Уул уурхайн салбарт тулгамдсан олон асуудал бий. Эдгээр асуудлаас онцлон зөвхөн нүүрсний экспортын үнийн талаар “Монгол нүүрс ассоциаци”-ийн захирал Т.Нарантай ярилцлаа.
-Анхнаасаа бодлогогүй, эмх замбараагүй, урсгалаараа явсан нүүрсний экспортын цуваа цэгцгүй хэвээрээ үргэлжилсээр. Хаанаас нь эхэлбэл жаахан ч гэсэн цэгцрэх бол?
-Нүүрсний экспорттой холбоотой муу болгоныг зөвхөн компаниуд руу чихдэг. Нүүрсний хайгуул хийж, нөөцийг нь тогтоон бүтээн байгуулалт хийж буй хувийн компаниуд Монголын ард түмний л нэг хэсэг. Эрх баригч, улстөрчид хүнлэг бус, явуургүй сурталчилгаа байнга хийдэг. Өвөл зунгүй, өглөө үдэшгүй хөдөлмөрлөж бизнесээ явуулж байгаа хүмүүсийн амьдрал сайжрах нь зөв биз дээ. Тэд ямар 21 мянган төгрөг хүлээгээд хэвтэж байгаа хүмүүс биш. Хөрөнгө оруулалт олж үйлдвэрлэлээ явуулан ажлын байр бий болгон жилдээ хэдэн зуун тэрбум төгрөгийн татвар төлж буй тэр хүмүүсийг дайсан мэт ярьцгаах юм. Ард түмэнд мөнгө төгрөг нь наалдахгүй, байгаль орчин нь сүйрсэн, нүүрсний үнэ хэт доогуур байгаад зөвхөн хувийн компаниуд л буруутай юм шиг сурталчилгааг төр засаг, улстөрчид хийгээд байна.
-Тэгээд хэний буруу юм бэ?
-Нүүрсний экспортоос олж байгаа орлого ард иргэдэд очихгүй байгаа нь төр засгийн буруу. Төр засгийн буруу шийдвэр, хуулиа шинэчлэн гаргадаггүй, анхаарал хандуулдаггүйтэй шууд холбоотой. Монголын нүүрс хямдхан үнэлэгдэж, дэлхийн зах зээлд гарч чадахгүй нь эрх баригчдын олхиогүй, хариуцлагагүйтэй холбоотой. Манай ассоциаци Тяньжиний нүүрсний боомтод олон удаа очиж уулзаж нөхцөл байдлыг нь судалсан. Монголын нүүрсийг яавал далайн боомтод гаргаж, олон улсын зах зээлд хүргэх вэ гэж эрэлхийлэхээс өөрөөр юу хийж чадах юм бэ. Бид ямар Засгийн газар биш дээ. Бидэнд ямар ч эрх мэдэл, төсөв хөрөнгө алга. Ямар тэдэнтэй адил таван одтой буудлын мөнгө халааслаад гадаадад аялдаг улс биш. Гэтэл төр засаг жаахан л ажиллавал Монголын нүүрсийг олон улсын зах зээл дээр гаргах боломжтой.
-Хятадын нутаг дэвсгэр дээрх нүүрс тээвэрлэлтийг шийдчихвэл гэж үү?
-Тийм ээ. Монголын нүүрсийг ачаад Хятадын нутагт 1000 км хүрэхгүй газар транзит тээвэр хийгээд Тяньжинд хүргэхэд л болж байгаа байхгүй юу. Гэтэл өнөөдөр Гадаад харилцааны яам юу ярьж байна гээч. Энэ асуудлыг ганц метр урагшлуулж чадаагүй байж дотоодын нүүрсний компаниудад экспортын татвар тавих хуулийн төсөл санаачлаад гүйж яваа.
-ОХУ-ын “Роснефьт” манайд нийлүүлдэг нефтийн бүтээгдэхүүнээсээ экспортын татвар авдаг шүү дээ. Үнэ өссөн шалтгааныг импортын гэхээсээ экспортын татвартай холбоотой гэж тайлбарладаг?
-Манай улсад хувиараа бизнес эрхэлж буй компаниудаас татвар нэхдэг байгууллагууд хангалттай олон. Гадаад харилцааны яам зүгээр л Хятадын Засгийн газартай тохиролцож Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг яаж Тяньжиний боомтод хүргэх вэ гэдгийг хөөцөлдөх ёстой. Яагаад Тяньжин гээд байгаа вэ гэвэл Хятад, Монголын Засгийн газар хоорондын албан ёсны гэрээ байгуулсан ганц боомт нь. Бид тэр боомтод хүрч чадахгүй байж юун далайд гарцтай улс орон бэ. Хувийн компаниас хөрөнгийг нь гаргаад Гашуун сухайтын боомтыг найман эгнээтэй болгосон. Гаалийн ерөнхий газрын дарга Цэвээнжав гаальчдынхаа зовлонг мэддэг юм болохоор энэ тал дээр сайн ажилласан. Гэтэл Цэвээнжав дарга “хууль зөрчиж боомт өргөтгөсөн гээд намайг шоронд хийх нь ээ” гээд явж байна лээ.
-Манай Засгийн газар эл тээвэрлэлтийг шийдэхийн тулд яагаад яаравчилдаггүй юм бол. Эсвэл хувийн ашиг сонирхлын зөрчил яваад байна уу?
-Мэдэхгүй. Бидний судласнаар хамгийн амархан хийчих зүйл. Засгийн газар үүнийг хийх боломжтой. Засгийн газар гэрээ хийнэ үү гэхээс хувийн компаниуд бол юу ч хийж чадахгүй. Үүнээс шалтгаалаад компаниуд цааш гаргаж чадахгүй болохоор дөнгөж хил дээр нүүрсээ хямдхан худалддаг.
-Гэтэл худалдан авагч нар нь эцсийн хэрэглэгчид биш зүгээр л ченжүүд?
-Тэгнэ шүү дээ. Хятадууд малчдын хотонд очиж ноолуурыг нь хямдхан аваад байгаатай л адилхан. Уурхай дээрээс нь ирээд авчихаж байгаа юм чинь яаж үнэд хүрэх юм. Гэтэл өнөөх ченжүүд нь цаашаа дэлхийн зах зээлийн үнээр борлуулаад л. Төр засаг ингэж ажиллавал уул уурхай хөгжихгүй, иргэдэд юу ч наалдахгүй.
-Эцсийн хэрэглэгч болох эрчим хүч, төмрийн үйлдвэртэй байгуулах гэрээ хэлэлцээрийг нь бас л Засгийн газар хийх ёстой мэт?
-Хятадад худалдан авагч зөндөө бий. Хятадын өмнө зүгийн металлургийн коксжих нүүрс хэрэглэдэг төмөрлөгийн үйлдвэрүүд дэлхийн зах зээлийн үнээр нүүрс авъя гэдэг. Мэдээж, тэд чинь нүүрсний ченжүүд шиг манай хил дээрээс ирж авахгүй. Та нар яагаад нүүрсээ тээвэрлэн энд аваад ирж чаддаггүй юм бэ. Яагаад, Монголдоо хямдхан зардаг юм бэ гээд л асуухад хэлэх үг олддоггүй юм.
-Манай төр засаг хамгийн муу менежер гэлтэй нь биш?
-Тийм шүү ээ. Улстөрчид манайх уул, уурхайгаар дэлхийд гайхагдаж байна гээд л томорцгоодог. Гэтэл бодит байдал дээр эсрэгээрээ. Хятадын маш том гангийн үйлдвэрүүдээр очиж танилцахад манай “Таван толгой”-гоос очсон коксжих нүүрс хэрэглэдэг юм билээ. Харамсалтай нь, гангийн үйлдвэрийн удирдлагууд нь өнөөх бидний гайхуулдаг “Таван толгой” гэж орд байдгийг ч мэддэггүй юм билээ.
-Худлаа байлгүй дээ?
-Үнэмшихгүй байх чинь аргагүй. Хил дээрээс ченжүүд худалдан авчихаад Монголын нүүрс гэж цаашаа зарахгүй шүү дээ. Нүүрсээ ангилаад ӨвөрМонголын уурхайн нүүрстэй холиод л зардаг. Тяньжиний боомт хүртэл Монголын нүүрс зөндөө тааралддаг хэдий ч дандаа Өвөрмонголынх гэж хэлдэг. Бид өөрсдийн хаягаар нийлүүлэхгүй юм чинь хятад ченжүүд Монголынх гэхгүй нь ойлгомжтой.
-Хятад ченжүүд тэгвэл Монголын нүүрсний салбарт дураараа тоглолт хийгээд сурчихаж дээ?
-Тэгэлгүй яах юм. Засгийн газар Хятад улстай нутаг дэвсгэрт нь уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй, арга хэмжээ ч аваагүй. Энэ том зайг ашиглаж Хятадын худалдан авагч Монголын талын нийлүүлэгч нар тоглолт хийж байна. “Винсвэй”, “Чинхау”-гаас эхлүүлээд. Гэхдээ эдгээр том компани өөрсдөө тоглодоггүй. Зөвхөн тэдний нэрэн дор манайхны хэлдгээр доншуул наймаачид мөнгө олдог. Монгол Улсыг нүүрс экспортолж эхлэхээс өмнө “Винсвэй” гэж компани байдгийг сонссон уу.
-Үгүй..?
-Монгол нүүрс экспортолж эхлэхэд хэдэн залуус энэ компанитай нүүрс наймаалцснаар “Винсвэй” томорсон. Одоо Хонконгийн хөрөнгийн бирж дээр томорчихсон АНУ-ын “Пийбоди”-гийн нэрийн дор Монголд тоглолт хийж байна. Төр засаг алсыг хардаггүй, бизнес эдийн засгийн менежмент байхгүй, маркетинг явуулдаггүй атлаа хоосон улс төрждөгийн хар гай. Гэтэл хэдхэн сэргэлэн залуу үүнд нь тоглолт хийгээд хэдэн тэрбум ам.доллар олсоор. Гэтэл манайхан Хятадын төрийн бодлогыг дийлэхгүй байна гэдэг. Бодит байдал энэ.
-Ашигт малтмалын газраас “Хятадын худалдааны яам, орон нутгийн засаг захиргаанаас нь Монголын нүүрсний үнийг өсгөхгүйн тулд аль болох цөөн компаниудаар худалдаа хийлгэх бодлого барьдаг” гээд байгаа. Гэтэл юун Худалдааны яам. Ченжүүдтэйгээ л зууралддаг юм шив дээ?
-Хятадын төрийн бодлого энэ тэр гээд л албан тушаалтнууд ярих юм. Үүнийгээ үнэн гэдгийг нь батлах хэрэгтэй шүү дээ. Албан ёсны эх сурвалжууд ингэж худлаа хардаж болохгүй. Хятадын талаас манайх ийм бодлого баримтлаагүй гээд заргалдвал яах юм. Үнэн, худлаа эсэхийг би ч мэдэхгүй, баталж чадах ч үгүй.
-Манай улсын нүүрс экспортлогч компаниудын өрсөлдөөн нүүрсний үнийг унагаадаг гэж албаныхан харддаг. Жишээ нь, “Энержи ресурс” тн нүүрсээ 70 ам.доллар, “Эрдэнэс Таван толгой” 94, жижиг “Таван толгой” 33, “Саусгоби сэндс” 40 ам.доллараар борлуулж байсан удаатай?
-Дотооддоо яасан гэж юуны төлөө өрсөлдөх юм. Хоорондоо өрсөлдөж үнээ унагаах ямар шаардлага байгаа юм. Хэн ч гэсэн юмаа аль болох өндөр үнээр борлуулахыг хүснэ биз дээ.
-Тэгвэл компаниудын үнэ яагаад ийм харилцан адилгүй байна вэ?
-Нэгдүгээрт, компаниудын өөрсдийнх нь зах зээлд уралдаж ажиллаж байгаа ур чадвар. Бизнесийн гол хүчин зүйл нь менежмент, маркетинг. Хэн сайн судалгаа хийж, маркетинг явуулна үүнээс бүх зүйл шалтгаална. Хоёрдугаарт, мэдээж нүүрсний чанар. Гуравдугаарт, аль ордоос нийлүүлж байгаагаас шалтгаалж тээврийн болон бусад зардлыг тооцож үзэхээр янз бүр гардаг. Үүнээс өөр шалтгаан байхгүй.
-Та ч хувийн хэвшлийнхэнд хир халдаахгүй хүн юм аа?
-Тэгэхгүй яах юм. Төр хувийн хэвшлийг дэмжинэ гээд л байдаг. Дэмжсэн нь хаана байна. Цаадуул чинь зөвхөн банкнаас хүү багатай зээл олгохоо л хувийн хэвшлийг дэмжиж байна гэж боддог. Энэ чинь аль 1990 оны бодлого шүү дээ. Монголын ганц саалийн үнээ “Эрдэнэт” үйлдвэр гээд л төр засаг тасралтгүй сурталчилгаа хийж ирсэн. Гэтэл “Эрдэнэт” төрийн өмчит компани юм чинь бүх зүйл нь ил тод байх ёстой атал нууцлагдмал. Зэсээ хаана, ямар газар, хэдэн төгрөгөөр зараад байгаа нь гэрээ энэ тэр нь одоо ч нууц. Зөвхөн эрх баригч албан тушаалтнууд л мэддэг байх.
-Ашигт малтмалын тухай хуулийг муулах хүн олон. Та ч бас шүүмжлэх л байх?
-Дэлхийн хаана ч байхгүй, нэг тэнэг хуулийн заалт Ашигт малтмалын тухай хуульд бий. Юу гэхээр “Уул уурхайн олборлосон бүтээгдэхүүнийг зөвхөн тухайн лиценз эзэмшигч нь борлуулах эрхтэй” гэсэн заалт. Газрын дор буй баялгийг олборлох техник технологи эзэмшсэн хүн хэзээ ч наймаачин байдаггүй.
Гэтэл Япон, Солонгост үйлдвэрлэгч нь тусдаа. Борлуулагч нь гэхэд олон улсын зах зээлд асар өндөр төвшинд хөгжсөн компани байх жишээтэй. Би олон улсын худалдаагаар мэргэшсэн мундаг менежер байлаа гэж бодъё. Гэтэл лиценз эзэмшдэггүйгээс би наймаа хийх хориотой байхгүй юу. Наад захын ийм хуулийн заалтаа янзалчих л хэрэгтэй.
-Зэсийн үнийн савалгаанд манай улсын төсөв ганхдаг байсан бол одоо айх зүйлгүй болсон. Цаашдаа, нүүрсний үнэ хэр хэлбэлзэх прогнозтой байгаа вэ?
-Хятад дахь эрэлт хэрэгцээ буурснаас нүүрсний үнэ буурч буй. Гэхдээ нүүрсний үнэ зэс шиг тийм айхтар савалгаатай биш. 3-5 сар хүртэл гэхэд нүүрсний үнэ 10 орчим хувиар буурсан л даа. Хятадын гангийн үйлдвэрлэлийн хэмжээ буураад, хэрэглээ борлуулалт нь багассан.
Тэгэхээр хэрэглэх түүхий эд нь дагаад буурдаг. Ерөнхийлөгч асан Очирбат гуай гурван жилийн өмнө “Манайх Хятадын хараат боллоо гээд байх юм. Харин ч эсрэгээрээ Хятад манайхаас хараат болох юм биш үү” гэж байсан үнэн л байхгүй юу. Хятадын төмөрлөгийн томоохон үйлдвэрүүд манайхаас хамааралтай болж байгаа. Өнгөрсөн онд Хятадын коксжих нүүрсний импортын 40 орчим хувийг манайхаас авсан. Нүүрсний эрэлт хэрэгцээ их байгаа учраас өрсөлдөөн алга.