Сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн бэлтгэл ажил үргэлжилж байна. Нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа өнгөрсөн долоо хоногт дуусч, нэгтгэжээ. Энэ удаагийн сонгуульд 7006 мандатад 15 мянга 209 хүн өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа аж. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 330 гаруй суманд нийтдээ 1792 тойрогт сонгуулийн санал хураалт явуулахаар хуваагдсан юм. Олон сумтай Төв 1107, Хөвсгөл аймагт 1100 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Зарим дүүрэг, сумдад нэр дэвшигчдийг бүртгэж авах эсэх асуудалд цөөнгүй маргаан гарч байсан.
Нэр дэвшигчдийн үнэмлэхийг Сонгуулийн хуульд заасны дагуу санал хураалт явуулах өдрөөс 22 хоногийн өмнө буюу энэ сарын 27-29-ний хооронд олгоно. Харин сонгуулийн сурталчилгаа аравдугаар сарын 1-нээс эхэлж, 17-ны өдрөөр дуусна. Санал авах байр байгуулах, ахлах зохион байгуулагч, бусад зохион байгуулагчдыг томилох ажил өчигдрөөс эхэлж байгаа юм. Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ долоо хоногийн сүүлчээр хүргүүлнэ.