Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

0-17 насныхан хоол хүнснээс үүдсэн харшлын өвчин хамгийн их тусдаг

Б.МЯГМАРЖАВ

Сүүлийн жилүүдэд харшил хэмээх өвчин  өргөн фронтоор монголчуудыг “эзлэх” болж. Хаврын өвс ногооноос харшиж найтаах хүнээс илүүтэйгээр хоол хүнс, ахуйн чанартай элдэв бүтээгдэхүүнээс харшлах хүн элбэг болжээ. Харшил хэмээх өвчнийг үүсгэгч нь бидний идэж буй хоол хүнс болоод байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Тухайлбал, өдөр тутмын хэрэглээ болсон ундаа жүүс кола, бэлэн гоймон, халуун ногоотой хоол нь хүнс биш хор болж харшил үүсгэдэг аж. Харшил нь даамжирч хүний эрхтэн тогтолцоог гэмтээдэг байна. Арьсны өвчин судлалын үндэсний төвөөс 2014 онд амь насанд аюултай гэсэн заалттайгаар эмчилгээ хийлгэсэн иргэдийн дунд судалгаа явуулахад хамгийн их харшил өгдөг хоол хүнсийг 0-17 насныхан хэрэглэдэг нь тодорхой болжээ. Үүнд, 0-5 насны хүүхэд 18,8 хувь, 6-10 нас 17,5 хувь, 11-15 нас 10,8 хувийг эзэлж байсан гэнэ. Ингэхдээ бэлэн гоймон, хятад, солонгос хоол, чипс, төрөл бүрийн самар, жүүс ундаа, алимны нухаш, иогурт харшил үүсгэгч нь болжээ.

Мэдээлэл, технологи хөгжихийн хэрээр бидний  өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг  бүхий л зүйл илүү хялбар болсон. Жишээ нь, бэлэн бүтээгдэхүүний хэрэглээ асар хурдтай нэмэгдэж, өдрийн хоолондоо савласан жүүс, ундаа, пакеталсан бэлэн хоол иддэг болжээ. Гэвч энэ бүхэн нь бидний эрүүл мэндэд заналхийлж буйг тэр бүр мэдэрдэггүй. 

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн эмч нартай уулзаж, энэ талаар илүү нарийн мэдээлэл хүссэн юм. 10:00 цагийн орчим тус эмнэлэгт очиход нэлээд хөл хөдөлгөөнтэй байв. Цахим бүртгэлийн хэсэгт дугаарлах хүн олон. Хамгийн харамсмаар нь дөнгөж эхийн хэвлийгээс мэндлээд долоогоос 14  хонож байгаа нярайгаа тэврээд зогсох ээж нэг биш байх юм. Өөрийгөө С.Бадам хэмээн танилцуулсан бүсгүй “Манай хүүхэд төрөлхийн харшилд өртөмхий юм шиг байна. Долоо хоногийн өмнө бие дээр нь жаахан юм туурахаар нь өрхийн эмнэлэгт үзүүлтэл харшил гээд тос, эм бичиж өгсөн. Түүнээс хойш хоёр гурав хоногийн дараа гайгүй болсон ч өчигдрөөс ахиад туурчихлаа. Би бага зэрэг жүүс уусан. Тэрнээс л болж харшилсан гэнэ. Нэг ингээд харшил өгсөн хүүхэд амархан өөр зүйлээс ч харшлаад байдаг гэсэн. Тэгээд энд үзүүлэх гээд дугаарлаж байгаа нь энэ” гэв.

Мөн өсвөр насны нэгэн охинтой уулзахад “Намайг ходоодны шархтай байна гэсэн. Нүүрээр хар хөх юм туураад, бие дээгүүр улаан толбо гараад хүний царай руу ч эгцэлж харж чадахгүй болчихсон. Эхлээд насны онцлог гээд тоохгүй яваад байсан чинь сүүлдээ ийм болсон. Гэтэл янз бүрийн хоол ислэг ихтэй жимс, бэлэн хоолноос ходооны шарх үүссэн юм билээ. Би өглөө хичээлдээ явахдаа цай унд уулгүй гараад өдөр ганц алим эсвэл бэлэн гоймон,  жүүс ч юм уу уудаг. Гэтэл хүнс хоолоо буруу хэрэглэснээс ходоодны шарх бас харшилтай болсон юм билээ” хэмээн ярив.

Цаг завгүй их хотын хэмнэлд амьдарч байгаа томчууд хүүхдүүдийнхээ ялангуяа өсвөр насны хүүхдээ юу идэж ууж байгаад тэр бүр анхаардаггүй. Халаасанд нь хэдэн төгрөг хийж өгөөд болчихлоо гэж боддог. Тэгвэл ээж аав та хүүхдээсээ өдөр ямар хоол идсэн бэ гэж заавал асууж байгаарай.

Нөгөөтэйгүүр дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд хоол­лол­тыг эмчилгээнээс урь­таж  тавьдаг. Харин бидний хувьд өвдвөл эм уугаад зүгээр болчихно гэсэн хэнэггүй зангаасаа болж эрүүл мэндээ хохирсоор байна. Хоолны харшил, хордлогыг тэр бүр тоодоггүй. Тэгвэл хоол хүнсний харшлаас үүдэж амь алдах эрсдэлтэй гэдгийг мэргэжлийнхэн хэлдэг. Дэлхийн харшлын байгууллагын мэдээлснээр дэлхий дээр 220-250 сая хүн хоол, хүнсний харшилтай байдаг бөгөөд  хөгжилтэй болон хөгжиж буй орнуудад энэ тоо нэмэгдэж, ялангуяа хүүхдүүд голлох хувийг эзэлдэг болсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан