Б.БАДРАЛ
Сүх жанжны хэлсэн “Бидний улс эв саналаа нэгтгэн, нийтийн нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэрэг зориглон хөдөлбөөс үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй чадахгүй хэмээх явдал огт үгүй болж цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” гэсэн үг ямар үнэн болохыг “Twitter”, “Facebook” гэх мэт олон нийтийн сүлжээний хүнлэг сэтгэлтэй хүмүүс сайн мэднэ.
Хэдхэн өдрийн өмнө Чикаго хотод амьдардаг 89 настай өвөөд Америкийн “Facebook” хэрэглэгчдийн тус болсон явдал үүний нэг жишээ.
89 настай Феденцио Санчес нь 20 жилийн турш гудамжинд зайрмаг зарсаар тэтгэвэртээ гарчээ. Энэ долдугаар сард ганц охин нь өөд болоход туслах дэмжих хүнгүй болсон 89 настай Санчес нь амь зуухын эрхэнд эхнэрийн хамт ахиад л гудамжаар тэрэг түрэн зайрмаг зардаг ажлаа хийхээс өөр аргагүй болжээ. Дайран дээр давс гэдгээр эмгэн нь олон цагийн турш гудамжаар явах ажлыг дийлэлгүй өвдөж эмнэлэгт хэвтэхэд Санчос өвөө ганцаараа хөдөлмөрлөх болж.
Хэрэв Жоэл Масиас гэдэг сайхан сэтгэлтэй залуу Санчестай таараагүй бол тэрээр өдрийн хоолоо залгуулах, эмгэнийхээ эмчилгээний төлбөрийг хийх гэж хэр удаан гудамжаар зайрмаг зарж явах байсныг хэлэхэд хэцүү.
Зоогийн газар ажиллуулдаг тэр залуу Санчесийг гудамжаар зайрмагтай тэргээ түрэн явахыг хараад туслахаар шийдэж. Тэрээр “Өвөө шаналж байгаа нь илт байсан. Бага ч гэсэн амарвал баярлах нь гарцаагүй юм байна гэж би бодсон” гэжээ. Тэгээд Масиас нь 50 ам.доллараар таван ширхэг зайрмаг авч танилцан өвгөний зургийг дарж.
Гэртээ ирээд өвгөний зургийг “Facebook” хуудсан дээрээ байрлуулахад зураг маш олон лайк авч, хүмүүс ч маш их хуваалцсан байна. Өвгөний зураг олны сэтгэлд ингэж хүрэхийг харсан Жоэл Масиас нь Санчест туслахаар шийдэн “Facebook” сүлжээгээр түүнд тусламж болгон 3000 ам.доллар цуглуулах аян эхлүүлжээ.
Ингэтэл ердөө гуравхан өдрийн дотор 11 мянган хүн 5, 10-аар нь өгсөөр нийт 247 мянган ам.доллар цугласан байна. Тусламжийн аян анх төлөвлөж байснаас нь хавьгүй их хэмжээний мөнгө цуглуулсныг мэдсэн зарим нь Санчес өвөөг бодит амьдрал дээр байдаггүй эсвэл замаас нь бултуулж өвгөн ганц цент ч авахгүй байж магадгүй гэсэн эргэлзээ байгаа тухай яриа эхлүүлж.
Үүний хариуд Жоэл Масиас өөрийгөө шударга хүн гэдгийг батлахын тулд мөнгийг Санчес өвөөгийн гэр бүлийн данс руу шилжүүлсэн гэдгээ батлан баримтжуулжээ. Дараа нь, Санчесийн хамт зогсч байгаа зургаа “Facebook” дээрээ байршуулсан байна.
“Дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэдэг үг зүгээр нэг гараагүй гэдгийг харуулсан энэ аяныг “Facebook”-ийн хэрэглэгчид орон орны олон арван мянган хүн үзэж сайшаасан байна.
Манайд ч гэсэн ийм аян өрнөж хүүхэд, ахмадуудад тусалдаг сайхан жишээ бий.