Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батцэцэг: Ээжийн хийсэн хоол ямар ч амин дэмээс илүү

Харшил өгөхүйц хоол хүнс хэрэглэхгүй байх, өдөр тутмын хооллолтдоо хэрхэн анхаарах талаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн чанарын албаны дарга Д.Батцэцэгээс тодрууллаа.

-Сүүлийн жилүүдэд харшил гэгч өвчин газар аваад байна. Тэр тусмаа хоол хүнсний харшил. Энэ тухайд?
-Харшлын өвчин гэхээр иргэд нэг утгаар л ойлгодог. Харшил гэдэг дотроо олон шалтгаан төрөлтэй байдаг. Тухайлбал, хоол хүнсний, ургамлын, эмийн, химийн  гэх мэт. Ургамлын гаралтай харшил улирлын чанартай байдаг. Иргэд эмийн, химийн харшилд ач холбогдол өгдөг хэрнээ хоол хүнсний харшлыг тоодоггүй. Үүний нэг илрэл нь халуун ногоо, шарсан хуурсан хоолноос харшиж байна гэдгээ мэдсэн ч солонгос, хятад хоолонд бусдыг дагаар орчихдог. Үнэндээ нэг хоёр эм ууж, тос түрхээд өнөө маргаашаа аргацааж байгаа ч хожмын өдөр таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэдгийг  мэддэггүй. Энэ даамжраад хоол боловсруулах эрхтний  тогтолцоо ялангуяа ходоодыг өвчлүүлдэг.

-Тэгэхээр иргэд хоолны харшил гэдгийг өвчин гэж үздэггүй гэсэн үг үү?
-Тийм ээ. Харшил, харшлын гаралтай өвчнүүд арван жилийн өмнө ийм их дэлгэрч байсангүй. Сүүлийн арван жилд нийгмийг хамарсан харшил гарч ирэх болсон.  Үүн дотроо эм болон хүнсний харшил ихэд анхаарал татаж байна. Өвчин гэдэг хоёр талтай. Тэр тусмаа хүнсний гаралтай өвчнийг иргэд өөрсдөө бий болгодог. Сүүлийн үед монгол хүний эрүүл зөв хооллолтын дэглэм алдагдсан. Бүгд л бэлэн, нөөшилсэн хүнс, ундаа жүүс хэрэглэдэг болсон. Ээжийн, гэрийн хоол гэдэг зүйл алга болоод байна. Гэртээ хоол хийдэг айл цөөрч болж өгвөл гадуур хооллох болж. Уг нь, ээжийн хийсэн гэрийн  хоол ямар ч амин дэмээс илүү. Манай эмнэлгээр үйлчлүүлэх иргэдийн тоо жил ирэх бүр нэмэгдсээр байгаа нь үүнийг гэрчилнэ. Амбультороор жилдээ 70-80 мянган хүн үйлчлүүлдэг. Хэвтэн эмчлүүлэх тасаг 170 ортой. Гэтэл жилд 5500 хүн хэвтэн эмчлүүлж байгаа нь хоолонд ач холбогдол өгөхгүй байгаагийн л илэрхийлэл.

-Энэ өвчлөлд өртөхгүйн тулд хэрхэн анхаарах ёстой юм бэ?
-0-17 насны хүүхдүүдийн хоолны дэглэм алдагдаж, бага насны хүүхэд хүртэл ходоодны хелико бактеритай болсон байна. Хоолыг баяжуулж амт оруулж байна гээд төрөл бүрийн амтлагч хольдог. Шингэн юм бага ууж байна. Уух зүйл нь дандаа кола, жүүс. Энэ нь цөсийг өтгөрүүлдэг. Ингээд ирэхээр хоол боловсруулах эрхтний эрүүл байдал алдагддаг. Дархлаа суларна. Өвчинд өртөмхий болдог. Хүн эрүүл зөв хооллож  байж эрүүл амьдарна. Эрүүл хоол хүнсний дэглэм алдагдсанаар энэ төрөл бүрийн харшил, өвчин үүсээд байна.  Мөн иргэд өөрсдийн эрүүл мэнддээ хайхрамжгүй ханддаг. Өвдсөн юм чинь эм уугаад тос түрхээд зүгээр болно гэсэн ойлголт байдаг. Энэ бол буруу зуршил. Тэр тусмаа харшлын гаралтай арьсны өвчнийг заавал эмчийн хяналт дор зөвлөгөөний дагуу эмчилдэг. Эмч нар маань бүгд л энэ тухай ухуулан ярьдаг ч иргэд харшилдаг хоолоо идчихсэн, тууралт гарчихлаа, нөгөө тосыг чинь түрхээд зүгээр болдоггүй гээд эмнэлгийн хаалга ахин дахин тогшдог тал бий.

-Сүүлийн үед хүүхдүүд чипс идэх нь эрс нэмэгдэж. Гэтэл энэ чипс нь харшил төрүүлэхүйц хоолонд орсон байна. Эцэг, эхчүүдэд бага насны хүүхдийнхээ хоолонд хэрхэн анхаарах ёстой вэ?
-Эцэг, эхчүүд хүүхэддээ лаазалсан пакеталсан хүнс авч өгөх нь их байна. Уг нь, эрүүл цэвэр шинэ хүнсээр хооллох ёстой. Үүнийг мэддэг хэрнээ л тоодоггүй. Ой хүртэлх насны хүүхдэд дандаа жүүс, пакеталсан тараг, жимс, бүр кола  өгч хордсон гэсэн оноштой ирдэг. Сайн гээд сурталчилгаа явуулаад байгаа хүнс бүхэн таны хүүхдийн эрүүл мэндэд тустай биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Наанадаж хэрхэн хадгалсан, ямар замаар тээвэрлэж ирсэн бэ гэдгийг хар. Эцэг, эхчүүд бид л хүүхдийнхээ эрүүл мэндийг аварч үлдэнэ. Энэ бол бидний нэг номерын үүрэг. Дээхнэ үед манай улс нэг нас хүртэлх хүүхдийн сүүг сүү тэжээлийн үйлдвэрээс, мөн таргийг өөр үйлдвэрт  үйлдвэрлээд шинээр нь худалдаалдаг байсан. Одоо хүүхэддээ шинэ гэхээс илүү бэлэн хоол, нөө­шилсөн бүтээгдэхүүн их өгч байна. Хүүхдээ багаас нь зөв зохистой хооллохгүй бол аюул үүдэнд чинь отож байна шүү.

-Одоогийн байдлаар эмнэлгийн ачаалал хэр байна вэ. Оргил үе нь хэдийгээр байдаг юм бэ?
-Арьс харшлын өвчин халдварт биш ч олныг хамрах болсон. Үүнтэй холбогдуулан бид нэг болон хоёрдугаар шатлалын эмнэлгийн эмч нарт сургалт явуулж иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэж байгаа. Манайх улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг болохоор ачаалал их. Улирлын чанартай харшлын дэгдэлтийн үед бүр нэмэгддэг. Хүнсний гаралтай хордлого харшил баярын дараа дэгддэг.

-Эмч ажилчдын хүрэл­цээ хэр байна вэ. Нэг эмчид хэ­дэн өвчтөн ногдож байна вэ?
-2012 онд гарсан стандартаар манайх нэлээд хэдэн ажилтны дутагдалтай байгаа. Тухайлбал, сувилагч л гэхэд 60 гаруй хэрэгтэй гэсэн судалгаа гарсан. Уг асуудлаа Эрүүл мэндийн яаманд уламжилдаг ч одоогоор эмч ажилчдын тоог стандартад хүргэсэн юм алга. Яамнаас 12 орон тоо нэмнэ гэсэн. Төсөвт мөнгө нь суухаар сувилагч авах байх. Бусад эмнэлэгт бол сувилагч нар эм л уулгаад тариа хийдэг бол  манай сувилагч нар эмч оношилгоо хийсний дараа өвчтөний хаана юу туурсан байна тэр бүгдэд тос түрхэж шаардлагатай бол боолт хийнэ. Иймэрхүү гардан хийх ажил ихтэй болохоор сувилагч нарын ачаалал өндөр.

-Ер нь, вакцин нь али­ваа өвчинд өртөхөөс хам­гаал­­даг. Харшлын хэдэн төр­­­лийн вакцин байдаг юм бэ?
-Ургамлын гаралтай харшлын үед вакцин хийдэг. Вакцин гэдэг угтуулах эм­чилгээ. Энэ бол зөвхөн ургам­лын харшлын үед хийдэг. Хоол хүнс, эмийн харшилд хамаарахгүй. Уг вакциныг дөрөв­­дүгээр сарын  5-наас дол­дугаар сарын 5-ны өдөр хийнэ.

-Эцэг эхчүүд ямар нэгэн эмчилгээг гэртээ дур мэдэн хийх болсон. Хүүхдийнхээ бие дээр тууралт гарвал синафлан, цайрын исэл гэх мэт тос түрхдэг. Энэ мэдээж буруу байх. Энэ талаар?
-Харшил хордлогонд сүү сайн гэсэн ойлголт бий. Иймээс сүү уулгадаг. Гэтэл сүү маань үүнийг улам гүнзрийрүүлдэг. Энэ бол маш буруу. Харин үүний оронд цэвэр ус уулгаад эмчид хандах хэрэгтэй. Тэр синафлан түрхэх нь ч буруу. Энэ нь гармонтой тос. Хүмүүс тос юм чинь хор нөлөө нь бага гэж ойлгодог. Гэтэл тос биед эм шиг үйлчилдэг. Харшлын гаралтай өвчнийг буруу эмчилбэл шарх болж үлдэх магадлалтай.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан