А.АКЭРКЭ
Нийгмийн сайн сайхан, хүмүүнлэг соёлтой орчинг цогцлуулахын төлөө авьяас билэг, оюун ухаанаа дайчлан ажилладаг “Монгол Улсын соёл урлагийн ажилтны баярын өдөр” жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь долоо хоногт тохиодог билээ. Соёл урлагийн ажилтны баяр нь урлагийн байгууллагын уран бүтээлчид төдийгүй урлагт хайртай хүн бүрийн баяр юм. Манай улсад соёл урлагийн байгууллагын ажилтны өдрийг 1993 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлэх болсноос хойш өдгөө 23 дахь жилтэйгээ золгож буй нь энэ. Эх орныхоо урлаг соёлыг тасралтгүй хөгжүүлэн, хойч үедээ уламжлан үлдээж өвлүүлэх, үзэгч олон түмэндээ шинэ уран бүтээлийг өргөн барихын төлөө цаг ямагт хичээнгүйлэн зүтгэж байдаг нийт уран бүтээлчид, урлаг соёлын байгууллагын ажилтны нөр их хөдөлмөрийг хүндэтгэх нь зүйн хэрэг. Тиймдээ ч БСШУСЯ удирдан, соёл урлагийн байгууллагууд хамтран жил бүрийн баярын өдрийнхөө арга хэмжээний хөтөлбөрийг боловсруулдаг уламжлалтай. Яамнаас гаргасан удирдамжийн дагуу байгууллага бүр нийгэм рүү чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулах зорилго тавьдаг. Соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэж ирсэн уламжлалын дагуу энэ жил тус өдөрлөгийн нэгдсэн арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын Үндэсний музей, Улаанбаатар хот дахь музейнүүд хариуцан ажиллаж байна. Тэд хамтран спортын бага наадам, нийгэм, хүмүүнлэгийн ажил, “Эрүүл агаар, эрч хүч” гэсэн гурван үндсэн чиглэлээр арга хэмжээ зохион байгуулж буй. Эдгээр өдрүүдэд болж өнгөрсөн арга хэмжээнүүдийг нь тоймлон хүргэе.
Спортлог урлагийнхан
Баярын өдрөө угтаж зохион байгуулсан спортын наадам нь амжилттай болж өндөрлөсөн. Урлаг, соёлын байгууллагуудын дунд шатар, сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж шилдгийн шилдгүүдээ шалгаруулахад эрэгтэй шатрын төрөлд Б.Цэцэнбаатар /Театрын музей/ алтан медаль, С.Болдбаатар /Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордон/ мөнгөн медаль хүртсэн. Харин эмэгтэй шатрын төрөлд, С.Адъяа-Ням /Монголын Хүүхдийн номын ордон/ алтан медаль, Ш.Жаргал /Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр/ мөнгөн медаль хүртэж шилдгээр шалгарсан. Бусад төрөлд аль байгууллагууд тэргүүлснийг сонирхуулъя.
Эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд:
1. Алтан медаль-Монголын Урчуудын Эвлэлийн Хороо
2. Мөнгөн медаль- Улсын Драмын Эрдмийн Театр
3. Хүрэл медаль- Соёл Урлагийн Их Сургууль
Эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд:
1. Алтан медаль- Улсын Драмын Эрдмийн Театр
2. Мөнгөн медаль- Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордон
3. Хүрэл медаль- Монголын Үндэсний Музейн багын тамирчид тус тус хүртэв.
Гар бөмбөгийн тэмцээнд нийт 21 баг оролцжээ.
1. Алтан медаль- Соёл Урлагийн Их Сургууль
2. Мөнгөн медаль- МУИС-ийн Номын сан
3. Хүрэл медаль- Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Тэмцээн уралдаанд урлаг, соёлын байгууллагууд ийнхүү идэвхтэй оролцож, багууд маш өрсөлдөөнтэй тоглолтууд үзүүлсэн юм.
Хүмүүнлэгийн ажлаа хүүхдүүд рүү чиглүүлэв
Соёл, урлагийн байгууллагууд энэ жил хүмүүнлэгийн ажлаа хүүхдүүд рүү чиглүүлж хийв. Цэргийн Дуу бүжгийн эрдмийн чуулга гэхэд л “Монгол Улсын соёл урлагийн ажилтны өдөр”-ийг угтан өөрсдийн ажил мэргэжлээ сурталчилсан сайн дурын ажлаа “СОС” хүүхдийн хотхонд амжилттай зохион байгуулжээ. Тус чуулгын Үндэсний найрал хөгжмийн албаныхан тайлбарт концертоо хүүхэд багачуудад толилуулснаас гадна “АХА” асуулт хариултын тэмцээн зохион явуулж шалгарсан хүүхдүүдэд гарын бэлэг гардуулсан байна. Тоглолтын дараа “СОС” хүүхдийн хотхоны авьяаслаг хүүхдүүд баярласнаа илэрхийлэн өөрсдийн бяцхан тоглолтоор бэлэг барьжээ. Энэ жил хамгийн их хүмүүнлэгийн ажил зохион байгуулсан нь УДЭТ-ын хамт олон. Тэд нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн ажлынхаа хүрээнд Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран “Налайх” дүүргийн ЕБС-ийн 1000 хүүхдэд Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн Соёрхолт Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийг зориулан тогложээ. Мөн “Өнөр бүл” төвийн хүүхдүүдтэй уулзалт хийж, тэдэнд сэтгэлийн бэлэг барьсан байна. Харин УДБЭТ-ын хамт олон дэлхийн сонгодог болон Монголын шилдэг бүтээлүүдээс бүрдсэн “Сонгодог концерт”-ыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан тоглов. Нийгмийн эмзэг бүлгийнхэнд урам зориг өгөх, тэднийг нийгэмшихэд нь туслах зорилготой тоглолт тэдэнд таалагдсан нь гарцаагүй. Учир нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг УДБЭТ-аар ямар нэгэн асуудалгүй үйлчлүүлэх боломжийг нээж өгөх зорилгоор АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Тэргэнцэртэй иргэдийн газрын зураг” төслийн хүрээнд, УДБЭТ, “Би Чадна эм эн нэгдэл” төрийн байгууллагатай хамтран театрын гадна хэсэгт тэргэнцэртэй иргэдэд зориулсан тусгай шат, мөн театрын үзэгчдийн ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэхэд зориулсан тусгай бариул зэргийг хийж өгсөн нь хамгийн талархууштай ажлын нэг болж чадсан билээ.
Баярын арга хэмжээний сүүлийн шат маргааш Чингисийн хүрээ цогцолборт “Эрүүл агаар, эрч хүч” уриан дор үргэлжилнэ. Урлагийн байгууллагын ажилтнууд маань Үндэсний сурын харваа, хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдаан, асуулт хариултын “АХА”, сээр цохих тэмцээнд оролцож, оюун ухаан, хурд хүчээ со рих юм. Ард түмэндээ соёл, урлагийг түгээн дэлгэрүүлэн, урлан бүтээж, дэлхийн жишигт хүргэн хөгжүүлж яваа уран бүтээлчдийг маань урлагийн бурхан Янжинлхам үргэлж ивээх болтугай.