Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Европын JCDECAUX байгууллагын гүйцэтгэх захирал, ноён Жан Мариг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ноён Жан Мари өөрийн байгууллагын тухай товч мэдээлэл өгөөд Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт хөрөнгө оруулж хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
“JCDECAUX” нь монголд төдийгүй дэлхий дахинд тэр дундаа европын орнуудад түлхүү үйл ажиллагаа эрхлэдэг бөгөөд автобусны буудлууд болон зар сурталчилгааны самбаруудыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг аэ. Мөн 20-30 жил арчилгаа, үйлчилгээ, аюулгүй байдлыг ханган ажилладаг туршлагатай байгууллага юм байна. Улаанбаатар хоттой 2014 оноос хамтран ажиллах гэрээ хийж хотын автобусны буудлыг шинэ стандартад нийцүүлэн тохижуулж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд 143 автобусны буудал, 137 гудамжны байгууламж самбарыг барьж зургаан тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Ноён Жан Мари энэ хөрөнгө оруулалтаа цаашид үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, арваннэгдүгээр сараас эхлэн зарим автобусны буудлуудад үнэгүй интернэт, автобусны чиглэл заах ухаалаг самбар байршуулж туршин үзэх төлөвлөгөөтэй байгаагаа хэллээ. Мөн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл BRT /bus rapid transit/ хөтөлбөр дээр хамтран ажиллах санал тавьсан юм.