Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“С.Зоригийн хэрэг С.Зоригийнх биш болжээ”

Б.БИЛГҮҮН

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийг Тагнуулын Ерөн­хий газраас ардчилсан хувьс­галын хөдөлгөөний удир­дагчдын нэг, улстөрч С.Зориг агсны аллагын хэрэгт яллагдагчаар татаад байна. Э.Бат-Үүл 2000 онд энэ асуудлаар цагдаагийн бай­гуул­лагад шалгагдаж байсан юм. Тэрээр дахин өөрийг нь шалгах болсныг ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хийгдэж байгаа ажиллагаа хэмээн улс төрийн өнгө аястай тайлбарлаж байгаа юм. Энэ хэрэг нууцын зэрэглэлд багтдаг тул хуулийн байгууллагууд хэргийн талаар ямар нэг мэдээлэл өгөхгүй байгаа билээ.
Харин Э.Бат-Үүл өөрөө шалгагдаж байгаа гэдгээ хэлсний дараа иргэний нийгмийн болоод улстөрч, нийгмийн зүтгэлтнүүд мөн С.Зориг агсны хэргийн талаар байр сууриа илэрхийлж байна. Тэгвэл өчигдөр МоАХ-ны ахмад зүтгэлтнүүд болох Соёлын гавьяат зүтгэлтэн С.Амарсанаа, Гавьяат жүжиг­чин Д.Сосорбарам тэргүү­тэй партизанууд Э.Бат-Үүлийг хэлмэгдүүлж байна хэмээн олон нийтэд хандлаа. Тэд “Ард­чилсан хувьсгалын анх­дагч зүтгэлтнүүд бид Э.Бат-Үүлийг гэмт хэрэгт хилсээр холбог­дуулан хэлмэгдүүлэх гэсэн ажиллагааг нэн даруй зогсоохыг шаардаж байна” гэсэн юм.
 
Д.Сосорбарам: Ерөнхийлөгчид хатуу шаардлага хүргүүлнэ

Хүмүүсийг гүтгээд, баривчлаад, судлаад л амь бие, сэтгэлгүйгээр нь дарлаж байна. Энэ бол аль үеэ өнгөрөөсөн Сталинч арга  манай улсад амь бөхтэй оршиж байгаа юм байна гэж эмзэгнэж байна. Бидний амьдарч буй орчин нийгмийн царай зүс нь коммунист нөлөө, социалист схем, фашист хяналттай, ийм л гурвалжин дунд бид амьдарч байгаа юм байна. Хүний эрх ардчиллын дархлаа бүрэлдээгүй юм байна. Үүний төлөө явсан хүнийг гүтгэж, хэрэг ял тулгадаг араншин амь бөхтэй оршиж байна. Анзаараад байхад коммунистууд төрийн толгойд гарахаараа үүнийгээ хийдэг болж. 2000 онд хийж байсан. Энэ жил ч бас хийж байна. Тиймээс үүнийг таслан зогсоох болчихож.
Хууль нь хуучин КГБ (хуучин социалист Оросын Улсыг аюулаас хамгаалах хороо)-ны аргаар, ямар ч гэм зэмгүй хүнийг аваачиж хорьчихоод, гүтгэж, нэр төрийг нь гутаачихаад, тулгаж ял хүлээлгэдэг. Үүнээс болж үе удмаараа хохирдог. Үүнтэй би лав хэзээ ч эвлэрэхгүй. Би дарангуйллын эсрэг байгаа. Энэ дарангуйллын нийгэм тогтчихсон байна. Тийм учраас ардчиллыг дэмждэг, өөрийнхөө эрх ашгийг дээдэлдэг хүн бүхэн өөртөө үнэ цэнэ өгч үнэний төлөө яваач ээ, гэж хэлмээр байна. Би хэдэн зуун сая хүний өмнөөс ч үнэний төлөө цор ганцаараа зогсоход бэлэн байна. Энэ хуулийн байгууллагууд намын даалгавраар ажиллаж ирсэн жишгийнхээ дагуу хүмүүсийг хэлмэгдүүлж эхэллээ. Нэг засаг солигдоход цагдаагийн дарга солигдож, хэн нэгний гар хөлөөр ажиллаж байгааг амьдрал харуулж байна. Үүнийг арилгах хэрэгтэй.
Тиймээс одоо бид дуугарах цаг нь болсон. С.Зоригийн аллагын цаана хамтдаа зүтгэж явсан нөхрийг тэр хэрэгтэй хутгаж хаяад өөрсдөө ялалт байгуулсан. Үүний цаана бол гудманд яваа хүмүүс, энд цугласан бүгдийн эрх рүү шагайж байгаа буу гэж харж байна. Тиймээс дуртай нэгнээр нь олон нийт рүү буу шагайлгахгүй. Өнөөдрийн өнгөн дээр ардчилсан, хүмүүнлэг энэрэн­гүй үзлийг дээдэлдэг хүн сууж байгаа. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч бол бидэнтэй хамтдаа тэмцэж явсан, одоо ч энэ үйл хэрэгт ойр дөт байгаа хүн. Түүнийг бидний ардчиллын хүн гэхээсээ илүү Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүнийх нь хувьд Ц.Элбэгдоржид хатуу шаардлага хүргүүлнэ.

МоАХ-ны гишүүн С.Батчулуун: Өс хонзон байгаагүйг бид гэрчилнэ

С.Зоригийг хэрэг С.Зоригийнх биш боллоо. Уг нь бид энэ хэрэг илэрнэ гэж их горьдсон. Түүний араас харуусч, гомдож илрээсэй гэж 20 жил хүлээлээ. Гэтэл одоо энэ хэрэг, С.Зориг гол биш болчихлоо. Улс төрийн хамгийн хар хорлонтой үйлс хийдэг ийм зүйл болчихлоо. Одоо С.Зориг нь чухал биш болоод, энэ хэргээр хэнийг алах нь чухал болчихож. Тэр хүн ийм зүйлийн эсрэг байсныхаа төлөө хөнөөгдсөн. Хамгийн чухал зүйл хамгийн сүүлийнх болчихоод байна. Харин энэ сэдвээр хэн төрийн эрх мэдэл давамгайлна, нөгөөхөөсөө өшөө авдаг, үнс нурам болгох гэж оролддог зүйл болчихлоо.  Бид С.Зоригийн нөхдүүд учраас, ардчиллыг үүсгэн байгуулсан учраас үүнийг бид зөвшөөрөхгүй.
С.Зориг, Э.Бат-Үүл хоёр таарахгүй, бие биенийгээ үзэн яддаг байсан бол бидэнд ч юм бодогдоно. Гэвч, энэ хоёр хүнтэй найман жил хамтдаа ажиллахдаа эх орны төлөө санал зөрөлдөж байснаас хувийн өс хонзон байгаагүйг бид гэрчилнэ. Одоо энэ бүх бусармаг хэргийг таслан зогсоох цаг болсон. С.Зоригийн хэргээр хэнийг хэрхэн, намнах вэ, эргээд тэрний оронд би хэрхэн очих вэ, гэдэг зүйл л явагдаж байна. МоАХ бүх асуудлаар санал бодлоо илэрхийлээд байдаггүй. Гэвч, одоо бид үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан