Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол бичиг номын өв” номыг бүтээжээ


“Монгол бичиг номын өв” нэртэй номыг Б.Түвшинтөгс, Г.Баттогтох, Д.Боролзой, Ж.Ганбаатар нар хамтран бүтээж дуусчээ. Тус номд монгол хэл бичгийн мэргэжилтэй хүмүүст төдийгүй эх хэл, түүхээ дээдлэн сонирхогчдод зориулан монголчуудын бичиг номын арвин их өвөөс дээжлэн оруулжээ.
Номыг зохиогч Г.Баттогтох “Бидний энэ бүтээлийн жинхэнэ зохиогчид нь үнэндээ Монголын ард түмэн өөрсдөө билээ. Мөн гадаад, дотоодын олон үеийн монгол хэл, бичгийн эрдэмтэн судлаачдын нөр их хөдөлмөр, зүтгэл ч эл номыг энэ хэлбэрээ олоход зохих хувь нэмрээ орууллаа. Энэхүү бүтээл нь монголчууд бидний түүхийнхээ туршид хэрэглэж ирсэн 10 гаруй бичиг үсэг, тэдгээрийн дурсгал, онцлог, үг хэллэгийн талаар танилцуулах юм. Ингэхдээ мэдвэл зохих мэдээллийг товч, тодорхой өгүүлсний зэрэгцээ олон арван зураг сэлтээр баяжууллаа” хэмээн бүтээлийнхээ талаар ярьсан. Эл бүтээлд Монгол бичгийн одоогоор олдоод байгаа анхны биет баримт болох Чингисийн чулууны бичээсээс эхлээд өдгөө бидний хэрэглэж байгаа крилл бичиг хүртэлх бичиг үсгийн түүх, биет дурсгалуудыг багтаажээ. Мөн монголчуудын эртний бичиг үсгийн талаар, монгол, дөрвөлжин, тод бичиг, али гали үсэг, соёмбо, хэвтээ дөрвөлжин, вагиндра, латин, кирил бичгийн талаар тус тус бүлэг болгон монгол хэлээр ханз, араб, манж, төвд зэрэг харь үсгээр тэмдэглэсэн дурсгалууд багтжээ. Түүнчлэн хэл бичгийн талаарх Монгол төрийн бодлогын залгамж чанарыг харуулах үүднээс зарим баримтыг жишээ болгон оруулснаас гадна Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нарын зарлигийг энэ бүтээлээс үзэх боломжтой юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан