослын тоо нэмэгддэг
/Хатан төгөл ХХК-ийн гүйцэтгэх захирал/
Хөнгөн үйлдвэрийн салбарт осол гарах магадлал өндөр байдаг. Иймээс зайлшгүй хөдөлмөр аюулгүй байдлын байцаагч ажиллах ёстой. Байцаагч маань ажилчдын өдөр тутмынх нь үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Шинээр орж байгаа ажилчинд урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, дадлага явуулдаг. Манайх улирлын чанартай ажил учраас ид ачааллын үед осол аваарь нэмэгддэг. Иймээс сар тутам хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран зохион байгуулдаг. Үйлдвэрт ажиллаж байгаа хүн анхаарлаа бага зэрэг л сулруулах юм бол насан туршдаа тахир дутуу болох эрсдэлтэй өдөр бүр тулгардаг. Манайх хөдөлмөрийн аюулгүй байдалд хуулиараа заасан хэмжээд санхүүгээ зарцуулдаг. Нэг асуудал гэвэл шинэ тоног төхөөрөмж нэмэгдэхийн хэрээр аюулгүйн ажиллагаа зааварчилгаа нэмэгддэг юм.