НӨАТ-ын сугалааны тохирлыг зохион байгуулж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем төслийн нэгжийн мэдээллийн ажилтан 30 удаа сугалааны азтан болсон гэх мэдээлэл сүүлийн үед гарсан. Тэгвэл үүнд албан ёсны тайлбар өгсөн байна. Тус төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга “Сугалааг Гааль, татварын ерөнхий газар, Сангийн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран зохион байгуулдаг. Сугалааны азтан болсон хүний мэдээллийг Татварын ерөнхий газрын орлого, хяналтын алба шалгаж хянадаг. Дараа нь Сангийн яамны Төрийн сан руу илгээдэг” гэж тайлбарлалаа. Олон шат дамжлагаар давхар хянаж, шалгаж байж иргэдийн данс руу хожсон мөнгийг шилжүүлдэг тул тухайн ажилтан олон удаа хожсон байх боломжгүй гэв.
Иргэд цахим хэлбэрээр баримтаа бүрдүүлсэн бол цаасыг нь заавал цуглуулах шаардлагагүй юм байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр болсон сугалаанд супер азтан болох 200 сая төгрөгийн эзэн тодроогүй бол таван иргэн тус бүр дөрвөн сая төгрөг хожжээ. Мөн 63 азтан тус бүр 500 мянган төгрөг, 644 азтан 100 мянган төгрөг хожсон байна. 20 мянган төгрөгийг 6181 азтан тодорчээ.
Одоогийн байдлаар нийт есөн сая 93 мянга, 159 баримт хэвлэж, иргэд сугалаагаар таван тэрбум 908 сая 300 мянган төгрөг хожсон байна. Урамшууллын мөнгийг ирэх оны эхний улиралд багтаан олгох аж.